Цахилгаан бидний амьдралыг өөрчилсөнтэй адил хиймэл оюун ухаан ойрын 100 жилийг өөрчлөх болно.

Цахилгаан бий болсноор өнгөрсөн зууны ажил, амьдралыг өөрчилж шинэ үе шатанд гаргасантай адил хиймэл оюун ухаан буюу танин мэдэхүйн чадваруудыг машин болгон хувиргадаг шинжлэх ухаан нь нийгмийн амьдралыг дараагийн 100 жилд тогтвортой өөрчлөх бололцоотой болсон. Илүү тав тухтай амьдралыг бий болгох үүднээс гэрийн робот, робот-такси, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг харилцах боломжтой чат буюу чатбот (chatbot) зэрэг олон зүйлд хиймэл оюун ухаан ашиглагдаж байна. Хүний оюун ухаантай дүйцэхүйц хиймэл оюун ухаантай роботыг “Стартап” компаниуд боловсруулж, хөгжүүлж байна. 

Хиймэл оюун ухаан нь бидний өдөр тутмын амьдралд аль хэдийн нэвтрэн оржээ. Жишээ нь: дижитал туслагчид буюу Siri (Apple компаний iOS үйлдлийн системийн дижитал туслагч) болон Alexa (Amazon компаний дижитал туслагч). Эдгээр дижитал туслагчийг ашигласнаар үйлчлүүлэгчид онлайнаар хүссэн зүйлээ хайх, худалдаж авахад илүү дөхөм болсон. 

Боловсролд чиглэсэн технологийн “Coursera” компаний хамтран үүсгэн байгуулагч, “Google тархи нарийн судлах” төслийн санаачлагч,  Стэнфордын их сургуулийн профессор  Эндрю Нг (Andres Ng) нь “Цахиурын хөндий”-д болсон “Хиймэл оюун ухааны хил хязгаар” хурлын үеэр “Хиймэл оюун ухаан нь шинэ үеийн цахилгаан” гэж хэлжээ. “Цахилгаан нь 100 жилийн өмнө ажил, амьдралыг өөрчилсөн. Харин өнөөдөр, хиймэл оюун ухаан нь ямар нэгэн зүйлийг өөрчлөх үе шатанд ирсэн байна”. Хүмүүс хиймэл оюун ухааныг зөвхөн сүүлийн үед хөгжиж байгаа гэж боддог боловч яг үнэндээ бидний амьдралд хэдэн арван жилийн өмнөөс орж ирсэн. Харин өнөө үед дата боловсруулах, тооцоолол хийх боломж өргөжсний улмаас хиймэл оюун ухаан нь илүү ихээр хөгжиж байна.

Хиймэл оюун ухааны ихэнх ололтууд уламжлалт онол буюу Х өгөгдөл Y рүү хөтөлдөг гэсэн үндсэн зарчим дээр суурилсан гэж профессор Эндрю Нг (Andres Ng) дурджээ. Гэхдээ хөгжлийн хоёр томоохон давалгаа гарсан: Эхний давалгаа нь нарийн судлах аргыг ашигладаг. Жишээ нь худалдан авагчийн талаарх мэдээлэл дээр үндэслээд тухайн хүн онлайн зарыг сонирхож үзэх эсэх талаар таамаглал гаргах. Хоёр дахь давалгаа нь тоон өгөгдөл биш харин үг, хэл, яриа, зураг зэрэг өгөгдлийг таних, үнэлэхэд суурилсан байна. Жишээ нь өөрөө явдаг машинд зураг таниулах нь зам дээр явж байгаа бусад машины байршлыг тодорхойлж өгдөг. 

