УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Тогтоолын төслийг дэмжиж байна. Коронавирусийн асуудал нь нэг өвчин, вирусийн тухай асуудал биш болсон. Энэ бол нийгэм, эдийн засгийг хамарсан том асуудал. 

Иймд зөвхөн халдвар тархаж байна, халдварт өвчин аюултай гэдэг талаас биш нийгэм, эдийн засагт нөлөөлж буй нөлөөллийг тооцоолж, иргэдээ ядууралд өртөхөөс сэргийлэх арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй.

Дэлхий нийт энэ өвчнийг 11-н сарын турш туулж, 65 сая гаруй хүн өвчилсөн байна. Энэ хугацаанд бид нэлээд туршлага хуримтлуулсан. 

Амны хаалт бол хамгаалалтын том зэвсэг. Халдвар гарсан бүсүүдэд хорио цээрийн дэглэм тогтоогоод бусад газарт амны хаалт зүүгээд эдийн засгийн үйл ажиллагааг явуулах чиглэлд илүү шуурхай ажиллах хэрэгтэй байна.

Вакцины хувьд нэгхэн сонголт байж болохгүй. 2-3 төрлийн вакцинтай, иргэн өөрөө тэндээс сонгож хийлгэх боломжтой байлгах нь чухал. 

Мөн амны хаалт үнэхээр хамгаалж чадаж байна. Жишээлбэл, халдвартай хүнтэй харьцахдаа хоёулаа амны хаалт зүүгээд 15 минутаас урт хугацаанд суусан байхад халдвар тархаагүй байгаа тохиолдлууд батлагдсан" хэмээлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар үргэлжилж байна.