Амьдралд саад тотгор тохиохгүй өдөр гэж үгүй мэт. Гэвч тэдгээр саад тотгор заримдаа туулж өнгөрүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байх нь бий. 

Ойр дотнын хүний тань үхэл, сэтгэл зовнилыг дагалдах мэдрэмжүүд гээд давж туулахад хэцүү юу ч байсан хэрэв та хүсвэл тусламж авах боломж үргэлж нээлттэй байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй. 

Тэгвэл энэхүү нийтлэлээрээ ямар нөхцөлд сэтгэл зүйчид очиж болохыг авч үзэцгээе.


Эндэгдэл

Үхэл бол амьдралын жам ёсны хэрэг билээ. Гэвч ойр дотнын хүнээ алдахад мэдрэх харуусал, гашуудал үргэлж л хүнд хэцүү байдаг. Хүн бүр л хайртай хүмүүсийнхээ үхэл, эндэгдлийг өөр өөрөөр даван туулдаг. 

Гашуудал бол хамгийн нийтлэг зүйл. Ил болоод далдаар гашуудах нь хэвийн үзэгдэл хэдий ч нөгөөтээгүүр үхлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байвал асуудал хүндэрч эхэлнэ. Энэ тохиолдолд сэтгэл зүйчид хандах нь тустай.Premium Vector


Стресс болоод сэтгэл зовнил

Амьдралд тохиох зарим үйл явдлууд, үүсэх нөхцөл байдлууд үнэхээр стрессд оруулам байдаг. Ажлын ярилцлагад орохоос өгсүүлээд хувийн харилцаа тань ч таныг сэтгэл зовнилд хүргэх нь бий. Хэрэв та стресс болоод сэтгэл зовнилдоо анхаарал хандуулж, арга хэмжээ үл авах аваас тэдгээр нь хүндэрч өөрөө өөрийгөө нийгмээс тусгаарлах, сэтгэл гутралд орох зэрэг илүү том асуудлууд болох аюултай. 

Сэтгэл зүйчид таны стресс, сэтгэл зовнилын юунаас үүдэлтэйг олоход туслах бөгөөд хэрхэн тэдгээрээс ангижрах аргыг олоход тусална.Premium Vector


Сэтгэл гутрал

Найдлагагүй, ямар ч тусламж нэмэр боломгүй санагдах нь сэтгэл гутралын хамгийн нийтлэг шинж тэмдэг юм. Зарим хүмүүс ярихдаа сэтгэл гутралыг ердийн зүйл мэт, хэсэг хугацааны дараа өөрөө ор мөргүй алга болчихдог хэмээдэг ч энэ нь маш ховор тохиолдол. 

Сэтгэл гутрал бол хүн юунд ч сонирхолгүй болж, яаж ч амарсан байлаа үргэлж ядарсан мэдрэмж авч, өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж чадахгүй болоход нийтлэг ажиглагдах сэтгэцийн өвчин билээ. 

Сэтгэл гутралын шинж тэмдэг удаан хугацаагаар ажиглагдах аваас сэтгэл зүйчид хандвал эх үүсгэлийг нь олоход туслах бөгөөд хэрхэн сөрөг бодлуудтайгаа нүүр тулж, өөрийн нөхцөлөө сайжруулах вэ гэдэг тал дээр зөвлөхөөс эмчилгээ эхэлдэг. 


Айдас

Өндрөөс айх, аалзнаас айх зэрэг нь айдсын нийтлэг жишээ юм. Гэвч зарим этгээд, нээж илрүүлээгүй айдсууд нь хүний амьдралд олон асуудал дагуулах нь бий. Жишээлбэл, ситофобиа буюу идэхээс айх айдас л гэхэд маш олон эрүүл мэндийн асуудлуудыг дагуулдаг. 

Энэ тохиолдолд туршлагатай сэтгэл зүйчид хандсанаар айдсаа даван туулж, хэвийн, эрүүл амьдралаар амьдрах боломжийг нээж өгдөг. 


Гэр бүл болоод хосын харилцаа

Хүн бүрийн харилцаанд сайтаж муудах зүйл бишгүй тохиодог. Амьдралын хамгийн сайхан зүйл нь ойр дотнын хүмүүстэй байж, тэднийг хайрлаж хүндэлж, тэднээр хайрлуулж хүндлүүлж байх хэдий ч заримдаа тэдгээр харилцаа нь таны стресс болоод асуудлуудын эх үүсгэвэр болох нь бий. 

Та хувиараа эсхүл харилцаандаа асуудалтай байгаа хамтрагч, дотнын хүнтэйгээ хамт сэтгэл зүйчид хандснаар илүү бат бөх харилцааг цогцлооход тань тусална.Premium Vector


Хорт зуршил, донтолт

Тамхи татах, архи уух, мансууруулах бодис хэрэглэх зэрэг хорт зуршил нь угтаа хэнд ч ярьж хэлээгүй өөртөө тээсэн зовлонг нимгэлж, өөрийгөө тайвшруулах зорилгоор үүссэн байдаг. 

Хэрэв та үнэхээр тэдгээрээс татгалзмаар байв ч чадахгүй байвал сэтгэл зүйчид хандаж мэргэжлийн тусламж авснаар донтолтоосоо татгалзаж чадна. Гэвч нэн түрүүнд та өөрөө хорт зуршлаасаа татгалзахаар шийдэж, татгалзахыг хүсэх хэрэгтэй.


Үр бүтээмжээ нэмэгдүүлэх

Амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь өөрсдийн зорилгыг төсөөлөхөөс эхэлсэн байдаг. Тамирчид л гэхэд тэмцээнд бэлдэхдээ бие физиологийн хувьд бэлтгэхийн хажуугаар сэтгэлзүйгээ ч эрчимтэй бэлтгэдэг. 

Энэ тохиолдолд сэтгэл зүйчид нь хувийн коучын үүргийг гүйцэтгэж, таныг өөрийн хүссэн үр дүнд хүрэхэд таны сэтгэлзүйг бэлтгэж өгдөг юм. 


Бодлоо цэгцлэх

Зарим тохиолд хүмүүс ердөө л хэн нэгэнтэй ярих шаардлагатай байдаг. Өөрийг нь сонсох хүн байна гэдгийг мэдэрснээр тэд өөрсдийн асуудлууд, бодлоо хуваалцаж, ярих явцдаа өөрөө өөртөө гаргалгаа олох нь бий. Энэ үйл явцад ч сэтгэл зүйч тусалж чадна. Premium Vector


Сэтгэцийн эмгэгүүд

Сэтгэцийн маш олон өрлийн эмгэгүүд байдаг. Тэдгээр нь өөрсдийгөө хувилж, өөр ямар нэг өвчин эмгэг шиг дүр эсгэх нь ч бий бөгөөд зөвхөн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд л ямар эмгэг болохыг нь оношилж чадна. Хамгийн нийтлэг эмгэгүүдээс дурдвал:

  • Бие хүн хуваагдах эмгэг
  • Сэтгэл гутралын хүнд эмгэг
  • Шизофрени
  • Стрессийн дараах сэтгэлзүйн гэмтлийн шинжтэй эмгэг

Тиймээс таны сэтгэл зүйд хэвийн бус шинж тэмдэг ажиглагдвал мэргэжлийн тусламж авахыг зөвлөе. 


Эх сурвалж: Health Line