Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
01 сарын 19, 2026
СӨБ, ЕБС-ийн Боловсролын хөтөлбөр шинэчлэлийн ажлын хүрээнд бага боловсролын эрүүл мэндийн судлагдахууныг 1-5 дугаар ангид оруулахаар сургалтын хөтөлбөр боловсруулж өнөөдөр баталжээ. Эрүүл мэндийн хичээлийг нэгдүгээр ангиас эхлэн бие даасан хичээлээр оруулж эхэлсэн нь энэ удаагийн хөтөлбөрийн реформын гол хэсэг болж байгаа бөгөөд хичээлийг ирэх хичээлийн жилээс эхлэн заах аж. Үүнтэй холбогдуулан Боловсролын сайдын эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх О.Цэцэгбалаас тодрууллаа.
Эрүүл амьдрах дадлыг сонсоод тогтчихгүй, хийж байж л хэвшүүлдэг
Хүнд дадал зуршил хамгийн амархан суух үе нь 1–12 нас. Энэ үед нь л хүүхдэд зөв ойлголт, дадал суулгахгүй бол дараа нь хэчнээн хэлээд ч үр дүн бага байдаг. Тийм атлаа манай боловсролын систем өдийг хүртэл бага ангид зөвхөн тоо бодлого гэх мэт хичээлийн агуулгадаа л анхаарч, амьдралдаа хэрэгжүүлэх дадлыг суулгах тал дээр дорвитой анхаарч чадаагүй.
Манай улсад одоогийн хөтөлбөрөөр эрүүл мэндийн боловсрол дөрөвдүгээр ангиас эхэлж ордог. Харин бид нэгдүгээр ангиас эхлүүлэхээр болгосон. Тухайлбал, үдийн хоолны дараа шууд шүдээ угаах дадлыг сургууль дээр бодитоор хэрэгжүүлэх боломжтой байдлаар хөтөлбөрт оруулж байгаа.
Өдөр бүр нэг цагт, ижил орчиндоо, тухайн үйлдлээ давтсаар байвал нэг л мэдэхэд “хийх ёстой зүйл” болох юм. Бид хүүхдэд “Шүдээ өдөрт гурван удаа угаах ёстой” гэж хэчнээн хэлсэн ч тэр бүр дадал болгож чаддаггүй. Тиймээс хөтөлбөрөө боловсруулахдаа “юуг хэлж өгөх вэ?” гэж биш “юуг хийдэг болгох вэ?” гэдэг асуултыг төвөө болгож ажилласан.
Бичлэг үзэх:
Сургууль дангаараа хангалтгүй, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлье
Түүнчлэн хэдийгээр албан ёсоор хөтөлбөр гаргаад, багш зааж, сургуулийн зүгээс анхаарлаа гээд хангалтгүй. Бүрэн утгаараа хэрэгжихийн тулд эцэг эх, асран хамгаалагчдад ч нөлөөлөх ёстойг бид явцын дунд тод ойлгосон юм.
Тухайлбал нэгдүгээр ангийнхны хувьд багшийн үгийг их хүндэтгэж, хүлээн авдаг. “Орой 8 цагт унтах ёстой шүү” гэж хэлбэл багшдаа итгэж, биелүүлэхийг оролддог. Гэтэл гэртээ очихоор гэрийнхэн нь зурагтаа үзээд 10, 11, 12 цаг хүртэл унтахгүй байвал хүүхэд хоёр өөр ойлголттой нүүр тулж байгаа биз. Ийм зөрүү гарснаас л дадал тогтохгүй байгаа хэрэг. Тиймээс насанд хүрэгчдэд зориулж, хөтөлбөртэй уялдсан ном, материал давхар боловруулах ёстой болсон.
Үүнийг илүү үр дүнтэй болгохын тулд НҮБ-ын Хүн амын сан болон манай баг хамтраад эцэг эхэд зориулсан гарын авлага, ном гаргахаар ажиллаж байна.
