Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт манай улсад ирж ажилласан. Энэ ажлын үр дүнгийн талаар Цагдаагийн ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнөөдөр хамтран мэдээлэл хийлээ.

Дэлхийн хэмжээнд фэйсбүүкийн хэрэглээ огцом өсөж байна. Үүнийг дагаад 13 нас хүрээгүй хүүхдүүд фэйсбүүк хэрэглэж, төрөл бүрийн мэдээлэл авах нь нэмэгджээ. Фэйсбүүк компаниас зөвхөн 2018 оны нэгдүгээр улиралд 583 сая фэйсбүүкийн хуурамч хаягийг устгасан байна. Эдгээр хуурамч хаягууд нь нийгэмд худал мэдээлэл тараах эх сурвалж болдог аж. Дэлхий нийтэд аюулын харанга дэгдээж буй энэ асуудал Монгол Улсад ч ихээхэн хамаатай. Монголчууд фэйсбүүкийн хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг учир тус компанийн төлөөлөгчдийг Монголд урьж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллахаар болсон байна.

Тус компанийн төлөөлөгчид Монголд ирж ажилласнаар:

  • Фэйсбүүкийн хуурамч мэдээллийн тархалтыг бууруулах
  • Хувийн мэдээллийг нууцлах
  • Хуурамч хаягтай хэрэглэгчийг тодорхойлох
  • Цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар Фэйсбүүк компани, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран ажиллахаар болжээ. 

Үүний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороонд мэргэжлийн баг бүрдүүлэн ажилахаар тохиролцсон бөгөөд тус баг нь фэйсбүүк компанитай шууд харилцан ажиллах юм байна.

Мөн Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллаж, тус хэргээс урьдчилан сэргийлэх сургалтуудыг иргэдэд зохион байгуулахаар тохиролцжээ. Энэ ажлын хүрээнд Фэйсбүүк компанийн төлөөлөгчид ирэх 11 дүгээр сард Монголд ирэх аж.

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж буйгаар энэ оны эхний 6-н сарын байдлаар манай улсад фэйсбүүктэй холбоотой 279 хэрэг бүртгэгдсэн байна. Тэдгээрийн дийлэнх хувь нь гэмт этгээд хэн нэгний фэйсбүүк рүү нэвтэрч, бусад найзуудаас нь мөнгө авах хэлбэрээр үйлдэгджээ. Гэмт хэрэг үйлдэгч нар нь тус хэргийг эртнээс төлөвлөж, урьдчилан бэлдсэн данс руу мөнгө шилжүүлүүлж авдаг болохыг тогтоожээ.

Тиймээс иргэд өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ цахим гэмт хэргээс сэргийлэхийн тулд танихгүй фэйсбүүк найзаа unfriend хийж, хувийн мэдээллээ нууцлахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.