Усан цахилгаан станцын /УЦС/ мэргэшсэн инженер, Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн удирдагч инженер Ж. Лувсандандарыг МҮР-ийн нэвтрүүлэгт 2018 онд урьж ярилцаж байснаа сэргээн тавилаа. Учир нь УЦС барихтай холбоотой тэр үеийн асуудал өнөөдөр ч өрнөсөөр, бид гараандаа гарцсаар л. Юу өөрчлөгдснийг, Оросын тал бидэнд хэрхэн хандаж ирснийг та бүхэн өөрсдөө шүүнэ биз ээ. 

Зарим нь УЦС нь голын гольдорлыг өөрчилж, урсцад нөлөөлдөг, ан амьтанд халгаатай гэж шүүмжилдэг. Сая сэтгүүлч, байгаль хамгаалагчдын төлөөлөл УЦС-ын бодит байдалтай танилцлаа. Тайширын станцад гэхэд л Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын дайтай усан мандал бий болсон. Зундаа малчид тойрч нутагладаг тухай нутгийнхан ярьж байна.

Завхан голын жилийн дундаж урсац нь 9.7 м/куб. Сэлэнгийнх 250 м/куб урсацтай. Энэ ажиглалтаар Завхан гол урсац бага, тухайн бүс нутаг элсэрхэг. Тиймээс анх Тайширын төслийг эхлэхдээ зөвхөн цахилгаан үйлдвэрлэх бус энэ бүс нутагт усан сан, нуур бий болгож эко системд эерэгээр нөлөөлөх зорилготой байсан. 

Говь-Алтай аймагт ундны ус хомс гэдгийг та бүхэн мэднэ. Одоо Тайширын УЦС-ын нуураас ундны ус авах боломж бүрдээд байна.

-Киотогийн коновенцийн дагуу Тайширын УЦС байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл гэсэн  олон улсын шагнал аваад байна. Гэтэл бид энэ станцын талаар арай өөр ойлгоод байдаг?

-Өмнө нь Киотогийн протоколийн дагуу хүлэмжийн хийг бууруулсан хэмжээгээрээ тэтгэмж авах гэрээ хэлцлийг 2007 онд байгуулсан. Энэ хүрээнд Тайшир, Дөргөний УЦС тус бүрдээ гурван жил дараалан үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ хэмжээгээр 100-120 сая төгрөгийн тэтгэмж авсан. Эдгээр станцууд 2008 оноос хойш  жилийн дөрвөн улирал зогсолтгүй ажиллаад 10-аад жил болох гэж байна. Энэ хугацаанд 6-8 тэрбум төгрөгийн зардлаа ч олсон. УЦС-ууд эхлээд их хөрөнгө шаарддаг ч явцын дунд зардал тун бага. 100 жилийн настай.

Эрчим хүчний яам Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд УЦС барих боломж нөхцөлийг судалж байна. Ямар хэмжээний цахилгаан үйлдвэрлэх юм бэ?

- Дөргөний УЦС баруун таван аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 25-30 хувийг хангадаг. Үлдсэн 70-75 хувийг нь хойд хөршөөс авч байна. Эрдэнэбүрэнгийн станц баригдсанаар баруун бүсийн эрчим хүч хараат байдлаас гарах боломжтой. Тус төслийн анхан шатны судалгааг манайх 2008 онд Япончуудтай хийсэн. Урьдчилсан байдлаар 237 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Одоо ч судалгаа үргэлжилж байна. Харин төвийн бүсэд Эг гол, Шүрэнгийн цахилгаан станцын төсөл яригдаж байна.  

-Ер нь усан цахилгаан станцын тухай ярихаар л  улс төрийн ч юм уу, хэн нэгний, хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхолтой зөрчилдсөн мэт маргаан байнга гардаг. Мөн ОХУ-ын талаас ч янз бүрийн асуудал ярьж  хориглодог. Тэр шалтгаануудад үндэслэл байна уу, эсвэл?  

-ОХУ-ын тухайд цахилгаан экспортолж орлого олж байна. Харин манайх импортолж валютаа гаргадаг. Тэгэхээр хойд хөрш орлого нь тодорхой хэмжээгээр буурах нөхцлийг тийм ч таатай хүлээж авахгүй. Манай улс сэргээгдэх эрчим хүчээр дотоодынхоо хэрэгцээний тодорхой хувийг хангах зорилго бий. Тиймээс эдгээр төслийг хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гэж хэвлэлийн дайн хийж байхаар эхний ээлжинд судалгааныхаа ажлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн. 

Тиймээс өнгөрсөн онд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ОХУ-ын Буриадын нутагт 11 удаа хэлэлцүүлэг хийж, оршин суугчдын саналыг авч байгаль орчны үнэлгээний ажлын даалгаварт тусгасан.

ОХУ-ын зарим ТББ, иргэний нийгмийн байгууллагууд нутгийн иргэдэд “та бүхний ундалдаг гол мөрнийг хааж, боох гэж байна” гэж ухуулж турхирсан байгаа юм. Үүнээс болж  Эгийн болон Шүрэнгийн төслийг эсэргүүцэх хандлага гарч байгаа.  

