Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Унгарын Дебрецен хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Нийт 40 баг оролцож буй тус тэмцээнд Монгол Улсын 18 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байгаа юм. 

Эмэгтэй шигшээ баг D хэсэгт Тайланд, Польш, Малайз, Тайвань улсын багуудтай өрсөлдөж, гурван хожилтойгоор хоёр байрт шалгарсан. Монгол Усын өсвөрийн эмэгтэй шигшээ баг шөвгийн дөрөвт шалгарахын төлөө АНУ-ын шигшээ багтай Ням гариг (2023.09.03)-т тоглоно. 

Өсвөрийн эрэгтэй шигшээ багийн тамирчид А хэсэгт Герман, Катар, Тунис, Ардчилсан Конго улстай өрсөлдөж буй бөгөөд нэг хожил, нэг хожигдолтойгоор гуравдугаар байрт бичигдэж байна. Тэд өнөөдөр (2023.09.02) хэсгийнхээ гурав дахь тоглолтыг Тунисийн шигшээ багийн эсрэг хийнэ.