Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагч казинод тоглосон тоглосон талаарх 10 гаруй мэдээллийг бидэнд ирүүлсэн. Тэдгээрээс хоёр нь үндэслэлтэй гэдэг нь нотлогдож байгааг Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр ярилцлаа. 

Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казинод тоглосон байна. Мөн МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь холбогдох баримтаар нотлогдож буй. 

Иймд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга н.Мэндсайхан нарт дээрх хүмүүсийг ажлаас чөлөөлөхийг даалгасан шийдвэрийг Засгийн газар гаргалаа. 

Ирсэн холбогдох баримтуудыг хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн.

Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. 

Энэ асуудал яригдсантай холбогдуулж Засгийн газар өнөөдөр Төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг /ёсзүйн дүрэм зөрчсөн тохиолдолд төрийн албан хаагч шууд чөлөөлөгдөх заалттай/ хуулийн заалтад оруулах нь зүйтэй гэж ярилцсан. Үүнийг ном болгон хэвлүүлж, төрийн албан хаагч, олон нийтэд тараах нь зүйтэй гэж үзлээ" хэмээн мэдээллээ.