Глобал Монтесcори цэцэрлэгт суралцдаг 3 настай хүүхдийг багш нь унтсангүй гэж уурлан шийтгэхдээ гарыг нь түлсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад буй. 

Энэ талаар түлэгдсэн охины эмээ нь, "Миний зээ охин Глобал Монтесcори цэцэрлэгт явдаг юм.11 дүгээр сарын 5-ны өдөр унтаагүй гээд индүүний өрөөнд оруулан гарыг нь ийм болтол нь тулсэн байна арай дэндүү юм аа. 3 настай охинд минь хатуу шийтгэл байгаа биз дээ. Өндөр төлбөртэй хэрнээ ямар ч хариуцлага энэ байгууллагад алга улсын цэцэрлэгт нь орон тоо байхгүй хувийнх болохоор хүүхдэд ингэж хандахаар одоо бид чинь яаж амьдрах болж байна, үнэхээр гомдмоор юм аа" хэмээн бичжээ. 

Тэгвэл Глобал Монтесcори цэцэрлэг мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд тус цэцэрлэгийнхэн эмчилгээний мөнгө өгөөгүйгээс болж эцэг эх, эмээ нь албан бус, сөрөг мэдээллийг санаатайгаар тарааж байна гэжээ. Араас нь энэ үйлдэл санаатай байгаагүй гэдгийг онцолсон байна. Үйл явдал болсон гэдэг нь тодорхой байхад ийнхүү өөрсдийн үйлдлээ өмгөөлсөн мэдээллээ оруулахдаа уучлалт гуйх ёс суртахуун ч гаргасангүй. Тэр битгий хэл нэмээд аутизмтай байсан хэмээнд доромжлох зөвтгөхийн хооронд "Түлэгдсэн хүүхдийг аутизмтай байсан,  эцэг эх, эмээ нь хувийн цэцэрлэгтэй ч манай цэцэрлэгт хүүхдээ явуулдаг, нэг айлын 2 аутизмтай хүүхэд энэ цэцэрлэгт бэлтгэл болон дунд бүлэгт 2 дахь жилдээ суралцаж байгаа нь үнэн" хэмээн бичсэн байна. 

Хүүхдийг санаатайгаар түлээгүй байж болно. Гэхдээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй хэрнээ аутизмтай гэж ялгаварлан гадуурхсан мэдэгдлээрээ өөрсдийн үйлдлээ хайцаалж буй тус цэцэрлэгийн багш удирдлагуудад багш хүний ёс суртахуун гэдэг зүйл өчүүхэн алга. Өмнө нь ч бас нэр бүхий цэцэрлэгүүдэд энэ төрлийн зөрчил илэрсэн ч хэрэг тэгсхийгээд намждаг.  Хариуцсан салбар нь хайхардаггүйгээс нялх бяцхан үрс гэмтсээр байна.

Глобал Монтесcори цэцэрлэгийн мэдэгдэл:

Нийгэмд албан бус, сөрөг мэдээллийг санаатайгаар тарааж дур зоргоороо бичиж бусдын анхаарлыг өөртөө татаж байгаа Х-ийн аав ээж, эмээ өвөө нарт хариу хүргүүлж байна.

1. Эцэг эх, эмээ нь хувийн цэцэрлэгтэй ч манай цэцэрлэгт хүүхдээ явуулдаг нэг айлын 2 аутизмтай хүүхэд энэ цэцэрлэгт бэлтгэл болон дунд бүлэгт 2 дахь жилдээ суралцаж байгаа нь үнэн.

2. Тус цэцэрлэгийн нэрийг гутаан доромжилж Америк явж эмчлүүлэх эмчилгээний зардал /ээж нь/ нэхсэн, дараагийн уулзалтаар Солонгос улсад эмчлүүлэх зардлыг /аав нь/ нэхсэн боловч бид шийдэж өгөх боломжгүй тул ийм мэдэгдэл цацсанд харамсаж байна. Энэ үйлдэл нь санаатай байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тухайн үеийн камерийн бичлэг эцэг эхэд нь өгч явуулсан болно.

Хууль хяналтын байгууллагаар шалгуулан үнэн зөв хариу мэдэгдэл өгөх хүртэл та бүхнийг ухаалгаар хандана гэдэгт итгэлтэй байна.

3 настай түлэгдсэн охины эмээгийн пост