Нарийн судлах аргаар тухайн компьютер нь програмчилсан зүйлийг зүгээр гүйцэтгэхээс илүү үйлдэл хийх боломжтой олон өгөгдлөөс сонголт хийж шаардлагатай үйлдлийг хийдэг. Энэ нь хүний хэл яриаг таних програм бүтээхэд маш чухал алхам болсон хэмээн Microsoft компанийн багийн ахлагч Xuedong Huang хэлжээ. Xuedong Huangба түүний баг 2016 онд хүний хэл яриаг 5.9%-ийн алдаатай таних систем бүтээсэн нь хүний оюун ухаантай ижил буюу түүнээс бага алдаатай хүний хэл яриаг таних боложмийг олгосон. Тэрээр “нарийн судлах аргын ач тусаар бид 20 жилийн дараа хүний оюун ухааны хэмжээнд хүрлээ”  гэжээ. Тэр цагаас хойш түүний баг хэл яриаг таних системийн алдааны хувийг 5.1% хүртэл багасгаж чадсан байна. 

Дижитал туслагчид

2010 оноос эхлэн хүний хэл яриаг таних технологи сайжирч Siri, Alexa зэрэг дижитал туслагчдыг бүтээхэд хүргэсэн. “Одоо бол хүмүүс энэ зүйлийг байдаг байсан мэтээр хүлээн авдаг” гэж профессор Эндрю Нг (Andrew Ng)хэлжээ. Amazon Alexa-ийн захирал Ruhi Sarikaya-ийн хэлснээр “Тун удахгүй ямар нэгэн үйлдэл хийхэд бичих шаардлагагүй болж зөвхөн хэлэхэд хангалттай болно” гэжээ. Энэхүү системийг илүү нарийвчлалд хүргэх гол түлхүүр нь агуулгыг ойлгодог байх юм. Жишээ нь: хэн нэгэн Alexa-аас би оройн хоолонд юу хийх вэ гэж асуухад Alexa тэр хүний хүсэл сонирхлыг харгалзаж хариулах шаардлагатай. Тэр хүн оройн хоол идэх хоолны газар асууж байна уу эсвэл хоолны жор асууж байна уу? Хэрэв хэн нэгэн Alexa-аас “Өлсгөлөн тоглоом”-ыг олоод өг гэж асуувал тэр хүн номыг сонирхож байна уу эсвэл дуутай ном, бичлэгийг хайж байна уу гэдгийг харгалзах шаардлагатай. 

Google компаний судлаач Hakkani-Tur-ын хэлснээр дижитал туслагчдын хөгжлийн дараагийн алхам нь “өөр санаа агуулсан үг өгүүлбэрийн утгыг ойлгох” юм. Жишээ нь хэрэглэгч “өнөөдөр орой” гэж хэлсэн бол энэ нь оройн хоолны 7-9 цаг эсвэл уулзалтын 3-5 цаг гэсэн утгатай байж болно. Энэ нь илүү өргөн хүрээний, амьд харилцан яриа үүсгэх шаардлагад хүргэж байгаагаас гадна дижитал туслагчид нь цахим шууданг хурдан уншиж тоймлох чадвартай байх естой гэжээ. 

Хиймэл оюун ухааны хөгжлийн дараагийн алхам нь хүний хэл ярианаас гадна дүрсийг таних болсон үйл явдал юм. Үүнийг “computer vision”буюу “компьютерийн хараа” гэдэг. Маш олон хүн зураг эсвэл бичлэг хийдэг болсон нь эдгээр мэдээллийг тоон утгаар ангилахад хүндрэлтэй болгосон. Facebook компанинь Lumos хэмээх хиймэл оюун ухааны системийн аргаар олон тооны зураг, бичлэгийг ангилан ялгаж байна. Lumos-ийг дата цуглуулах, жишээ нь зураг, бичлэг эсвэл хүмүүсийн зогсолт, бусад мэдээлэл дээр үндэслэн тухайн бичлэг эсвэл зураг дээр байгаа хүмүүсийг ангилахад ашиглаж байна. Хамгийн чухал нь бичлэгийн гол утгыг ойлгох, бичлэгт байгаа зүйлийг танихад оршино гэж Google-ийн видеог ойлгох, таних багийн ахлах Rahul Sukthankar хэлсэн байна. 

