Ирээдүйд надад хэрэг болох эсэх нь мэдэгдэхгүй байхад хичээл хийж яах юм.

Үүний оронд сайхан дурсамж бүтээж найзуудтайгаа гарч, зугаалж, цагийг хөгжилтэй өнгөрөөмөөр байна шүү дээ, эцэст нь дурсамж л үлддэгээс хойш. Хожим нь хэзээ ч хичээл хийж байсан цаг хугацаагаа ярихгүй, харин дуртай зүйлдээ зориулсан хугацаагаа дурсана.

Энэ бол өнөөгийн өсвөр үеийнхний толгойд байгаа зүйл гэхэд хилсдэхгүй. Өдөр шөнөгүй утсаа ухаж байгаа тэд инфлюнсер гэх хүмүүсийн яриаг сонсож, өндөр хандалттай хэн ажиллуулдаг нь мэдэгдэхгүй пэйжүүдийн постуудыг уншиж тархиа угаалгасаар байна. 

Нийтлэг ажиглагдаж байгаа зүйл гэвэл алив гар, зугаац, дуртай зүйлээ хий, хичээлээ пял гэсэн утгатай постууд өндөр хандалттай. Одууд нь хүртэл хичээлээ хийж байгаагүй тухайгаа бараг гайхуулан ярьж зөвхөн дуртай зүйлээ хийсээр амжилтад хүрчихсэн гэж ярина. Тэдгээр олны танилуудаас хичээлээ тасалж байгаагүй, дургүй ч гэсэн хичээлээ хийхийн төлөө хичээж, шинэ шүлэг цээжилж, анх үсэг сурчхаад ямар жаргалтай байсан талаараа дурсан ярьдаг алдартнууд хуруу дарам цөөн. Зүгээр л өнөө л үлгэрийн зүйлээ улиглан давтсаар л.....

Мэдээж хичээл хийх амаргүй боловч дааж давшгүй хүнд зүйл биш.

Зарим хүүхдүүдэд хичээл хийх бол ял, самбарын өмнө гарах ялын тавцан дээр гарч байгаа юм шиг санагддаг энэ мэдрэмждээ гацчихдаг. 

Давж гаръя гээд өөрт нь нөлөөлөх хүний үг сонсох гэхээр өөдөөс нь хичээл хийх бол хамгийн новшийн зүйл гэж мэдрүүлээд байхад хэн хийхийг хүсэх вэ? яахав эцэг эх хичээлээ хий гэж хэлдэг ч гэсэн байнга хажууд үглэж байдаг хүний үгийг хүүхэд нэг их сонсоод байдаггүй.

Хүн болгон дуртай зүйлээ хийгээд амжилтад хүрчихдэггүй юм. Хичээлдээ суухгүй таслаж явлаа гээд тэр инфлюнсерүүд шиг болчихгүй. 

Чиний болон бидний амьдрал тэс өөр. 

Хятад оюутнууд гэхэд л долоо хоногт дунджаар 55 цагийг хичээл хийхэд зарцуулдаг. Тэд ямар ч хэрэггүй болохоор ийм их цаг зарцуулдаггүй нь лавтай. 

Тэдэн дунд зөвхөн дуртай зүйлээ л хийж байгаа хэр олон хүн байгаа бол. Тэр том өрсөлдөөн дунд би үүнд л дуртай үүнийг л хийнэ гэсэн ойлголт байхгүй. Өөрсдийгөө хөгжүүлэхийн тулд маш олон зүйлийг сурч байгаа.

Бас нэг ажиглагддаг зүйл нь хичээлээ тасалдаггүй өдөр болгон шахуу номын санд суудаг ирээдүйд юу хийхээ ойлгочихсон хүмүүсийг иймэрхүү юм ярьдаг инфлюнсерүүдыг дагадаг тэдгээр пэйжүүдийн юмыг шэйр хийдэг хүмүүст зожиг, хэнээтэй, найзгүй байхаа, мэдрэл муут гэх зэргээр шоолж доромжилдог. 

Гэхдээ ингэж нэг ч болов удаа хэлүүлж үзсэн бол та хэнээтэй, зожиг тэнэг амьтан яав ч биш. Харин ингэж хэлж байгаа хүмүүс энэ дэлхий дээрх хамгийн новшийн залхуу амьтад юм.