Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ.

Бүлэг этгээдийн нэг нь 13 настай бөгөөд өнгөрсөн оноос эхлэн хулгай хийж эхэлсэн аж. Голдуу гэр хорооллын айлыг сонгож хулгай хийдэг бөгөөд эдгээр зүйлсээ ихэвчлэн барьцаалан зээлдүүлэх төв, зах, худалдааны төвөөр худалдаалдаг тухайгаа ярьжээ.

Гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй тэр дундаа ах нь түүнийг элдвээр хэлдэг нь ийнхүү буруу замыг сонгоход хүргэсэн байна.

Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдийн хараа хяналт сул, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дутмаг байгаагаас шалтгаалж байна. Иймд насанд хүрээгүй хүүхдүүд гадуур тэнэж улмаар гэмт хэрэгт холбогдож байгаад эцэг, эхчүүд болон сурган хүмүүжүүлэгчид анхаарах шаардлагатай байгааг ЦЕГ-аас анхаарууллаа.