Хөтөлбөрийнхөө агуулга, хэлбэрийн талаар дэлгэрүүлж ярихад бид эрүүл мэндийн хичээлээр академик үг хэллэг, нэр томъёонуудыг цээжлүүлэхээс илүүтэй практик туршлага олгохыг л голчилсон.
Дөнгөж сургуульд орж, уншиж ч сураагүй байхад нь уураг, өөх тос, нүүрс ус гэж заахгүй. “Өнгө өнгийн хоол” гэдэг ойлголтоор өдөр тутмын хүнсээ тэнцвэртэй сонгох арга барилд хөтөлж буй юм. Хүүхэд өөрөө ойлгоод ирэхээр эцэг эхээсээ асууж, шаардлага тавьж эхэлдэг.
“Манай багш өнөөдөр ногоон өнгийн хоол заавал идээрэй" гэсэн. Манайд дандаа мах, гурил байна. Ногоон өнгө хаана байна?” гэж хүүхэд нь хэлж чаддаг болвол тэр гэр бүл дагаад л өөрчлөгдөнө. Энэ арга олон улсын туршлагаар ч батлагдсан.
2040 он гэхэд эрүүл амьдралын хэв маяг, мэдлэг ойлголттой үе төлөвшинө
Мөн монгол хүүхдүүдийн дунд 80-90% нь шүдний цооролттой байна гэдэг чинь бараг "тахал" гэж хэлэхээр хэмжээнд хүрчихсэн гэсэн үг.
Шүд нь өвдөж байгаа хүүхдийн хичээл ойлгох чадвар буурдаг тухай судалгаанууд ч бий. Тиймээс бид анагаахын профессор, шүдний эмч, мэргэжилтэн, хоол тэжээлийн боловсролын чиглэлээр Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд зэрэг нарийн мэргэжлийн багийг оруулж ажиллуулсан. Үүний үр дүнд сургуулийн орчин нөхцөл, байршлаас үл хамаараад үдийн цайны дараа хүүхдүүд шүдээ угааж болох арга зүйгээр хангах болно.
Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг боловсруулахдаа хүүхдэд эрүүл амьдрах зөв дадлыг хамгийн боломжтой үед нь, хамгийн ойлгомжтой аргаар нь, бодитоор хэрэгжихүйц байдлаар суулгах гэж зорьсон. Энэ бол өнөөдөр эхлүүлээд маргааш үр дүн нь бүрэн харагдах ажил биш.
Гэхдээ бид өнөөдөр сууриа зөв тавивал, 2040 он гэхэд өсөж томроод, нийгмийн амьдралд оролцох залуус маань өөрийгөө авч явах чадвартай, эрүүл амьдралын ойлголттой үе болж төлөвшинө. Энэ л үр дүнгийн төлөө энэ ажлыг бид хийж байна. Дараагийн ээлжинд дунд болон ахлах ангийн эрүүл мэндийн хөтөлбөрийг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.189.111] ・ 12 өдрийн өмнө Хариулах
ransfer.cloud.mn/view/8L0QSR
Зочин [66.181.189.111] ・ 12 өдрийн өмнө Хариулах
ransfer.cloud.mn/view/UEOQF0
Зочин [66.181.166.36] ・ 12 өдрийн өмнө Хариулах
Бид усны барилга байгууламж, хөв цөөрөм, усалгааны системийн зураг төсөл, угсралт суурилуулалт, автоматжуулалт, ашиглалт болон цогц инженерийн шийдлийг боловсруулах чиглэлээр мэргэшсэн
Санал болгох
1 Монголын бизнесүүдийг олон улсын зах зээлд бэлтгэх системчлэлийн "мастер класс" зохион байгуулна
2 Монгол, Малайзын хөрөнгө оруулалтын эхлэл Куала Лумпурт тавигдлаа
3 Монгол залуугийн бүтээсэн дэлхийн брэнд SaiNgon кофе
4 Борлуулалт, бараа материал бүртгэлийн ухаалаг шийдэл Beez апп ашиглалтад орлоо
5 “Дулаахан өвөл”