Тогтохбаярын Ариунзаяа
10 сарын 02, 2024
Дэлхийн сагсан бөмбөгийн супер од болох Леброн Жэймсийн том хүү Бронни Жеймс 19 насандаа Лос Анжелес Лэйкерс багт сонгогдож, NBA-д тоглохоор болсон.
Ийнхүү аавынхаа тоглодог багт нэгдсэн нь сагсан бөмбөг сонирхогчид төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Учир нь лигийн түүхэнд төрсөн аав хүү хоёр нэг багаас талбайд гарч байсан тохиолдол урьд өмнө байгаагүй юм.
Леброн Жэймсийн тухайд 22 дахь жилдээ NBA-д тоглож буй туршлагатай тамирчин. Тэрбээр өнгөрсөн зун АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийг Парисын олимпын наадамд алтан медаль хүртэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.
Мөн хүүтэйгээ нэг багт тоглохоор болсонд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна. Лэйкерс багийн медиа өдрийн үеэр Леброн, "Өдөр бүр хүүтэйгээ бэлтгэл хийж, өсөж дэвжихийг нь харна гэдэг амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмжийн нэг юм. Тиймээс энэхүү тохиол нь зөвхөн надад төдийгүй гэр бүлийн минь хувьд гайхалтай үйл явдал боллоо” хэмээн ярьжээ.
NBA-ийн шинэ улирал аравдугаар сарын 22-нд эхэлнэ. Харин Лос Анжелес Лэйкерс багийн хувьд Миннесота Тимберволвес багтай эхний тоглолтоо хийх юм.
Эх сурвалж: bbc.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.