Peak.mn
02 сарын 21, 2025
Ирээдүйн ажил, мэргэжлээ сонгох чухал шийдвэртэй нүүр тулж буй өсвөр насныхан буюу дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйдээ бэлдэцгээе” номын зохиогч О.Энхзултай орчин үеийн ажил мэргэжлийн чиг хандлага, ирээдүйн ажлын байрны онцлог, өсч, хөгжих сэтгэлгээний талаар ярилцлаа.
О.Энхзул нь сүүлийн 10-аад жилийн турш тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хийж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүддээ урьтал болгон ажиллаж чанартай боловсрол, тэгш бус байдлыг бууруулах, бүтээмжтэй, чадамжтай байгууллагуудыг хөгжүүлэхэд бодлого, стратеги талаас нь төвлөрч ажиллаж байна.
Энэхүү ярилцлага нь өсвөр насныхан төдийгүй тэдний эцэг эхчүүд, багш нарт ч зөвлөгөө, чиглүүлэг болно гэдэгт итгэж байна.
Өсвөр үеийнхэн ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлэн үү?
Дэлхий ертөнц хурдацтайгаар хөгжиж тэр хэрээрээ ирээдүй өөрчлөгдөж байна. Бидний одоо ашиглаж буй техник технологи ирээдүйд ямар түвшинд хүртэл хөгжихийг бид төсөөлөхөд ч бэрх.
Өнөөдрийн насанд хүрэгчдэд 2030-2050 онд хурдацтай бий болох энэ бүх өөрчлөлт төдийлэн хамаагүй байж болно. Гэтэл өнөөгийн өсвөр үеийнхэн тэр үед хөдөлмөрийн зах зээлд ид зүтгэж байх үе шүү дээ.
Иймээс тодорхойгүй болоод буй ирээдүйд бид үр хүүхдүүдээ цаг алдалгүй бэлдэх учиртай. Тиймээс “Ирээдүйдээ бэлдэцгээе” номыг өсвөр үеийн дүү нартаа болон тэдний багш, эцэг эхчүүдэд зориулж гаргасан. Яагаад томчуудад хэрэгтэй гэж нэг танил маань асуусан. Бид өөрсдөө шаардлагатай мэдлэг мэдээлэлтэй байж л тэдэндээ зөвлөж өрсөлдөх чадвартай шинэ үеэ бэлдэнэ шүү дээ. Ажил мэргэжлийн өөрчлөлт хэдийн өрнөөд эхэлсэн.
Тухайлбал АНУ-ын Хөдөлмөрийн зах зээлийн статистикийн товчооноос (The U.S. Bureau of Labor Statistics) 2019-2029 он хүртэлх хугацаанд кибер аюулгүй байдлын ажлын байрууд 31% өснө гэсэн таамаглал дэвшүүлжээ. Үүнээс үзэхэд дижитал орчинд ажиллах ажил мэргэжлүүд бусад чиглэлийн ажлын байруудын эрэлтийн өсөлтөөс хамаагүй өндөр байгаа юм.
Үлдсэн мэргэжлүүд ч ямар нэгэн байдлаар хиймэл оюун ухаан, мэдээлэл технологи дээр суурилсан ур чадварыг шаардах болжээ. Хүссэн хүсээгүй хүчтэй өрнөж буй энэ их өөрчлөлтөд өртөхгүй ажил мэргэжил гэж бараг үлдэхгүй нь. Тэр хэрээр ойрын арван жилд мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн өрсөлдөх чадвар, тэдний эрэлт хэрэгцээ өндөр байх нь ээ.
Уламжлалт ойлголтоор багш нар болон эцэг эхчүүд илүү амьдралын туршлагатай гэдэг утгаараа хүүхэдтэйгээ биднийг сонсох ёстой гэсэн хандлагаар харьцдаг. Гэтэл тэгж ханддаг үе өнгөрчихсөн.
Хүүхэд эцэг эхийнхээ л үгээр байж, тэдний хүссэн замаар явах ёстой гэдэг хандлагаар биш ирээдүйн хөгжлийн чиг хандлагуудыг ойлгож, нэмээд хүүхдийнхээ юу мэдэрч байгаа, юу хүсэж байгааг маш сайн сонсож ярилцаж, дэмжих хэлбэрээр чиглүүлэх хэрэгтэй. Нэг хүүхдийг өсгөхөд бүхэл тосгон оролцдог гэдэг үг ч байдаг шүү дээ.
Тренд болох ажил мэргэжлүүд
Өсвөр насны хүүхдүүд нийтлэг биш ч эрэлт хэрэгцээтэй ямар ажил, мэргэжлүүд байдаг, бий болж байгааг тэр болгон сайн мэддэггүй.
