Эрсдэлд орсон хүүхэд андашгүй, өглөө хичээлдээ ирэхэд харцнаасаа, мэндлэхээсээ л харагддаг

Л.Дэлгэрмаа
01 сарын 18, 2023

Хүүхдийг Ивээх Сан НҮБ-ын Итгэлцлийн Сангийн санхүүжилттэй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж байна. 

Уг төсөл Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 12-18 насны охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах зорилготой.

Төслийн хүрээнд хүүхдийн эрх, хамгаалал, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ, амьдрах ухаан, сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй үйлчилгээ гэх мэт 11 сэдэвт модуль бүхий сургалтын гарын авлага, арга, аргачлалыг мэргэжлийн багуудтай хамтран боловсруулсан байна.

Төслийн хүрээнд зорилтот 15 сургуулийн сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш зэрэг нийт 75 хүнд зориулсан сургалт зохион байгуулж буй.

Энэ удаагийн сургуульд суурилсан сургалт, үйл ажиллагааг Хүүхдийг Ивээх Сан, Нийслэлийн Боловсролын Газар болон “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Тус хөтөлбөрт оролцож буй багш, нийгмийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж охидыг хүчирхийлэлээс хэрхэн хамгаалж буй талаар ийнхүү ярьж байна.


Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн итгэлийг олж байж асуудлыг нь шийддэг тул маш их цаг хугацаа ордог

/Нийслэлийн 121 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Л.Энхтуяа/

Өнөөдөр төслийн хүрээнд хүүхдүүдтэй тулж ажиллах, тулгараад байгаа асуудлыг нь олж шийдэхэд чухал нөлөөтэй арга хэмжээ боллоо. Энэ бол маш чухал, заавал анхаарах асуудал л даа. Би хорооны хамтарсан багийн гишүүнээр ажилладаг учраас иймэрхүү хүнд асуудалтай цөөнгүй айлыг мэднэ. Охидын хүчирхийллийн асуудал далд хэлбэртэй байдаг. Тиймээс багш, нийгмийн ажилтан хүүхдүүдийг сайн анзаарч байх ёстой гэж боддог. Эрсдэлд орсон хүүхэд андашгүй, өглөө хичээлдээ ирэхэд харцнаасаа, мэндлэхээсээ л харагдана. Нэлээд хэдэн жилийн өмнө хойд аавынхаа хүчирхийлэлд өртөж байсан охины асуудлыг хамтарсан багаараа илрүүлсэн удаатай. Сэтгэл зүйн хувьд хүнд асуудал учраас хэдхэн уулзалтаар шийдэх асуудал биш. Насан туршийн эмзэг асуудал учраас итгэлийг нь олж авах хүртэл урт хугацаа шаардагддаг. Урьд өмнө гэнэтийн иймэрхүү асуудлууд гарахад сургуулийн нийгмийн ажилтнууд өөрсдөө зардлаа гаргаж гэрт нь очдог байсан. Заримдаа гэрт нь очиход гэртээ байдаггүй, дахиад л очих болдог. Алслагдмал хороо учраас алхаад очиход амаргүй. Гэсэн хэдий ч шийдээд л ажиллаад л явдаг. Ийм асуудлуудыг шийдэхэд, хүүхдүүдийн цаана байгаа далд асуудлыг гаргаж тэдэнд туслахад энэхүү төсөл маань дэмжлэг болж байгаад баяртай байна.


Дээрх  модуль гарын авлагын агуулгаар зорилтот таван дүүргийн сургууль, эрүүл мэндийн төв, цагдаагийн газар, онцгой байдлын хэлтсийн ажилтнууд болон хорооны хамтарсан багийн гишүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг 2023 онд хийхээр төлөвлөжээ.

Сургалтын гол зорилго нь хүүхэдтэй ажиллаж байгаа мэргэжилтнүүд нь “Сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй үйлчилгээ” үзүүлэх арга зүйд суралцах, чадавхжуулах юм.

Улмаар сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд нь жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй үйлчилгээ үзүүлж, тухайн хүүхдэд сэтгэцийн гэмтэл дахин учруулахаас урьдчилан сэргийлж, илаарших үйл явцад нь эерэг дэмжлэг үзүүлэх ур чадвартай болно. 

Холбоотой сэдвүүд

охид хүүхэдхамгаалал

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.