"Одоо цагт амьдрах урлаг" номын зохиогч, сэтгэлзүйч Э.Баярмаа зөвлөж байна.

Амьдрал зөвхөн одоо цагт өрнөж байхад хүмүүс амьдралынхаа 50 хувьд нь өнгөрсөн эсвэл ирээдүйд сатаарч түүнийг бодож өнгөрүүлдэг. Энэ нь амьдралынхаа сайн сайхан мөчийг ухаарч мэдрэхэд үргэлж саад болж байдаг. Гэхдээ үүнийг зарим хүмүүс ирээдүйн талаар бодож эргэцүүлэхгүй явахтай эндүүрэх нь бий. 

Өнгөрсөн явдлын төлөө сэтгэл өвдөхгүй, ирээдүйн төлөө санаа зовохгүй, одоо цагтаа аз жаргалтай, үр бүтээлтэй ажиллаж амьдрах ухаанд суралцахыг хүсвэл эдгээр чадваруудад суралцаарай

1. Өнгөрсөн амьдралаа уучилж мартах чадвар

Бохирдож гашилсан зүйлтэй шилэн аяганд хэчнээн сайхан рашаан, сүү нэмлээ ч бохир хэвээрээ л байна. Үүн шиг хүн гомдол, шаналалд баригдчихвал сөрөг сэтгэлд хөдлөлд гүн бат шигдчихдэг. Тиймээс шинэ сайхны мэдрэмжээ улам бүр алдана. 

Хэрэв одоо цагт амьдарч, амьдралын сайн сайхан, үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл хуралдсан уйтгар гуниг, стрессээ заавал гаргах ёстой.

Магадгүй та хэн нэгэнд гомдсон бол тухайн хүний оронд өөрийгөө тавиад, энэ хүний амьдрал, туршлага ингэхэд л хүргэсэн гэж бодож уучил. Уучлахаас, уучлал гуйхаас ч бүү зов. Уучлал гэдэг хэн нэгний өмнө сул дорой харагдах эсвэл хэн нэгнийг шийтгэж байгаа хэрэг огтхон ч биш юм. Харин ч эсрэгээрээ гомдол тээх тусам хүн өөрийнхөө эрүүл мэндээ алдах магадлалтай. 

Судалгаагаар элгээ солиулсан хүмүүсийн 60 хувь нь хэн нэгэнд голдоо ортол гомдсон байдаг нь батлагдсан. Магадгүй та хэн нэгэнд гомдоод мартчихсан байсан ч далд ухамсарт бичигдэж үлддэг. Тиймээс өнгөрснийг мартаж, хуралдсан гомдлоо тайлах, бусдыг уучлах чадварт суралцаарай.

Далд ухамсарт байгаа сөрөг сэтгэл хөдлөлөө устгах арга:

Ширүүн аадар борооны чимээг интернетээс сонсоорой. Сонсохдоо өнгөрсөнд тохиолдсон бараан дурсамж, хэн нэгэнд гомдсон гомдол, харамсах сэтгэлээ борооны усанд урсаж угаагдаж байгаагаар төсөөлөөрэй. 

Тухайлбал гомдоосон хүниийхээ царайг борооны усанд угаагдан сарниж байгаагаар бод, төсөөл. Ингэснээр зүрх сэтгэлээ чөлөөлж чадна.

 Учир нь далд ухамсар төсөөлөл болон болж байгаа үйл явдлыг ялгаж чаддаггүй. Хэрэв ингэж төсөөлж чадахгүй бол "Түүнийг уучилж байна" гэж өөртөө 100 удаа хэлэхэд тухайн хүнийг уучлах сэдэл үүсдэг. 


2.Ирээдүйн төлөө санаа зовохгүй амьдрах чадвар:

Хий хоосон бодолд автахгүй, аливаад бодитой хандахад эдгээр аргууд тусална. Хүн өөрийн сөрөг бодолд итгэж үнэмшихээ больсон үед сэтгэлийн шаналгаа өр мөргүй арилдаг. 

*Таагүй сэтгэл хөдлөлийг үүсгэж байгаа сөрөг бодлоо тодорхойл

*Сөрөг сэтгэл хөдлөл нөхцөл байдлаас бус таны бодлоос үүдэлтэйг ойлго

*Таны бодож буй зүйл үнэн эсэхийг баталж байгаа хэрэг биш. Үүнийг хүлээн зөвшөөр, ухаарч эргэцүүл.

Тухайлбал та "Энэ хүсч байгаа ажилдаа л тэнцэхгүй бол ирээдүй бүрхэг болно" гэж боджээ. Гэтэл хүсч байгаа ажилдаа тэнцэхгүй ч таны амьдралд өөр шинэ боломж гарч ирэхийг хэн үгүйсгэж байгаа юм бэ. Харин та л өөртөө энэ ажилд тэнцэхгүй бол амьдрал чинь сүйрэх юм шигээр төсөөлсөн, итгүүлсэн хэрэг. Иймээс өөрөөсөө шударга асуу, үр дүн таны хүссэнээр биш гарлаа гэхэд хамгийн муудаа юу болно гэж???

3.Одоо байгаа амьдралаасаа аз жаргалыг цаг хугацаандаа мэдрэх чадвар:

Буруу бодолдоо хэт итгэж үнэмших нь санаа зовнилын шалтгаан болдгийг та мэдэж авсан билээ. Гэвч энэ бол тийм ч амархан сарничих зүйл биш ээ. Тиймээс одоо цагтаа одоо цагийг устгагч зовинил гэгч урилгагүй зочноос ангижрахад тань туслах аргуудыг санал болгоё. Хүслээ биелүүлж байж аз жаргалтай болно гэвэл тийм өдөр ирэхгүй.

Жишээ нь ганц бие бүсгүйгээс та хэзээ жаргалтай болох вэ гэвэл магадгүй гэрлээд гэх байх. Харин дараа нь хүүхэдтэй болоод, .... хүслийн жагсаалт хэзээ ч дуусахгүй. Үнэндээ хүн хүссэн бүхэндээ хүрч байж л аз жаргалтай болно гэдэг баталгаа байхгүй. Магадгүй тэрхүү тэмүүлсэндээ хүрлээ ч тэр нь түр зуурын аз жаргал юм. Учир нь одоо байгаа зүйлдээ анхаарахгүй, өөрт байхгүй зүйлдээ бодох үед бид аз жаргалгүй болдог.