Хот хоорондын зорчигч тээврийн тасалбарын үнийг нэмэхийг шаардав

Б.Баясгалан
08 сарын 09, 2018

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос 50 орчим аж ахуй нэгжийн 1500 гаруй жолооч нарыг төлөөлөн үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг энэ сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлжээ.

Тус шаардлагад хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оролгүй даруй 10 жил болсон бөгөөд бинзен, түлшний үнэ энэ хугацаанд 2,5-3 дахин нэмэгдсэн тул суудал ашиглалт 50 хувьдаа ч хүрэлгүй, алдагдалтай ажиллаж байгаа талаар дурджээ.

Тэдний гаргасан тооцоогоор жишиг тарифаар 1 хүн.км-т дундажаар 53-63 төгрөг буюу чиглэлээсээ хамаарч 1000-8000 хүртэлх төгрөг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй юм.

Энэхүү шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна хэмээн тус албан шаардлагад 40 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүдийн гарын үсгийг хавсаргажээ.

Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвөөс "Иргэд, зорчигчдод хүндрэл чирэгдэл учруулалгүй, холбогдох дүрэм журмын хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаргаж, хот хоорондын зорчигч тээврийн 86 чиглэл тус бүрийн 1 хүн.км-т тооцогдох өртгийн тооцоо хэрэглэгчийн болон зорчигч эргэлтийн судалгаа болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын зардлын тооцооллыг чиглэл тус бүрээр гарган ажиллаж байна" хэмээн цахим хуудаснаа мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.