ЛГБТ-ийн гүйцэтгэх захирал Э.Энхмаатай ярилцлаа.


-ЛГБТ гэсэн үгийн товчлол олон жил явсан. Сүүлд И нэмэгдсэн. Одоо К бас нэмэгджээ. Ямар утга санааг илэрхийлж байгаа вэ?

-Күийр гэсэн үгийн товчлол. Малгай үг гэж бас явдаг. Бэлгийн чиг баримжааг илэрхийлдэг. Эсвэл манай олон нийтийг хамтад нь күийр гэж илэрхийлдэг. ЛГБТИК+ гэхээрээ бидний хүрч чадахгүй олон нийтийг мартахгүйн тулд, бидний мэдээллийг харчихаад лайк дарж чадахгүй байгаа тэр хүмүүсээ үргэлж санахын тулд + тэмдэг ашигладаг.


-Бэлгийн цөөнхийн тулгамдсан асуудал юу вэ. Хэр олуулаа вэ?

-Манай байгууллага гишүүнчлэлгүй. Гэхдээ манай фэйсбүүк хуудас 25 мянган дагагчтай.  Дэлхийн жишиг тоо байдаг. Аливаа улс орны хүмүүсийн ойролцоогоор 10 хувь нь бэлгийн болон хүйсийн цөөнх байдаг гэж тооцдог. Хэр олон хүн байгааг судлах хөрөнгө мөнгө бидэнд байхгүй. Хоёрдугаарт манай олон нийт өөрсдөө би гей байна гэж гарч ирэхэд бэлэн биш. Та бэлгийн цөөнх гэж сая хэллээ. Хүйсийн цөөнх гэж бас ялгаатай. Трансжендер олон нийтийг гей, лесбиян нараас ялгаж хүйсийн цөөнх гэж хэлдэг. Хүйсийн цөөнхийн бэрхшээл нь хүртэл өөр.


-Бэлгийн болон хүйсийн цөөнх болсон хүмүүс “Би ганцаараа биш юм байна” гэдгээ мэдрэх боломж хэр байдаг вэ. Сошиал орчноос мэдээлэл авах боломжтой гэж ойлголоо?

-Бидний туршлагаас харахад хичнээн сошиал “ухдаг” ч биднийг “Дөнгөж саяхан олж харлаа” гэсэн хүмүүс ирдэг. Хэдэн хүн интернетэд байгаа билээ, хэд нь ухаалаг утастай байгаа бол. Орон нутагт байгаа хүмүүстээ хүрч ажиллаж чадаж байна уу гэх мэт асуудал бий. Орон нутгийн хүмүүст хүргэх сонины талаар ч бодож байгаа. Манай олон нийтийн хувьд “Би ганцаараа биш юм байна” гэдгээ мэдрэх тэр мөч маш хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Бид бас олон төрлийн гарын авлага гаргасан. Нөлөөллийн ажлаа хийгээд л явж байгаа.


-Бэлгийн цөөнхийн хувьд ч боловсролтой, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс байгаа байх. Тэдний зүгээс бусдыгаа дэмждэг тохиолдол байдаг уу?

-Байгаа. Жижиг бизнестэй ЛГБТИК хүмүүс олон. Тэд дэмжлэг үзүүлнэ, ажилд авна, манай байгууллагын үйл ажиллагааг ч дэмждэг. Мэдээж нээлттэй биш чадалтай хүмүүс ч байгаа. Гэхдээ гарч ирэх, өөрийгөө илчлэх эсэх нь тэр хүний л мэдэх хэрэг.


-ХДХВ-ийн халдвар тээгчдийн цөөнгүй хувь нь ижил хүйстэн эрчүүд байгаа талаар мэдээлдэг. Энэ хүмүүстээ хүрч ажилладаг, мэдээлэл хүргэдэг төсөл хөтөлбөр байдаг уу?

