Нийтэд хүртээмжтэй, тогтвортой өсөлтөд чиглэсэн сургалт, контент, судалгаа, төсөл, хэрэгжүүлэгч Educated Space-ийн санаачлагаар англи хэл дээрх мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 болох гэж байна.

ЕБС-ийн 14-18 насны сурагчдын дунд зохиогдох тус тэмцээн өсвөр насныхны олон улсад өрсөлдөх чадварыг өсгөх зорилготой юм. Мөн амжилттай оролцсон хүүхдүүдэд олон улсын хэмжээний мэтгэлцээний тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох боломжийг бий болгох билээ.

Арга хэлбэрийн хувьд “Дэлхийн сургуулиудын мэтгэлцээний (World Schools Debate)” хэлбэрээр зохиогдох аж. Нийт  32 баг оролцох бөгөөд ирэх сарын 17-18 хооронд болох юм.

Бүртгэл эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын10-ыг хүртэл цахимаар бүртгүүлэх юм.

Бид энэхүү мэтгэлцээний тэмцээнийг шүүгчээр ажиллах “Дэлхийн Ногоон Өсөлтийн Хүрээлэн”-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч П.Аннакатай ярилцаж, тэмцээний талаар тодрууллаа.

-Англи хэл дээрх мэтгэлцээний тэмцээнийг орон даяар зохион байгуулахын ач холбогдол юу вэ?

-Би мэтгэлцээнийг хувь хүний өсөлт, хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг томоохон хүчин зүйл гэж боддог. Мэтгэлцээнээр хичээллэснээр сурагчид өгөгдсөн сэдвийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, ул суурьтай судалгаа хийж сурдаг. 

 Бас түүнийгээ үндэслэл нотолгоотойгоор тайлбарлаж, цэгцтэй сэтгэх урлагт суралцдаг.

Хамгийн гол нь санаагаа ямар ч хүнд энгийн, ойлгомжтой байдлаар ойлгуулах, хэлний чадвараа сайжруулах зэрэг олон давуу талтай.

Энэхүү чухал ур чадварт суралцах, үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх, хамтдаа өсөж дэвжих боломжийг илүү олон хүүхдэд хүргэх болсондоо бид тун талархалтай байна.


-Тэмцээнд ямар сэдвүүдийг илүүтэй онцолж, мэтгэлцэх вэ?

- Сүүлийн жилүүдэд Монгол төдийгүй дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, үр ашиггүй эрчим хүчний хэрэглээ зэрэг тогтвортой хөгжилд сөрөг нөлөөтэй байгаль орчны асуудлуудтай тулгарч байна. 

Тиймээс сурагчид мэтгэлцээнээр дамжуулан эдгээр асуудалд гарц гаргалгаа илэрхийлж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж бүрдэх юм.

Монгол хүүхэд бүр монгол улсын ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахад өөрсдийн дуу хоолой, хувь нэмрийг оруулах боломжтой. 


-Тэмцээнд оролцох хүсэлтэй, англи хэлний түвшиндээ эргэлзэж буй сурагчид бий. Тэдэнд зориулж юуг зөвлөх вэ?

- Би монгол хүүхдүүдийн хэлний чадварыг биширдэг. Тэд маш авьяастай төдийгүй англи хэл суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа нь ажиглагддаг.

Тиймээс сурагчдад хэлний бэрхшээл үүсэхгүй байх гэж итгэж байна. 

Хэрэв өөрийнхөө англи хэлний түвшинд итгэлгүй байгаагаас үүдэн мэтгэлцээнд оролцож, өөрийн санаа бодлыг илэрхийлж чадахгүй үлдвэл дэндүү хайран шүү дээ. Өөрийгөө хөгжүүлж, хэлний мэдлэгээ ахиулах боломж хэзээд бий. Тиймээс зориглоод үзээрэй гэж хэлмээр байна. Сурагчид маань энэхүү мэтгэлцээний тэмцээнийг зөвхөн эхлэлийн цэг гэж ойлгох хэрэгтэй. 

Цаашдаа олон улсад өрсөлдөх, өөрийн дуу хоолойгоо дэлхийд хүргэх боломж үргэлж нээлттэй байх болно.