Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачилсан төслийн дагуу “Оюу толгой” компани санхүүжүүлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг бариулж, иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө. 

Ханбогдын ерөнхий боловсролын II сургууль болж буй тус сургууль олон улсын жишиг менежментээр хичээлээ явуулна. 

Олон улсын менежментийг нутагшуулахад Улаанбаатар хотын “Шинэ эрин” сургуулийн баг дэмжлэг үзүүлэн ажиллаж, Кэмбрижийн сургалтын жишигт нийцсэн, олон улсын сургалтын арга барил, хөтөлбөрийг шинэ сургуульд ажиллах багш нарт заан танилцуулах юм. Энэ нь үндэсний хөтөлбөрийг олон улсын менежментэд тулгуурлан хэрэгжүүлнэ гэсэн үг юм. 

Менежментийн зардлыг “Оюу толгой”-н санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” бүрэн даана. Өмнөговь аймгийн Ханбогд сум болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-ыг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Оюу толгой” компани жил бүр таван сая ам.доллартай тэнцэх төгрөгийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулдаг юм. 

Энэхүү сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор 800 гаруй хүүхдийн боловсролын асуудал бүрэн шийдэгдэж байна. Аливаа улсын боловсролын салбарын тэгш байдал 0.1 хувиар нэмэгдэхэд 40 жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 23 хувиар өсөх боломжтой хэмээн Боловсролын төлөөх дэлхийн түншлэл сан тооцоолсон байдаг. Хот, хөдөөгийн амьдралын нөхцөл боломж, тэр дундаа сургалтын чанар эрс ялгаатай, дутагдалтай байдгийг шийдэх томоохон жишээ энэ болж байна. Тус сургуульд суралцах 640 хүүхэд ээлжээр хичээллэх шаардлагагүй тул хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх нэмэлт сургалтуудад хамрагдах, тайван хичээлээ давтах боломжтой болж буй. 

Хичээлийн 29 ангитай сургууль, 8 ангитай цэцэрлэгт орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, хичээл сургалтаа явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, тавилга хэрэгслүүдийг байршуулж, иж бүрэн тохижуулсан. Тус цогцолборыг барьж, тохижуулж, олон улсын сургалтын менежментийг нутагшуулахад нийт 7.2 тэрбум төгрөг зарцуулсан юм. Үүнд: цогцолборын барилгыг барьж гүйцэтгэх өртөг 6.1 тэрбум, тоног төхөөрөмж, менежментийн зардал 1.1 тэрбум төгрөг багтаж байна. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор 100 орчим ажлын байр бий болж буй. Энэ бол өнгөрсөн нэг жилд Монголд хийсэн боловсролын хамгийн том хөрөнгө оруулалт юм. 

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес ‘“Оюу толгой”-н амжилтын салшгүй хэсэг болсон Ханбогд сум хөгжлийн хурдаараа хөдөө орон нутагтаа тэргүүлж байна. Бид Ханбогдыг эрчим хүч, усан хангамж, зам гэхчлэн дэд бүтэц, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол зэрэг бүхий л шаардлагатай зүйлсээр бүрэн хангагдсан, бие даасан хот болгоход хувь нэмрээ оруулан ажиллах болно. Энэ цогцолбор нээгдсэнээр тэрхүү алсын харааг ажил хэрэг болгох, ханбогдчуудын хүүхэд, залуус хаанахын ч хүүхдүүдээс дутахгүй боловсрол эзэмшдэг болоход нэг алхам ойртож байна” хэмээн онцоллоо.  

Байгалийн ухааны тэргүүн сургуулиудын нэг болох алсын хараатай тус сургуулийн багш нар олон улсын “Шинэ эрин” сургуулийн мэргэжилтнүүдтэй гурван жилийн турш хамтран ажиллаж, шаардлагатай бүх ур чадварыг эзэмшиж авна. Энэ хугацаанд олон улсын зэрэглэл авах шаардлагыг биелүүлэхүйц түвшинд хүрч ажиллаж чадвал олон улсын сургууль болох боломжтой. Шинэ сургуулийн бүх багш нар олон улсын менежментийн туршлагатай багш нарын удирдлага дор ажиллаж, онлайнаар болон танхимаар тогтмол сургалтад хамрагдаж байх юм. 

Энэ оны байдлаар Ханбогд сумын 640 хүүхдийн багтаамжтай I бүрэн дунд сургуульд 1100 хүүхэд суралцсан бөгөөд 200 гаруй хүүхэд цэцэрлэггүй байв. Сургууль, цэцэрлэг хүртээмжгүй байдлыг харгалзан Өмнөговь аймгийн ЗДТГ-аас “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д шинэ сургууль, цэцэрлэг барих төсөл оруулж, сангийн Удирдах зөвлөлд дэмжигдсэнээр тус цогцолбор баригдах болсон түүхтэй. Цогцолборын барилга гүйцэтгэгчээр “Говийн өгөөж” ХХК шалгарч нэг жилийн хугацаанд барьж бэлэн болгосон. Харин сургууль, цэцэрлэгийн уг цогцолборыг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай 637 төрлийн нийт 10 мянга гаруй тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэх сонгон шалгаруулалтад “Энхбодиз” ХХК шалгарч тохижуулалтын ажлыг гүйцэтгэсэн юм. 

Урьд нь “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас Даланзадгад сумд гурван цэцэрлэг барьж, Сүхбаатар дүүргийн 186 дугаар, тусгай хэрэгцээт цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүжихэд зориулсан анги танхим байгуулж байв. Түүнчлэн Налайх дүүрэгт Техник технологийн жишиг сургууль байгуулж, Даланзадгад, Чойр, Дархан хот дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөтгөн шинэчлэх зэрэг мэргэжлийн сургалтыг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийсэн билээ. 

“Оюу толгой” ХХК өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 1000 орчим оюутны гадаад болон дотоодад суралцах зардлыг даасан. “Оюу толгой” боловсрол хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг гүн ухамсарлаж, хүүхэд, залуусын боловсролд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Монголын ирээдүйд чухал нэмэр болохуйц, дэлхийн хаана ч гологдохооргүй мэргэжилтнүүд бэлтгэсний дүнд өнөөдөр Монголын 32 мэргэжилтэн дэлхийн уул уурхайн томоохон төслүүдэд ажиллаж байгаа билээ.