Төв аймаг дахь цагдаагийн газраас иргэдийн олон тооны адууг хулгайлан нядалж зарсан “А”, “С” нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эдгээр иргэд Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас дагнан хулгай хийдэг аж.

Тодруулбал 2019 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 112 тооны адууг бэлчээрээс нь тууж хулгайлгайлсан гэдгээ мэдүүлжээ. Тэд хулгайлсан малаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нядлаад зарж борлуулдаг байсан гэнэ.

Энэхүү бүлэг этгээдүүдийг Төв аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хамтран илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байжээ.

Одоогоор 10 удаагийн үйлдлээр нийт 112 тооны адууг хулгайлж бусдад 650 сая төгрөгийн хохирол учруулсан нь илрээд байна.