Буяндэлгэрийн Мөнхчимэг
02 сарын 09, 2022
Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүллээ
Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгалаа.
Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Хил дээр хуримтлагдсан нүүрсийг гаргаж эхэлжээ
Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ. Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор энэ сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэллээ.
Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдсан, цаг агаар дулаарснаас шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ. Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна.
Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа энэ сарын 14-нөөс 100 хувь танхимаар эхлүүлнэ
Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 56, шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурсан талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагджээ. Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа тул хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэв.
Товч мэдээ
✔ Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд зөвшилцөх, хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
✔ Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
✔ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.