 Л.Дэлгэрмаа
                
                            Л.Дэлгэрмаа
              
              10 сарын 25, 2025
            
               
            
Орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд ажлын цаг, хувийн цагийн хил хязгаар улам бүдгэрч байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Тэгвэл судалгаагаар амралтын өдөр ажилтай холбоотой зурвас, дуудлага, и-мэйл зэрэг мэдээлэл хүлээн авах нь хүний стрессийг дунджаар 20–30 хувиар нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.
Тархи энэ мэт байдлаар “ажлын горим"-оос бүрэн салж чадахгүй байснаар нойрны хэмнэл алдагдах, анхаарал төвлөрөл муудах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Үүнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд Европын хэд хэдэн улс, тэр дундаа Франц, Герман, Ирланд, мөн Өмнөд Солонгос зэрэг орон “Right to Disconnect” буюу “ажлаас тасрах эрх”-ийг хуулиар баталгаажуулжээ. Энэ хуулийн хүрээнд байгууллагууд амралтын өдөр, ажлын бус цагаар ажилтнуудтай холбоо барихыг хориглодог бөгөөд зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулдаг аж.
Франц улс 2017 онд уг хуулийг хамгийн түрүүнд хэрэгжүүлж, ажил олгогчдод и-мэйл, мессеж илгээх цагийн хязгаар тогтоох үүрэг өгсөн бол Өмнөд Солонгост төрийн албан хаагчдын ажлын и-мэйл серверийг ажлын бус цагаар автоматаар унтраадаг систем нэвтрүүлсэн байна.
Судлаачдын үзэж буйгаар “ажлаас тасрах эрх”-ийг хэрэгжүүлснээр ажилтнуудын бие махбод, сэтгэлзүйн эрүүл мэнд сайжирч, ажлын бүтээмж 15–20 хувиар нэмэгдсэн үр дүн гарсан байна.
Энэ нь зүгээр нэг амралт бус хүний сэргэлт, бүтээмж, аз жаргалын баталгаа болж чаддаг шинэ соёлын нэг хэсэг болжээ.
Эх сурвалж: eurofound
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.