Б.Баясгалан
10 сарын 17, 2019
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.
Тэрбээр, 2016 онд Засгийн газар байгуулагдах үед эдийн засгийн өсөлт 1.6 хувьд хүрч буурсан, төсвийн нэгдмэл байдал алдагдаж олон зэрэгцээ төсөвтэй болсон, төсвийн алдагдал ДНБ-ий 15.3 хувьд хүрсэн, Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 78.8 хувьд хүрсэн зэрэг эдийн засаг, төсвийн бодит бэрхшээл, сорилтууд тулгараад байсан.
Засгийн газар эдийн засгийг хүндрэлээс гаргахад нэн тэргүүнд анхаарч өмнө гарсан бодлогын алдааг засах, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэн эрчимтэй, шуурхай ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7-8 хувиар өсөх төлөвтэй байна.
Өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг арилжааны банкуудаас авдаг байсныг зогсоож, өмнөх зээлүүдийг буцаан төлснөөр хувийн хэвшилд олгох зээл, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын төсөвт ирэх хүүгийн дарамтыг бууруулаад байна.
Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 7.5 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч байгаа нь эдийн засгийн зөв, оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн гэдгийг танилцуулгадаа онцлов.
Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахгүйгээр санхүүжилтийг бүрэн олгож, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулснаар 2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ нь төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөгийг давсны зэрэгцээ төсөв 2010 оноос хойш анх удаа ашигтай гарсан.Эрдэс баялгийн орлогыг тэнцвэртэй хуваарилах, нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг санхүүгийн хөрөнгө болгон ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий Ирээдүйн өв сангийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус санд 2019 оны 09 дүгээр сарын байдлаар 368.2 тэрбум төгрөгийг хуримтлуулаад байгаа бөгөөд ингэснээр манай улс анх удаа эрдэс баялгийн орлогоосоо бодит хөрөнгийн хуримтлал үүсгэж, байгалийн баялгийн өгөөжийг тэнцвэртэй хүртээх боломж бүрдэж байгаа юм гэж байлаа.
Мөн тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг хэвшүүлэн мөрдүүлэх, авлига, хээл хахуулийг хязгаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг тусгалаа.
Зээлийн хүүг бууруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг татварын шинэчлэлийн хүрээнд эхлүүлнэ.
Тухайлбал, ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн татварын хөнгөлөлт 2 дахин нэмэгдэх, мөн анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан бол Засгийн газрын ипотекийн хөнгөлөлттэй зээлийн 8 хувийн хүүгийн түвшнээс илүү төлсөн хэмжээгээр татварын буцаан олгохоор төлөвлөж байгааг дурдлаа.
Төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх болно. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авьяас сонирхолд тохирсон мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд зохих хөшүүрэг хэрэгтэй байна. Мэргэжлийн боловсролын төвийг төгсөгчид ажлын байртай болох нь их, дээд сургууль төгсөгчдөөс илүү байгаа бөгөөд энэ хэрээр мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ Монгол Улсад өндөр байна. Иймд мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэхээр төлөвлөсөн гэдгийг Засгийн газрын тэргүүн онцоллоо.
Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудаа хэрэгжүүлэх болно. Энэ хүрээнд:
Нэг. 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ирэх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалингийн сан, нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхэд ирэх онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна.
Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл болон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно.
Гурав. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 оны 2 дугаар сард баталсан боловч эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан 2 удаа хэрэгжилтийг хойшлуулсан. Иймд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж 2020 оноос тэтгэвэр авах боломжийг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэгэн зэрэг олгохын зэрэгцээ тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтийг оруулахаар төлөвлөсөн.
Дөрөв. Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан эхчүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, орлогын баталгаат байдлыг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих шийдвэр, зохицуулалтыг ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох, сайн дураар даатгуулсан болон нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн тодорхой хувийг хөнгөлөх зэрэг болно.
Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцоллоо.
Мөн "Цөлжилтийг сааруулж, цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хуурайшилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монгол Улсад жуулчин хүлээж авах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлж 8.1 тэрбум төгрөгт хүргэнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд төсвөөс олгох дэмжлэг, урамшууллыг оновчтой хуваарилж, салбарын өсөлтийг дэмжихэд олгох хөрөнгийн үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж байлаа.
Нийгмийн хэрэгцээ шаардлага, орон нутаг болон салбаруудад тулгамдсан асуудлуудыг хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд онцгой анхаарч 2016-2018 онд 81 цэцэрлэг, 58 сургууль, 22 эмнэлгийн барилга байгууламж ашиглалтад оруулсан бол 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны төсөвт тусгагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй зарим төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасныг Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа дурдсан.
Дээр дурдсан бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.