Х.Оргил
06 сарын 13, 2023
Улс орнуудын хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь таван оронд 50-аас дээш хувь, 28 оронд 40-өөс дээш хувь, 59 оронд 30-аас дээш хувь, 117 оронд 20-оос дээш хувьтай байна. Харин Монгол Улс 2021 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 17.3 хувиар 193 орноос 127 дугаарт, Азийн бүсийн 30 орноос 19 дүгээр байранд эрэмбэлэгддэг. Гэвч удтал яригдаж буй квотын асуудал олон асуудал дагуулаад буй.
Энэ асуудлаар эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүд мэдэгдэл гаргаад байна
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах гэж буй энэхүү эгзэгтэй цаг мөчид тогтолцооны саад бэрхшээлийг даван туулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бодитоор бий болгох зорилгоор нэр дэвшигчдийн квотыг 40 ба түүнээс дээш болгох, жагсаалтад хүйсээр ээлжлэх заалтуудыг батлахыг шаардаж улс даяар УИХ-ын нийт гишүүдэд хандаж ирүүлсэн нийт 2000 гаруй захидлыг УИХ-ын гишүүдэд хүргүүлж байна.
Аливаа улс орны шийдвэр гаргах түвшинд хүн амын төлөөлөл, хүйсийн тэнцвэртэй оролцоог хангаснаар төрийн бодлого шийдвэр нийт иргэдийн эрх, эрх ашгийн тусгаж, амьдралын чанарт эергээр нөлөөлөн, бодит үр нөлөө сайжирдаг нь олон судалгаагаар нотлогддог.
Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд тэнцвэртэй төлөөллийг хангахад шударга бусаар саад учруулдаг тогтолцооны олон хүчин зүйлс нийгэмд оршсоор, эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш гараанаас өрсөлдөх, эмэгтэйчүүд мэдлэг ур чадвараараа улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах боломжийг үгүйсгэсээр байна.
Монгол Улсын Үндсэн хуульд гишүүдийн тоог 40 хувиар нэмж, сонгуулийн холимог тогтолцоог баталсантай холбоотой Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийгмийн бүлгүүдийн төлөөллийг бодитоор хангах хүлээлт нийт иргэдийн дунд үүссэн билээ.
Тиймээс Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүд бид “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д тусгах гол саналаа илэрхийлэх зорилгоор “ТЭГШ ТӨЛӨӨЛӨЛ” захидлын аяны өрнүүллээ.
Захидлын аяны талаар 2023.06.13-ны Мягмар гараг, 10.00 цагт Сүхбаатарын Талбайн баруун талд Үйлдвэрчийн эвлэлийн байранд Эликсир кофешопт мэдээлэл хийх болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.