-Манай зүгээс Буриадын иргэдтэй ойлголцох мэдээлэл солилцох алхмуудыг хийсэн гэж байна. Ахиц гарсан уу?

-Бид төслүүдийнхээ нөхцөл байдлыг, мөн Байгаль нуурт ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэдгээ танилцуулж, батлах ажлыг хийсэн. ОХУ-ын бүс нутгийн эрдэмтэдтэй ч санал солилцсон. Бид бүс нутгийн байгаль орчны үнэлгээг хамтарч хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, монголын нутгаас эх авч Байгаль нуурт цутгаж байгаа гол мөрний урсац, загас жараахай, ойр орчмын ургамал амьтан гээд бүх зүйлийг нарийн судалж дүгнэлт гарсны дараа станц барих эсэхээ шийдье гэж тохиролцсон.  

ЮНЕСКО-ийн 39 дүгээр хурлаар Байгаль нуурт нөлөөлөх байгаль орчны үнэлгээг монголын талд хийж, бүлэг болгон оруулах чиглэл өгсөн. Мөн байгаль нуурыг бохирдуулж буй бусад хүчин зүйлийг судлах шаардлагатай гэдгийг ч ОХУ-ын талд мэдэгдсэн. 

Энэ ажил дуусаагүй болохоор танилцуулах болоогүй. Ер нь Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт цутгаж байгаа боловч нийт усных нь 18 хувь нь л манай улсын газар нутагт бий. Үлдэж байгаа нь ОХУ-ын нутагт бүрэлдэж тогтоод Байгаль нуурт цутгадаг. Оросууд өөрсдөө Байгаль нуурын төвшинг өндөрсгөөд дөрвөн том усан цахилгаан станц барьсан. Тэдгээр станцын нийлбэр хүчин чадал нь 12 980 мВт. Энэ нь манай улсад үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүчнээс 12-13 дахин их. Тэр аварга станцуудын хажууд Шүрэн, Эг голын усан цахилгаан станцын төсөл тун бага. Өөрөөр хэлбэл 244, 315 мВт гэдэг бол 3000-4000 мянгаар яригдаж байгаа станцуудын хажууд өчүүхэн.

-Байгаль нуур орчмын усан цахилгаан станцууд хувийн өмч гэж би сонссон. Тэдгээр аж ахуйн нэгжүүд манай улсад цахилгаан экспортолдог. Ашиг орлогод нь тодорхой хэмжээгээр нөлөөлөх гээд байгаа учраас ямар нэг асуудал гаргаад байна уу гэсэн хардлага бий?

-Тэдгээр усан цахилгаан станц Эрхүү мужид харьяалагддаг. Манай улс оргил ачааллын үед хилийн ойролцоох Кусина Озерсквагийн станцаас цахилгаан авдаг. Буриад, Эрхүү гээд хоёр тусдаа учраас Буриадын талын ТББ-ууд болохгүй, бүтэхгүй гээд эсэргүүцээд л байдаг. Эрхүү талыг сайн хэлж мэдэхгүй байна. Эрхүү мужийнхан өөрсдөө УЦС-ын үр шимийг дээд зэргээр хүртэж байгаа учраас Буриад шиг эсэргүүцэл үзүүлэх нь бага болов уу.


-Тэгэхээр Сэлэнгэ мөрнийг түшиглэн УЦС барих нь Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж ойлгож болох уу?

-Одоо шууд нөлөөлнө, нөлөөлөхгүй гэдгийг хэлэхэд эрт. Гэхдээ ерөнхий мэдээлэл өгөхөд усан сан бүрдүүлэхэд экологийн урсцад нөлөөлөхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, зарим иргэдийн ойлгосон шиг хааж боож урсац тасалдуулахгүйгээр илүүдэл усыг хуримтлуулж сан бүрдүүлнэ. Ингээд ашиглаж эхэлснээр Байгаль нуурыг тэтгэх усны хэмжээ буурах биш, харин ч эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг  Буриадын иргэдэд, эрдэмтдэд  ойлгуулахыг хичээсэн.


-Оросууд манайд хаана хаана ямар хэмжээтэй УЦС барих боломжтойг аль эрт судалсан байлаг гэж сонсож байсан?

-Энэ их сонин. ОХУ-ын эрдэмтэд 1960-аад оны үед монголын бүх урсац,гол мөрнийг судлаад 21 газар усан цахилгаан станц барих боломжтой гэдэг цэгүүдийг нь хүртэл тодорхойлж өгсөн. 

Энд одоо яригдаж байгаа Эг, Шүрэн, Дөргөний цахилгаан станцууд байгаа. Бүр 1974-1975 оны хооронд Шүрэнгийн цахилгаан станцын ТЭЗҮ-ийг хүртэл боловсруулчихсан байдаг. 