Тиймээс мэддэг хэдхэн мэргэжил дотроо эргэлдэж, үүнээсээ голдуу сонгодог. Жишээ нь, саяхан танилын маань хүүхэд “Би байгаль орчны инженер болъё гэж боддог ч, ирээдүйд яг юу хийх, хэрхэн ажиллах тухайгаа сайн мэдэхгүй байна” гэх жишээний. Тиймээс л өсвөр насныханд ажил мэргэжлийн талаарх ойлголт, чиглүүлэг маш чухал байна.
Ирээдүйд эрэлттэй байх ажил мэргэжлүүдийг хоёр хувааж авч үзэх хэрэгтэй.
Нэг нь аль болох техник, технологитой ойрхон ажилладаг мэргэжлүүд юм.
Мэдээж хиймэл оюуны хөгжил ирээдүйн ажил мэргэжлүүдэд хүчтэй нөлөө үзүүлэх нь тодорхой. Яагаад гэвэл хиймэл оюун хүний нягт нямбай ажиллагаа шаардсан, дүн шинжилгээ хийх даалгавраар хязгаарлагдахаа хэдийн больж бүтээлч сэтгэлгээ шаардсан ажлын талбаруудад ч хүч үзэж эхэлсэн. Хүнтэй өрсөлдөөд эхэлсэн гэсэн үг.
Дижитал талбар хувьсан өөрчлөгдөхийн хэрээр чадварлаг контент бүтээгчид, дижитал маркетер, сошиал медиа менежерүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр өснө.
Нөгөө талдаа технологи орлож чадахгүй, хүний оюун сэтгэлгээнээс гардаг амьд мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ шаардах, цаашлаад хүн, байгалийн тэнцвэрт оршихуйг цогцлоох ажил мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй байна.
Тухайлбал байгууллагын ажилтнуудын аз жаргалын менежер, тогтвортой аялал жуулчлалын мэргэжилтэн, хүний энергийн менежментийн зөвлөх зэрэг мэргэжлүүдийг дурдаж болно.
Ийнхүү улам бүр сонирхолтой болж буй хөдөлмөрийнг зах зээлд ажиллах өсвөр үеийнхэн маань одооноос төрөл бүрийн ур чадварууд тэр дундаа тодорхой техник, технологийн мэдлэгээ бүтээлч сэтгэлгээтэй хослуулж, тасралтгүй өсч хөгжих нь чухал байна.
Хүүхдийнхээ ирээдүйд хэрхэн бэлдэхээ сайн мэдэхгүй байвал…
Үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдоггүй эцэг эх гэж үгүй. Өсвөр үеийн залуус дүү нартаа зориулж “Ирээдүйд бэлдэцгээе” гарын авлагыг гаргалаа. Хамгийн гол нь хүүхэд өөрөө чиг баримжаатай, ямар ч орчинд дасан зохицчихдог, өөртэйгөө ярилцаад, бусдаас шаардлагатай тусламж дэмжлэгүүдийг аваад зогсолтгүй өөрийгөө хөгжүүлэх тэр урам зориг, сэтгэлгээг бий болгохыг зорьж номоо бичлээ. Хэдий өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хувилбар ч гэлээ хүссэн хэн бүхэн аваад уншихад маш сонирхолтой байх болно.
Номын хувьд хүмүүсийн уншиж дассан номоос ялгаатай нь уншихад маш хялбар, энгийн байдлаар бичигдсэн. Хүүхэд нэг дороо суугаад залхахгүй уншигдахуйц. Ерөнхий санаануудыг маш богинохон өгүүлбэрээр хуваагаад, том том текстээр өгсөн. Учир нь хүмүүс нүдээрээ харснаар илүү хурдан хүлээж авдаг шүү дээ.
Мөн хүүхэд болон эцэг эхчүүдэд зориулсан янз бүрийн аргачлалыг хүснэгтлээд, асуулт байлаа гэхэд асуултад хариулж тэмдэглэл хөтлөх зай үлдээгээд, хэрэглэх, ойлгоход аль болох хялбар байдлаар оруулсан.
Энэхүү номыг өсвөр насны хүүхдүүддээ бэлэг болгон өгвөл үнэ цэнтэй, утга учиртай бэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Захиалаад хүргүүлээд авах боломжтой. Зохиогчийн Enkhzul Orgodol сошиал хаяг юмуу 95252361 дугаарт холбогдож захиалаарай!
Өсвөр насныхандаа “Эцсийн үр дүн бус амьдрал хэмээх их аяллын үйл явцад төвлөрч өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлсийг танин мэдэж, арвин туршлагыг хуримтлуулж баялаг амьдраарай гэж онцоллоо. Эрдэм мэдлэг, ур чадвараар өөрийгөө чимэх үйл хэрэгтээ сониуч, уян хатан, нээлттэй байгаарай. Чиний ирээдүй ямар байхыг чи л итгэл үнэмшлээрээ шийднэ. Энэ ном бол өөрөө өөрийгөө бүтээх адал явдалтай аялалд тань хань болно” гэж захимаар байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.