Хүний нийгмийн хамгийн тод шинж бол сүрэглэн амьдарч бусдаас давуу байдлаа нэгтгэн нэг нэгэнтэйгээ ойлголцон аж төрөх билээ. Гэвч энэ цаг үед ганцаар амьдрах гэсэн нэгэн шинэ амьдралын хэв маяг, шинэ үеийн залуусын тренд бий болсоор удаж байна. Гоё сайхан гэхээсээ илүү амар жимэр, ая тухтай, өөрөө өөртэйгөө ойлголцох боломжийг олгодог амьдрал. 

Гэвч хүнтэй харилцаж, хайрлалцаж, нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байж өөрийгөө олж, өөрийнхөө адгийн, хогийн мөн чанараас авхуулаад өөрөө ч итгэмгүй үнэ цэнэтэй, догь шинжүүдээ олж хардаг нь нууц биш.

Ганц бие амьдралаар амьдраад бараг л 6 жил болжээ. Орой орж ирэхэд өглөө гарахдаа уугаад орхисон кофе, хазаад орхисон алим, өнөө л сэтгэл тавгүй үедээ байршлыг нь өөрчилж орхидог танил тавилгууд, 00-ын өрөөнд уншиж байгаад орхисон шүлгийн ном гээд бүгд л цаг хугацаа зогсчихсон аятай хүлээж байх нь уйтай. Хэдий эмх цэгтэй, тухтай, амгалан амьдрал ч угтаа бол ганц бие сэтгэл өөрөө тийм ч эмх цэгцтэй, амгалан, таатай биш.

Ганц бие амьдралаас олж авсан хамгийн үнэтэй зүйл бол өөрийгөө хэн болохыг, хэн байж чадахаа бас хэн байж чадахгүйгээ, хэнийг хүсэж хүлээдэг, хэнээс зугтдаг гэдгээ ойлгосон явдал юм. Харин ганц бие амьдралаас олж аваагүй зүйл бол өдөр бүрийг шинээр бүтээж өгөх, утга учиртай, илүү сайхан амьдрах хэрэгтэйг, илүү хичээх хэрэгтэйг ойлгуулах шалтгаан буюу бусдын төлөөх амьдрал.

Чернобыль цувралд гардагчлан “Бид худлаа хэлэх бүртээ үнэний өмнө өртэй болдог” хэмээх хаашаа ч зугтах аргагүй шууд л буугаад өгөм үгс шиг хүндхэн үеүд ганц биш байсан нь үнэн. Нэгэн шөнийн халуухан эхлэлтэй буруутай мэдрэмжээр дүүрэн төгсгөлтэй учрах ёсгүй учирлууд, өөрийгөө ч үзэн ядаж, өрөөлийг ч зүхэж дууссан явдлууд, хүлээлт дүүрэн жаргал өвөртлөн байсан ч буруу эргэлттэй цаг хугацаа, хүсээгүй үгс, хүйтэн харцтай хаягдалтууд, хөндий хоосон, төгөл шиг ганцаардсан өдрүүд гээд л.

Гэхдээ яг одоо. Яг энэ үед нэг л зүйлийг би энэ “ганц бие амьдрал”-аасаа олж авчээ. Тэр бол өөрийгөө хайрлах, өөрийгөө уучлах хэмээх хэсэг. Өдрөөс өдөрт эдгэж байгаа бие сэтгэлээ харах, мэдрэх бүрт өмнөх шиг хэн нэг, хэн нэгэн л байвал амьдрал бүтэн болчих гээд байгаам шиг адгасан бодол, мэдрэмж бус өөрөө өөртэйгөө бүтэн үлдэх өнөр жаргал надад байгааг, тэр мэдрэмжийг тээх хичнээн таатай байна гээч.


Саяхан уншсан номон дээр “Ганц бие амьдрал чиний амьдралыг үрж байгаа юм шиг байж болно. Бүр хүссэн зүйлээ эрж хайгаад авч чадахгүй байгаа ч юм шиг санагдаж болно. Гэвч чи юу хүсдэггүй, юунд дургүй гэдгээ хамгийн сайнаар ойлгож авна” гэсэн хэсэг байлаа.


Шинэ үеийн тренд болоод буй ганцаар амьдрал хоосон, хүйтэн, уйтай, гунигтай. Тийм ээ үнэн. Гэхдээ цаг нь болохоор дулаахан, гэрэлтэй, өнө мөнх, зуны өглөө, өвлийн цас хаяласан үдэш шиг, анхны цас шиг, шаргал навчис шиг дур булааж, сэтгэл гижигдэм тийм амьдралаа алдахгүй байхыг, нураахгүй байхыг л ойлгож, мэдэрч байгаа нь ганц бие амьдралын эцсийн зогсоол юм даа.

Эх сурвалж: Лхамсүрэн Дашхорол