Тухайн үед болно гэж байсан мөртлөө өнөөдөр яагаад болохоо больчихов гэдэг дээр ашиг сонирхлын, улс төрийн шалтгаан байна гэж харж болохоор. Цаг хугацаа өөрчлөгдөхөөр хийгдсэн судалгаа өөрчлөгдөхгүй, харин шинэчлэгдэж байдаг. 

-Ер нь манай улс жилд хэдэн төгрөгийн цахилгаан хойд хөршөөс импортоор авч байна вэ?

-Манайх оргил ачааллын үед эрчим хүч авч хэрэглэдэг. Харин хэдий хэмжээний эрчим хүч авах вэ гэдгийг хоёр улсын холбогдох яамд харилцан ярилцаж шийддэг. Жилд дунджаар 160-180 сая кВт цаг цахилгаан авч, 25-35 сая америк доллар өгдөг гэсэн тооцоо бий. Баруун бүсийн гурван аймаг импортын цахилгааны 70 гаруй хувийг нь авч байна.

-Бид УЦС-ын талаар маргаж суух хооронд хоёр хөрш аль эрт байгуулаад үр шимийг нь хүртээд туршлагажчихсан болов уу?  

-Тийм ээ. Хятадад дэлхийн хамгийн том усан цахилгаан станц бий. Гурван хавцлын гээд 22500 мВт-ын хүчин чадалтай станц бий. ОХУ-д Красноярскийн, Саяно-Шушенскийн гээд 6000-7000 мВт-ын хүчин чадалтай олон станцууд бий. 

Бидний барих гээд байгаа станцууд хажууд нь маш бага. Ер нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэнэ гэдгээр нь бус байгаль орчинд нөлөөлөх эерэг талаас нь авч үзэх хэрэгтэй. Манай орны уур амьсгал дэлхийн дунджаас 3 дахин,  2,1 градусаар дулаарч, цөлжилт маш эрчимтэй явагдаж байна. Дээр нь цэвэр усны нөөц багатай. Тиймээс УЦС-ыг гадаргын ус цуглуулж ашиглах, эко орчин бүрдүүлэх, цөлжилтийн эсрэг тэмцэх арга хэлбэр гэж харах хэрэгтэй. 

Цэвэр усны нөөц хомс, ихэнх том гол мөрөн Орос уруу урсаад гараад явчихдаг. Тэр нөөцийг эртхэн ашигласан бол бидэнд ямар ашигтай байсан бэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

-Дөргөний УЦС-ын ойр орчимд ургуулсан чацарганын бутнаас жилдээ гурван тонн чацаргана авдаг тухай ярьж байсан. Энэ нэг жишээ байх л даа.

-Та их сайхан жишээ хэллээ. Тухайн бүс нутагт жимс жимсгэний аж ахуй хөгжүүлэх боломж бүрдэж байгаа хэрэг.  Тэнд орчин нь сайн бүрэлдсэн учраас ургаж байна гэсэн үг.

- Эг, Шүрэнгийн цахилгаан станцуудыг барьснаар ямар боломж бий болох вэ?

-Шүрэнгийн станц баригдснаар 962 сая кВт цаг, Эг гол дээр станц барьснаар 606 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх тооцоотой. Энэ бол Тайшир, Дөргөний станцаас 20-30 дахин илүү эрчим хүч. Эдгээр станцууд төвийн эрчим хүчний системд тохируулага болох маш чухал ач холбогдолтой.

Оргил ачааллын үед, 18-21 цагийн хооронд төвийн бүсийн бүх цахилгаан станцууд хүчин чадлаараа ажилласан ч ОХУ-аас эрчим хүч авч байж хэрэгцээгээ хангадаг. Ингээд 22 цагаас хэрэглээ огцом буурах ч дулааны станцуудын зуухыг шууд унтрааж болохгүй. 

Зогсох хүртлээ цахилгаан үйлдвэрлэж байдаг. Шөнө нь хэрэгцээ буурахаар эргээд цахилгаанаа зайлуулах шаардлага бий болж, Орос руу гаргадаг.  Харин УЦС-ын тухайд унтрааж асуух үед 3-5 минутын дотор ихэсгэж багасгаж тохируулга хийх боломжтой. Маш хурдан ачааллаа авч, буцаж буулгаж болдог. 

Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэл байгаль, цаг уураас хараат. Наргүй, салхигүй өдрүүдэд үйлдвэрлэл багасгана. Энэ хоёрыг хөгжүүлэхэд усан цахилгаан станц тохируулгын маш том үүрэгтэй.

-Бидний ярилцах цаг энд хүрээд өндөрлөж байна.  Нэмж хэлэх зүйл байна уу?

-Баярлалаа. Засгийн газраас дотооддоо түүхий нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, тодорхой ажлуудыг хийгээд эхэлсэн. Яг үүнтэй адилхан бид байгалийн нөөц баялгаа ашиглан эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, цахилгааны импортын хараат байдлаас гарах, эрчим хүчний аюулгүй байдлаа бий болгох боломж нөхцөл харагдаж байна.