Бостон Сэлтиксийн холбогч Кайри Өрвинг зүүн өвдөгний үрэвслийн улмаас өнгөрсөн плэй оффыг өнжсөн билээ. Тэгвэл одоо энэ бүхэн ард хоцорсон гэж өөрөө хэлжээ. Тэрбээр “урт, үнэхээр урт хоёр сар байлаа” хэмээжээ.

Тэрбээр өнгөрөгч Пүрэв гаригт нэгийн эсрэг нэг чадвар суулгах бэлтгэлд оролцсоноос болон өөрийнх нь хэлснээс харахад Бостон Сэлтикс багийн бэлтгэлийн цугларалтад тэрбээр бэлэн байх ажээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард тэрбээр улирлаа дуусгасан. Тодруулбал хэдэн жилийн өмнө шигшээ цувралын үеэр өвдгөндөө авч байсан гэмтлээс улбаалан хийлгэсэн мэс ажилбарын үлдэц буюу бэхэлгээний шураг боолт нь түүний өвдөг орчмыг үрэвсүүлж байсан юм. Улмаар үүнийгээ авахуулах ёстой болоод байсан.

Тэрбээр ирэх улирлын талаар “Эргээд багаа манлайлна гэхээр сэтгэл маш догдлохоос өөр зүйл бодогдохгүй байна. Одоохондоо бүх зүйл эхлээгүй байгаа болохоор бүгд адилхан 00 цэг дээр зогсож байгаа. Тиймээс хамгийн гол нь хоорондоо ойлголцох л маш чухал” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Мөн тэрбээр үндсэндээ Гордон Хэйвардтай тоглож сураагүй байгаагаа онцолсон юм.



Эх сурвалж: SPS