-ЛГБТИК хүмүүсийнхээ хүний эрхийн асуудлаар манай байгууллага ажилладаг. ХДХВ-ийн тал дээр “Залуус, эрүүл мэнд” байгууллага ажилладаг.


-Ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг Монголд албан ёсоор зөвшөөрдөггүй, Гэр бүлийн хуульдаа ч “гэрлэлт” гэж эрэгтэй, эмэгтэй хоёр, төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гээд заачихсан байдаг. Ижил хүйстэн гэр бүлийн хувьд хамтран амьдарч байна уу, яаж асуудлаа шийддэг вэ?

-Монголд гэрлэх нөхцөл байхгүй юм чинь албан ёсоор гэрлэхгүй. Түүнээс биш арав гаруй жил цуг амьдарсан хосууд ч байдаг. Хүүхэд  өргөж авсан хосууд ч бий. 


-Хүүхэд өргөж авах боломж хэр байдаг вэ?

-Ер нь ганц бие хүн хүүхэд өргөж авахад амаргүй. Гэрлэж чадахгүй юм чинь ганц бие гэж л тооцогдоно. Орлого, байрны нөхцөл харна. Шалгуур маш өндөртэй. Банкинд очоод ипотекийн зээл авах хүсэлт гаргахад ч гэр бүлтэй хүн зээл авах боломж өндөртэй. Ганц бие хүн авахад хэцүү. 

Ганц бие гэж явахаас аргагүй. Би хосоороо гэж тайлбарласан ч хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд бол найз охинтойгоо сүй тавьсан. Гадаадад очиж гэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 


-Шийдвэр гаргагчдын зүгээс юунд анхаараасай гэж хүсч байна?

-Төр маань ЛГБТИК хүмүүсийн асуудлыг ярьдаг дурддаг, байгаа гэдгийг маань мэддэг байгаасай. Эрүүгийн хууль шинэчлэгдэж  бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа,  эрүүл мэндийн байдлаар хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй, ингэх нь гэмт хэрэг гэсэн шинэ заалт орж ирсэн. Энэ хуулийн заалтыг сурталчилах, хэрэгжүүлэхэд төрийн зүгээс анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх кампанит ажил явуулж байна. ЛГБТИК хүмүүсийн эрхийн тухай яагаад мэдээлэл хүргэж болохгүй гэж. Гэтэл сонгуулийн үеэр хоёр, гурван нэр дэвшигч “Ижил хүйстэнүүдийг арчъя” гэх мэтээр ярьж байсан. Ийм л байдалд байна. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс маань биднийг битгий ялгаварлан гадуурхаасай гэж хүсдэг. Эмчид очоод тийм байдалд орсон хүн дахин очихыг хүсдэггүй. Түүнээсээ болоод маш их эрсдэл гардаг.


-Хүйс заасан үйлчилгээнүүд байдаг л даа. Эмэгтэйчүүдийн эмнэлэг олон байна. Эрчүүдийн эмнэлэг цөөн ч гэсэн байна. Харин манин гэж нэрлэгдээд байгаа хүмүүс хаана хандах вэ?

-Энэ талаар бид ажиллаж байна. Транс олон нийтийн тусламж үйлчилгээний стандартыг батлуулахаар ажиллаж байгаа. Манин гэдэг доромж утгатай үг, бид арчиж хаяхыг хичээдэг. Хос бэлэг эрхтэнтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Эр эм аль нь болох нь тодорхойгүй байдлыг интерсекс гэдэг. Эцэг эх болон эмнэлэгийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс ийм хүүхдийг төрсөн дарайд ньэр, эм алин болохыг өөрсдийн дураар шийдэж, хагалгаагаар асуудлыг шийдэх гэж оролддог байсан. Насанд хүрсэн олон интерсекс хүмүүс  үүний эсрэг дуу хоолойгоо өргөж байгаагаас үүдэн хүүхдийг нялхад нь  ийм мэс ажилбар хийхээ зогсоосон байдаг.