Буяндэлгэрийн Мөнхчимэг
12 сарын 29, 2024
“Би нэг удаа…” буландаа нийгмийн сэтгэл зүйч Г. Уянгыг урьж ярилцлаа. Тэрбээр үндэстний соёлын онцлог, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хадгалан үлдэх нь хүний эрх, эрх чөлөөтэй хэрхэн холбогддогийг тайлбарлан ярьсан юм.
Бичлэг үзэх:
Би гадаадад амьдарч байхдаа хүүхдээ төрүүлсэн юм. Тухайн үед эмч нар “Хүүхдээ битгий өвөртөлж унтаарай” гэж хэлэхэд нь ихэд гайхаж билээ.
Эмнэлгээс гараад удаагүй байтал нэг гадаад бүсгүй “Үүнийг заавал уншаарай. Чамд их хэрэгтэй” гээд ном өглөө. Номын сэдэв нь “Хүүхдээ хэрхэн тусад нь унтуулах вэ?” гэж байв.
Уншаад үзтэл “Эхлээд хүүхдээ харанхуй өрөөнд үлдээ. Тэгэхэд хүүхэд чинь уйлна. Тоохгүй байж байгаад таван минутын дараа оч. Очоод ямар ч сэтгэл хөдлөл үзүүлэхгүйгээр хэсэг харж байгаад буцаад гараад яв” гэсэн заавар байлаа.Би шууд л “Яаж байгаа юм бэ. Хүүхдээ тэгж зовоох ямар хэрэгтэй юм?” гэж бодогдсон. Эх хүн хүүхдээ зориуд уйлуулах гээд байгаа нь ойлгомжгүй санагдсан гэх үү дээ.
Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх тал дээр соёлын ялгаатай байдалтай тулж байгаа минь энэ юм. Монголчууд бидний хувьд хүүхдээ өвөртөлж унтана гэдэг хайр энэрлээ үзүүлж буй нэг хэлбэр шүү дээ.
Үүнтэй адил улс, үндэстэн болгонд өөрсдийн түүхэн арга ухаан, өвөрмөц соёл бий.. Энэ ондоошлоороо ялгарч, түүнийгээ хадгалж үлдэх нь хүний эрхийн чухал бүрэлдэхүүн гэдгийг мартаж болохгүй.
Мөн орчин үеийн олон улсын харилцаанд “зөөлөн хүчний бодлого” гэж зүйл бий. Улс орнууд бодлогоор “Манай соёл танайхаас илүү, та нар ийм байх хэрэгтэй” гэж сурталчилдаг.
Тэгж хэлсэн үлгэрт нь итгээд өөрийн соёлоо хаяад явбал монголчуудын дундын ойлголт, мэдлэг дамжуулах суурь алдагдах эрсдэлтэй. Энэ нь яваандаа нийгмээ бутаргах, талцал үүсгэх гээд олон сөрөг үр дагаварыг дагуулж мэдэх юм. Тиймээс бид өөрийн онцлогоо мэддэг, соёлоо, язгуур эрхээ хамгаалдаг байх зайлшгүй шаардлагатай.
Миний соёл юу вэ, тэр хүүхэд хэн болох вэ гэдэг нь гаднынхны шийдвэрээр тодорхойлогдохгүй. Хүн бүр хэл, зан заншил, уламжлалаа эрх чөлөөтэй хадгалж, илэрхийлэх боломжтой байх ёстой. Гадаад, дотоодын хэн ч бай хүний соёлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр эрхэд нь халдах ёсгүй юм шүү.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.