Alibaba компани хиймэл оюун ухааны технологийг борлуулалтаа нэмэгдүүлэхэд ашиглаж байна. Жишээ нь Taobao сайт дээр худалдан авагч авахыг хүсэж буй бараа материалын зургийг хийж харин сайтын зүгээс зурган дээрх бараатай ижил төстэй бүх барааны саналыг худалдан авагчид өгдөг. Үүнээс гадна Alibaba хиймэл оюун ухаан ашиглан дэлгүүрүүдийн виртуал /хийсвэр/ бодит орчныг үүсгэн үйлчлүүлэгчдийг Costco зэрэг дэлгүүрүүдээр цахим орчноор үйлчлүүлж худалдан авалт хийх боломжийг олгож байна. Үүнээс гадна Alibaba компанийн өөрийн видеосайт болох Youku дээр хүмүүсийн оруулсан бичлэгт 3D зүйлсийг оролгоо нэмэгдүүлэх зорилгоор оруулахыг зорьж байна. Учир нь ихэнх видеосайтууд тэр бүү хэл Youtube сайт ч ашиг олоход хүндрэлтэй байдаг гэж Alibaba компаний ахлах судлаач Xiaofeng Ren хэлжээ. 

Рози ба гэрийн робот 

Хиймэл оюун ухаан хөгжиж байгаа хэдий ч хүний тархины хөгжлийн хэмжээнд хараахан хүрээгүй. “Vicarious” стартап компани нь хүний оюун ухааны түвшинтэй робот бүтээхийг зорьж байна. Компаний хамтран үүсгэн байгуулагч Dileep George-ийн хэлснээр илүү ухаантай робот бүтээхэд шаардлагатай бүх зүйл байна. “Бидэнд хямд мотор, мэдрэгч, зай, хуванцар, процессор зэрэг бүх зүйл байна... яагаад Рози байхгүй байна вэ?” гэжээ. Тэрээр 1960 оны үеийн “The Jetsons” хүүхэлдэйн кинон дээр гарч байсан олон үйлдэлт роботыг хэлсэн байв. Түүний хэлснээр одоогийн хиймэл оюун ухаан нь “хуучин тархи” буюу хархны танин мэдэхүйн түвшинд байгаа бол “шинэ тархи” нь илүү хөгжсөн, сармагчин, халимны танин мэдэхүйн түвшинд хүрнэ гэжээ. 

Өгөгдлийг бага зэрэг өөрчлөхөд “Хуучин тархи” бүхий хиймэл оюун ухаан нь амархан төөрөгдөлд ордог. Жишээ нь тоглоомын өнгө 2%-иар л тод болоход тоглоом тоглодог роботын үйл ажиллагаа саатдаг. Иймээс өнөөдрийн хувьд хиймэл оюун ухаан хангалттай боловсроогүй байна гэж тэрээр үзэж байгаа ба “Vicarious” стартап компани нь нарийн судлах аргыг ашиглан роботыг хөгжүүлж байна. “Хуучин тархи”-г төөрөгдөлд оруулдаг  өөр нэг хүчин зүйл бол 2 зүйлийг хамтад нь тавих. Хүмүүс давхардсан 2 зүйлийг харж ялгах чадвартай, жишээ нь цэцгийн савны урд байгаа аягатай кофе, харин робот бол энэ 2 зүйлийг нэг том тодорхой бус зүйл гэж таньдаг. Энэ асуудлыг “Vicarious” шийдэхийг мөн зорьж байна.

