Буяндэлгэрийн Мөнхчимэг
02 сарын 02, 2023
Бидний үзэж өссөн "Үнсгэлжин", "Нойрсож буй гүнж", "Цасан цагаан" зэрэг хүүхэлдэйн кинонууд нь хэвшмэл ойлголтын хамгийн энгийн жишээ юм. Харин орчин үед энэ ойлголт эрс өөрчлөгдөж байна. Хүүхэлдэйн кино гэж хязгаарлахгүйгээр томоохон кино студиуд эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголттой дүрслэлээс татгалзаж, хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй агуулга руу чиглэж байна. Энэ талаар "Хэвлэл мэдээллийн зөвлөл"-ийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэгтэй ярилцлаа.
-Хэвшмэл ойлголт гэдгийг энгийнээр тайлбарлавал?
-Товчхондоо аливаа хэсэг бүлэг хүмүүсийг ерөнхийлөн тодорхойлж, хүлээлт үүсгэхийг хэвшмэл ойлголт гэж тодорхойлж болно. Жишээ нь эмэгтэйчүүд хүч муутай, яриасаг, эрэгтэйчүүд бяртай, дуу цөөтэй гэх мэтээр хүмүүст нийтлэг хүлээлт, шалгуур бий болгохыг хэлж байгаа юм. Гэтэл гэдгээр хэвшмэл хандлага нь хүмүүсийг ялгаварлан гадуурхах эхлэл цаашлаад хүчирхийллийн үндэс суурь болдог.
Заримдаа хэвшмэл ойлголтыг зөв, буруу гэж ангилах гээд байдаг.
Тухайлбал эмэгтэй хүмүүс цэвэрч, нямбай гэдэг нь эмэгтэйчүүдийг магтсан эерэг хандлагатай учраас байж болох зүйл гэх мэт ойлгодог. Гэвч үнэндээ эмэгтэй хүн бүр нямбай биш шүү дээ. Үүнээс нь болоод “Эмэгтэй юм байж чи нягт нямбай биш” гэдэг. Энэ нь нэг төрлийн ялгаварлах шалтгаан болж байгаа юм. Тиймээс ямар ч тохиолдолд хэвшмэл ойлголтоос татгалзаж, зайлсхийх хэрэгтэй.
-Таны анзаарч буйгаар контентийн зах зээлд хэвшмэл ойлголт хэр өөрчлөгдөж байна вэ?
-Нийгэм хөгжихийн хэрээр тухайн нийгмийн соёл, хүмүүсийн амьдралын хэв маяг үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйл ч хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Үүнийг дагаад урлагийн бүтээл, зохиол, медиа контентийн агуулгад өөрчлөлт гардаг.
Хамгийн энгийн жишээ нь "Уолт Дисней" компанийн бүтээлүүд юм. “Нойрсож буй гүнж” үлгэрийн анхны хувилбарт нойрсож буй гүнжийг харсан хаан дурлаж хоёр ихэр хүүхэдтэй болгочихдог тухай өгүүлдэг. Өнөөгийн нийгмийн тодорхойлолтоор хүчингийн гэмт хэрэг шүү дээ.
Хүүхэлдэйн кино болгохдоо энэ хэсгийг хассан байдаг. Энэ бол нийгэм өөрчлөгдөхийн хэрээр тухайн бүтээлийн агуулгыг хүнлэг, энэрэнгүй болгож, хүчирхийлэлтэй хэсгийг нь хасдаг гэдгийн илрэл юм.
Бичлэг үзэх:
-Орчин үед энэ төрлийн агуулгууд эрс өөрчлөгдсөн үү?
-Агуулгаас гадна гол дүрүүдийн гадна төрх, зан араншин ч хувьсан өөрчлөгдөж байгааг Диснейн гүнжүүдээс харж болно. 1950-аад онд хийгдсэн “Үнсгэлжин”-г 1995 онд гарсан “Покахонтас”-тай харьцуулахад л эмэгтэйчүүдийн дүрслэл хэрхэн өөрчлөгдсөн нь харагдана.
Сүүлийн 20 жилийн хугацаанд хийгдсэн кинонууд эрс өөрчлөгдсөн.
“Brave” хүүхэлдэйн кинонд гүнж ханхүүтэй суухыг эсэргүүцдэг бол, “Frozen” кинонд зөвхөн эгч дүүсийн хайрыг харуулдаг. Товчхондоо хэчнээн дээрэлхүүлсэн ч гэрээ цэвэрлээд л мөнхийн аврагчаа хүлээдэг гүнжээс морь унаад хаант улсаа өөрөө авардаг гүнжийг дүрсэлж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн талаарх нийгмийн үзэл хандлага өөр болж, хэвшмэл ойлголтоос татгалзаж байгаагийн илэрхийлэл юм.
-Тэгвэл орчин цагийн үзэгчдэд хэвшмэл ойлголттой контентууд гологдох нь ээ?
-Өнөөгийн хүүхдүүд цаанаасаа л хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй, аливааг өөрөөр харж байна. Тэд бүр 10, 20 жилийн өмнөх контентуудыг хүлээн зөвшөөрөхгүй.
