УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг "УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэргийн хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг 2020 оны нэгдүгээр сарын 22-нд мэдээлэл хийсэн. Мэдээлэл хийх явцдаа мөрдөн шалгах ажиллагааны баримт, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд задруулж, зарим бодит бус мэдээллийг тарааж, хэрэг шалгах ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. 

Тэрээр мэдээлэлдээ хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн хийсэн дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн хуурамч мэссэж зэрэг мэдээ, мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр задруулсан. Дээрх үйлдэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 буюу мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах зүйл хэсгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн хохирогчийн ар гэрээс 2019 оны тавдугаар сарын 23-нд ирүүлсэн 13 секундын цахим мэдээ гэх асуудал яригдаж байна. Энэ дээр Г гэгч этгээд тус мэдээллийг хуурамчаар зохиож ар гэрийнхний нь хууран мэхэлж, 15 сая төгрөг авсныг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тогтоосон. 

Г гэгч нь дээрхээс гадна 6 удаагийн үйлдлээр 269.101.575 төгрөгийг бусдаас залилж авсан үйлдэлд нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн" хэмээлээ.