Харин Кури роботын хиймэл оюун ухаан ялгаатай юм. Энэ робот нь гэрт байх зориулалттай ба чиглүүлэгч, видео зураглаач хийх үүрэгтэй. Кури роботын зохион бүтээгч Mayfield Robotics компанийн технологчийн хэлснээр роботын зүүн нүдний ард HD бичлэг хийдэг камер суурилуулагдсан. Кури робот нь гэрийн зураглалыг гаргах мэдрэгчтэй ба хийгдэж буй дүрс бичлэг, зургаараа жолоодлого, чиглэлээ сайжруулдаг. Кури нь хүн, гэрийн амьтдыг таних танигч системтэй учир ойр хавьд нь хүн эсвэл амьтан байгаа тохиолдолд инээх эсвэл бусад хариу үйлдэл үзүүлэх чадвартай. Үүнээс гадна газар, байршлыг цээжилдэг тул гэрэлтүүлэг өөрчлөгдсөн байсан ч тухайн газраа таньдаг. Мөн цаг үеийн үйл явдлыг цээжилдэг. Жишээ нь: хүүхэдтэйгээ тоглож буй аавын дүрс, харин шаардлагагүй мэдээллийг устгах чадвартай. 

“Куригийн үүрэг бол гэрт дотно уур амьсгал бий болгох, зугаацуулах, хөгжим, подкаст, аудио ном тоглуулах чадвартай. Мөн роботыг ашиглан гэрийн нөхцөл байдлыг хаанаас ч хянаж харах боломжтой. Энэхүү роботын онцлог бол түүний мөн чанар нь гайхалтай хамтрагч” гэж Hsiao хэлжээ. Кури нь 12 сард 799$ -р худалдаанд гарна. 

Хиймэл оюун ухаан ба бизнес

McKinsey институтын захирал James Manyika-ийн мэдээлснээр дэлхий дээр хиймэл оюун ухаанд оруулж буй санхүүжилтээр АНУ болон Хятад улс тэргүүлдэг. Өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын хувьд Хойд Америкт 15-23 тэр бум $, Азид (Ихэнх нь Хятадад) 3-4 тэр бум $ харин Европт 3-4 тэр бум $ байсан. Технологийн том компаниуд хөрөнгө оруулалтын дийлэнхи хувийг (20-30 тэр бум $) хийж байгаа бол үлдсэн 6-9 тэр бум $ хөрөнгө оруулалтыг бусад хөрөнгө оруулагчид, хувийн үнэт цаасны компаниуд хийж байна. 

Энэ бүх мөнгө хаашаа орж байна вэ? Хөрөнгө оруулалтын 56% нь машин судлалын ажилд, 28% “компьютерийн хараа”-нд, 7% хэл судлал зэрэг зүйлд зарцуулагдаж байна. Асар их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ч бизнест нэвтрүүлж ашиглах нь хязгаарлагдмал байсаар байна. Компаниудын 40% бизнестээ нэвтрүүлэх талаар бодож байгаа бол 40% нь туршиж байна. Харин зөвхөн 20% нь хэрэгжүүлж бизнест нэвтрүүлсэн. Энэ хязгаарлагдмал байдлын шалтгааныг үзэхэд судалгаанд оролцсон компаниудын 41% нь хөрөнгө оруулалтаа нөхөх тал дээр эргэлздэг, 30% нь оновчтой бизнес санал байхгүй харин үлдсэн компаниуд хиймэл оюун ухаан ашиглах туршлага байхгүй учир гэж хариулжээ. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан нь компаний үйл ажиллагаа, гүйцэтгэлийг хоёр дахин сайжруулж чадна гэжMcKinsey үзэж байна. 

Хиймэл оюун ухааныг ашиглаж буй компаниудын дийлэнх нь томоохон технологийн компаниуд, эдийн засгийн институтууд, машин үйлдвэрлэгч нар байна. Manyika-ийн хэлж буйгаар хиймэл оюун ухааныг нутагшуулж ашиглаж байгаа компаниуд нь ихэнхдээ томоохон, дижитал компаниуд ба хиймэл оюун ухааныг гол үйл ажиллагаандаа нэвтрүүлэн зардлаа хэмнэн орлогоо нэмэгдүүлж байна. Харин эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсрол, барилгын салбарын компаниуд хиймэл оюун ухааныг нутагшуулж ашиглах нь удаашралтай байсаар байна. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан өргөн хүрээг хамрах нь зөвхөн цаг хугацааны асуудал юм.