Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
09 сарын 10, 2024
“Apple” компани жил бүрийн өдийд шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулдаг.
Уламжлал ёсоор өчигдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр “iPhone 16” болон сайжруулсан Apple Watch, AirPods-уудаа танилцууллаа.
Энэ удаагийн iPhone-ний шинэчлэгдсэн загвар хиймэл оюун ухаан буюу “Apple intelligence” технологийг үйлдлийн системдээ шингээсэн гэдгээрээ ихээхэн хүлээлт үүсгэж буй. Ингэснээр хүнийг мэдэрч, үйлдэл бүрийг бүртгэн, боловсруулалт хийх боломжтой болж байгаа юм.
iPhone 16 болон 16 Plus юугаараа онцлог вэ?
iPhone 16 болон 16 Plus арын камерын загвар шинэчлэгдэж, зураг дарах шинэ товчлууртай болж байгаа аж. Дэлгэц өмнөх загвар болох iPhone 15-аасаа 50 хувиар илүү бат бөх гэдгийг онцолжээ.
Дэлгэцийн хэмжээ:
16, 16 Plus нь Apple-ийн хамгийн сүүлийн үеийн A18 чипээр тоноглогдсон. Энэхүү чипийн тусламжтайгаар гар утасны тоглоомын дүрслэл илүү өндөр түвшинд хүрэх юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн өндөр хурдны компьютер шаардагдах тоглоомуудыг ч тоглох боломжтой болж байна. Мөн эрчим хүчний хувьд илүү хэмнэлттэй байх шийдлийг эрэлхийлжээ.
Камер:
Зураг дарах, бичлэг хийхэд зориулагдсан шинэ товчлууртай. Түгжээ тайлж, апликейшн нээх шаардлагагүйгээр яаралтай үед ганцхан товчлуур дарахад л хангалттай.
iPhone 16 Pro / Pro Max-ийн онцлог юу вэ?
Хамгийн сүүлийн үеийн гар утасны өндөр хурд, чанарыг эдгээр загвараас мэдрэх боломжтой. Хэрэглэгчид Slow motion эсвэл бичлэг хийхдээ 4K120 fps-ээр зураг авах боломжтой. Авсан бичлэгээ тоглуулах хурдыг тохируулах шинэ тохиргоо нэмсэн байна.
Дууны бичлэгийн хувьд гадна орчны чимээг тусгаарлаж, цэвэр бичих шинэ технологийг шингээн өгчээ.
Энгийн загваруудтай харьцуулахад дэлгэцийн хэмжээ томорсон байна.
Үнийн хувьд энгийн загварууд 799-899 ам.долларын хооронд буюу 2.700.000-3.000.000 төгрөг байна. iPhone-16 pro загвар 999 ам.доллар буюу 3,3 сая төгрөг. Харин iPhone pro Max нь 1199 ам.долларын үнэтэй, төгрөгөөр тооцвол 4 саяар худалдаагдах ажээ.
Apple Intelligence-ийн давуу тал юу вэ?
Хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх зорилгоор ''Apple'' компани өөрсдийн хиймэл оюун ухаант тохиргоог нэмсэн. Энэ тохиргоо нь текст бичих явцыг илүү ахисан түвшинд хүргэж байгаа юм. Тодруулбал, бичвэрийн гол санааг хайж олох, засварлаж, найруулах, дуу бичлэгийн гол санааг нэгтгэх зэрэг үйлдэл хийх боломжтой аж.
Эх сурвалж: New York Times
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.