Би гэхэд найман настай хүүхдэдээ “Үнсгэлжин” хүүхэлдэйн киног үзүүлэхэд гайхаж хүлээж авсан. Охин маань “Өөрийг нь дээрэлхэж байхад яагаад эсэргүүцэхгүй байгаа юм бэ” гэж хэлж байх жишээний.
Дан ганц хүүхэлдэйн кино гэж хязгаарлахгүйгээр томоохон кино стидиуд ч эмэгтэйчүүдийн талаар хэвшмэл ойлголттой дүрслэлээс татгалзаж байна. Аватар-2 кинонд гэхэд эмэгтэйчүүдийн талаар нэг ч хэвшмэл агуулга гардаггүй. Цэргийн генералыг гэхэд эмэгтэй хүнээр дүрсэлсэн байдаг шүү дээ.
Контент бүтээгчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, маркетингийн салбарынхан нийгмээсээ түрүүлж алхаж, хэвшмэл ойлголтоос татгалзсан, няцаасан агуулга гарахгүй бол хэрэглэгчдэдээ гологддог цаг иржээ.
-“Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажилласны хувьд контент бүтээгчдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-2008 судалгаагаар дэлхий даяарх хэрэглээний худалдан авалтын 80 хувийг эмэгтэйчүүд хийдэг гэсэн тооцоо гарсан . Энэ дүн гарснаас хойш зар сурталчилгааны ертөнц эрс өөрчлөгдсөн. Өмнө ихэнх реклам, маркетингийн ажлууд эрчүүд рүү чиглэж байв. Орчин цагт эмэгтэйчүүд илүү боловсролтой болж, ажил хийж нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог гэдгийг тооцдог болжээ.
Хоёр жилийн өмнөх судалгаанд аливаа нэг реклам зар сурталчилгаанд эмэгтэйчүүдийг хэвшмэл байдлаар дүрсэлсэн тохиолдолд тухайн бүтээгдэхүүний борлуулалт эрс багасдаг талаарх тухай дүгнэлт гарсан.
-Та нэлээд олон хэвлэл мэдээллийн байгууллагад BBC-гийн 50:50 төслийн түнш болох, тэдний аргачлалыг нэвтрүүлэхэд нь чиглүүлж ажилласан шүү дээ. Өнөөгийн монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хэрхэн гаргаж байна вэ?
-Манай улсын хувьд өмнөх үетэй харьцуулахад ахиц гарсан гэдгийг хэлэх ёстой, гэсэн хэдий ч бидэнд туулах ёстой урт зам бий.
Олон улсын хэвлэл мэдээллийн мониторингийн дүнг үзэхэд 4 эх сурвалж тутмын 1 нь буюу монголын хэвлэл мэдээллээр гарч байгаа нийт хүмүүсийн 25 хувь нь эмэгтэйчүүд байна.
Монголын өдөр тутмын сонин, сайтын улс төрийн сэдэвтэй мэдээний агуулгад дээрх байдлаар судалгаа хийхэд 10 эх сурвалж тутмын нэг нь л эмэгтэй байгаа юм. Уг нь бол хүн амын бүтцээрээ эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхтэй эн тэнцүү байх ёстой. Гэтэл УИХ, Засгийн газрын сайдууд, ИТХ-ын гишүүдийг тоолоход 10 улстөрч тутмын ердөө 2 нь л эмэгтэй хүн байгаа юм. Энэ нь шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн байр суурийг илүү чухалчилж үзэж байгаагийн илрэл юм. Зүй нь бол хэвлэл мэдээлэл цөөнхийн дуу хоолой болохынхоо хувьд улс төрд цөөнх болсон эмэгтэйчүүдээ харин ч илүү яриулах нь хэрэгтэй.
-Сэтгүүлчид энэ тал дээр ямар алдаа гаргадаг вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэйчүүдийг гаргахдаа өмссөн зүүсэнд нь, нүүр царай, будалтад нь их анхаардаг тал бий. Ярианы завсраар заавал “Та ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг вэ, гэр бүлдээ цаг зав гаргадаг уу” гэх мэтээр чадварлаг мэргэжилтэн байхын зэрэгцээ сайн ээж, эхнэр байх шалгуурыг эрэгтэйчүүдээс илүү тавьж, хүлээлт үүсгэдэг нь нууц биш.
Цаашлаад тэр хүний охин, энэ хүний ач, ийм хүний эхнэр эсвэл нууц амраг гэж шошго хадаж байна.
Бидэнд энэ мэтчилэн засаж залруулах, сайжруулах ёстой туулах урт зам байна. Тиймээс сэтгүүлчдийн хувьд хэвшмэл ойлголтыг дэвэргэхээс зайлсхийж, хэвшмэл ойлголтыг арилгахыг дэмжсэн бүтээлийг түлхүү хийх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд үүнийг редакцийн бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм.
жендэр контент сошиал медиа хэвшмэл ойлголт хүний эрхийн мэдрэмж жендэрийн мэдрэмж
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.