Эрүүл хандлагатай хүний гурван чадвар

Г.Сайнзаяа
12 сарын 17, 2020

Тогтвортой сэтгэл зүйн нууцыг тайлахаар эрдэмтэн судлаачид, сэтгэл зүйч, философичид олон жил хичээж, өөр өөрийн таамгийг дэвшүүлсэн. Сигмунд Фрюд “ажиллаж, хайрлаж чаддаг” хүмүүсийг эрүүл гэсэн бол Абрахам Маслоу өөрийн бүх хүчин чадлыг дайчилж хүссэн хүнээ бүтээж чаддаг хүн энэ байдалд хүрнэ хэмээжээ.

Тэгвэл саяхан сэтгэл зүйн эрүүл мэнд сайтай хүмүүст судлаачид ажиглалт хийж нэгэн сонирхолтой зүйл олж мэджээ. Тодруулбал, Калифорнийн их сургуулийн эрдэмтэд 214 сэтгэл судлаачаас сэтгэл зүйн тогтвортой хүний зан чанарын тухай асуухад 30 хүртэлх хандлага нэрлэсэн аж. Мөн судалгааг илүү нарийвчлан хийхийн тулд сэтгэл судлалын ангийн 500 оюутныг ч мөн хамруулсан.

Хүнд зан чанарыг илтгэх ерөнхий таван ангилал бий. Эдгээр нь илэн далангүй, сониуч, хариуцлагатай, нийтэч, уцаартай гэх ба дотроо хэд хэд салдаг. Судалгаанд хамрагдсан салбарын мэргэжилтнүүд үүнээс гуравт нь илт санал нэгдэж сэтгэл зүй нь тогтвортой хүнийг тодорхойлжээ. Нэгдүгээрт, ийм хүн сэтгэл хөдлөлд нээлттэй ханддаг. Хоёрдугаарт, эерэг зан аашийг илүүд үздэг. Гуравдугаарт, шулуун шударга байдаг гэнэ. Үр дүнд нь уур уцаар багатай болдог.

Судалгааны хариуг эрдэмтэд нарийвчлан задалж эрүүл сэтгэл зүйтэй хүн сэтгэл хөдлөлөөс айдаггүй, түүнийгээ илэрхийлдэг, бодсоноо хэлчихдэг, халуун дотно, нөхөрсөг, үнэнч, өөрийн авьяас чадвартаа итгэдэг, эцэст нь стресст ороод байдаггүй болохыг тогтоосон аж.

“Зан чанар ба Нийгмийн сэтгэл судлал” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны бичигт байсан нэг сонирхолтой зүйл бол ухаан санаа эрүүл хүмүүс төсөөлөх, сэрүүн зүүдлэх нь сэтгэл зүй тогтворгүй хүмүүсийн дэргэд хавьгүй бага тухай юм. Яагаад гэж бодож байна уу?

“Уг нь эрч хүчтэй, идэвхтэй, эрүүл хүмүүс нийгэмд эерэг нөлөө үзүүлж чадна гэж бид боддог. Гэвч эсрэгээрээ урт удаан, хэтийдсэн төсөөлөл, хөөрүү зан сэтгэл зүйд уртдаа сайн нөлөөгүй.” хэмээн судалгааг ахалсан профессор Вибке Блейдорн хэллээ. Тэгэхээр Харри Поттэрийн дараагийн номыг бичнэ, өөрийн гэсэн бизнес эхлүүлнэ, дэлхийн дулаарлыг бууруулна гэж сэрүүн зүүдэлсээр байвал бодолдоо живж, бодит үйлдэл болгохгүй төөрч мэдэх нь байна.

Эмээ нар “Юугаа бодоод гөлийгөөд суучихав аа” гэж үглэдэг ч бас учиртай байж. Гэхдээ та энэхүү судалгааны үр дүнд нийцээгүй бол сэтгэлээр бүү унаарай. Ноён Блейдорн зан чанар насан туршид тогтвортой байдаг ч өөрчлөх бүрэн боломжтой гэдгийг цохон тэмдэглэсэн.

Тэрбээр “Хүний ерөнхий зан чанарыг сэтгэл заслаар өөрчилж, эерэг рүү чиглүүлж болдгийг харуулсан судалгаа олон бий. Бидний судалгаа нийгмийн эрсдэлтэй бүлгийн сэтгэл зүйг мэдэх, арга хэмжээ авахад тус болно гэж найдаж байна” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.