Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч Манжаагийн Алтанцэцэг зөвлөж байна

Өөрийгөө захирч сурах амаргүй. Хүний зуршил, байнга хийгээд, үйлдэгдээд, давтагдаад далд ухамсарт бараг дом болж хадгалагдчихсан тэр зүйлсийг засварлах бэрх. Өөрөөр хэлбэл одоо хийх дуртай зүйлээ хийх дургүй зүйлээрээ солино гэсэн үг. 

Турахын тулд эхний алхам идэх дуртай бүх хоолноосоо татгалзаж, хийх дургүй хөдөлгөөнөө хийж, залхуурлаа ялах хэрэгтэй болдог. Энэ нь өмнөх бүх дадал болсон зуршил болсон зан үйлийг өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм. Хүн бүрийн амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, бодол санаа өөр өөр байдаг болохоор амьдралд тулгарах асуудалд бас л өөр өөр өнцгөөс хандаж, хариу үйлдэл хийж байдаг. 

Өөрчлөлт хийх, өөрийгөө зөвийн зүгт залж сурахад хувь хүний өөрийн хүчин чармайлт, сэтгэлийн тэнхээ, мэдлэг хэрэгтэй болдог гэсэн үг. Манайхан ярьдаг, “Сэтгэлийн тэнхээгээр даваад гарлаа” гэж. Монголчууд их сэтгэлийн тэнхээтэй, тэвчээртэй, даван туулах чадвар сайтай хүмүүс байсан. Өөрийгөө удирдаж, өөрчлөлт шинэчлэлтийг бий болгох олон аргууд бий. Бас хүн бүр өөр өөр байдаг гэж дээр хэлсэнтэй адил хүн бүрт тохирох аргууд бас өөр байдаг. 

Мэдээж уулзаад зөвлөгөө авах үед яг өөрт нь тохирсон “жор” гаргаж ирнэ л дээ. Гэхдээ түгээмэл ашиглаж болохуйц хэдэн энгийн зөвлөгөө өгье.


1.Зорилгоо ухамсарла. Өмнөө тавьсан тавьсан зорилгоо жижиг гэлтгүй маш сайн ухамсарлан ойлго. Тэр зорилгодоо хүрсэн байгаагаар төсөөлөн бодож өөртөө урам өг. Өөрийгөө турсан байгаагаар, өмсөхийг хүсдэг гоёлын даашинзаа өмсөөд зогсож байгаагаар төсөөлөн бод. Үнэхээр урамтай шүү.


2. Өөдрөг бай. Чадахгүй шантарч, хэцүү байсан ч зорилгодоо хүрнэ гэсэн өөдрөг үзэлтэй бай. “Санаа нь сохор бол нүд нь сохор” гэдэг хэлц бий. Хэрэв чи оюун санаандаа сайхан зүйл болно гэдэгт итгэлтэй байвал, гарч ирж байгаа боломжуудыг олж харах магадлал чинь өснө. Өөдрөг хүмүүс илүү хурдан, боломжийн ажилд орж, өөдрөг хүмүүс унасан ч хурдан сэргэдэг амьдралын жишээ бид олныг мэднэ.


3. Сахилга баттай бай. Өөрийнхөө өмнө хариуцлагатай, гэр бүл, найз нөхөд хайртай хүмүүс, хамт олныхоо өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүл. Тэр цагт хүссэн үр дүн өөрөө гараад ирнэ дээ.


4. Талархалтай бай. Өөртөө болон бусдад талархаж бай. Бид өдөр тутам баярлалаа гэдэг үгийг автоматаар тоолж барамгүй олон удаа хэлдэг. Гэхдээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа үргэлж илэрхийлж байх нь бусдад болон өөртөө жаргалыг авчрах арга юм.


5.Урам зоригтой бай. Бүх зүйл сайхан болно гэж итгэ. Итгэл гэдэг чамд харагдахгүй, гарт баригдахгүй байгаа зүйлд итгэхийг хэлнэ. Тэрнээс биш нүдэнд харагдаад, гарт баригдаж мэдрэгдэж байгаа зүйлд итгэх шаардлага байхгүй шүү дээ.


6. Бүү бууж өг. Би бүх хүмүүст энэ үгийг хэлдэг. Даанч бууж өгөөгүй хүмүүс цөөхөн байдаг бөгөөд тэд амжилтанд хүрсэн байдаг. Тэгэхээр та ч бас бэрхшээлийн өмнө бууж өгөхгүй байж өөрийгөө хамгийн сайхан дур булаам эмэгтэй болж өөрчлөгдөхийг өөртөө зөвшөөрөөрэй.