Албан ёсны статистикаас харахад үндэсний валют буюу зөвхөн төгрөгөөр олгосон зээлийн үлдэгдэл нь 2018 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 13.2 их наяд төгрөг болжээ. 

Энэ нь өмнөх оноос 26 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2017 оны мөн үед гарч байсан 8 хувийн өсөлтөөс даруй 18 нэгж хувиар өссөн байна. 

Энэ бол эдийн засагт төгрөгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт, улмаар эдийн засгийн идэвхжил бодитоор эрчимжсэнийг илтгэж буй дүн юм.

Монголбанкнаас макро зохистой бодлогын хүрээнд хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн банкнаас иргэдэд шинээр олгох цалин, тэтгэвэр, хэрэглээний бусад зээлийн хувьд өр, орлогын харьцааг 70 хувиар, хугацааг 30 сараар хязгаарлахаар шийдвэрлэсэн юм.

Энэхүү арга хэмжээ нь хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах, банкны салбарт хуримтлагдах эрсдэлийг сааруулах, иргэдийн өнөөгийн болон ирээдүйн хэрэглээг тогтворжуулах, банкны эх үүсвэрийг бизнесийн салбарт чиглүүлэх эерэг нөлөөг үзүүлэх магадлалтай гэж Монголбанкнаас мэдээллээ.