“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөөтэй ярилцлаа.

-Өнөөдөр Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах хуультай болсон өдөр. Тухайн үеийг дурсахгүй юу?

-Феминзм бол эмэгтэй хүний цонхоор л бүхнийг хардаг. Харин жендэр 20 дугаар зууны сүүлийн хагаст феминзмын онолын үндсэн дээр бие даасан шинжлэх ухаан болж гарч ирсэн. Жендэр судлал нь эрэгтэй эмэгтэй хүний аль алинд нь ямар онцлог зовлон жаргал, асуудал юу байна вэ гэдгийг авч үзсэнээрээ онцлог. Үүнийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд НҮБ уруудах стратегийг хэрэглэсэн юм. 

Энэ нь улс орнуудад жендэрийн боловсрол олгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байв. Хөтөлбөрийн хүрээнд жендэрийн олон улсын шинжээч Английн профессор, хатагтай Налини Бөөрний НҮБ-ын эмэгтэйчүүдийн хөгжлийн сангийн дэмжлэгээр манай улсад сургалт явуулж байлаа. Энэ сургалтаар бэлтгэгдсэн олон хүн жендэрээр дагнасан үндэсний шинжээч, сургагч багшаар ажилласан. Би тухайн үед НҮБ-ын Хүн амын санд жендэр ухуулга нөлөөлөл, хүний эрхийн асуудал хариуцсан үндэсний зөвлөхийн ажил хашиж байлаа. Насаараа эмэгтэйчүүдийн асуудал ярьсан надад жендэрийн асуудал ойр байсан. Ингээд УИХ-ын гишүүдэд жендэрийг ойлгуулж, яагаад энэ хууль батлах хэрэгтэй вэ гэдгийг тайлбарлахын тулд 40 гаруй УИХ-ын гишүүнтэй уулзсан. “Хатан ухаан цэгнэхүй” номоо хүртэл бичиж байжээ. Хууль батлуулахад УИХ-ын гишүүн Очирбат Жендэрийн тэгш байдлыг хангах хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан.  

Ингэж хуультай болсон маань онцлохгүй байхын аргагүй том дэвшил юм шүү.Тухайн үед эрэгтэй эмэгтэй хүний гэр бүл болон нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь амар явц байгаагүй. Одоо ч дэлхий дахинд энэ хэвшмэл ойлголтыг өөрчлөх явц үргэлжилж л явна.


-Тухайлбал эмэгтэй хүн уул овоонд гардаггүй гэдэг ойлголт хэвшмэл ойлголт мөн үү?

-Мөн байлгүй яахав. Шинжлэх ухаан хөгжөөгүй үед эмэгтэй хүний сарын тэмдэг ирэх явцыг буруугаар ойлгодог байжээ. Тиймээс эмэгтэй хүн нүгэлтэй амьтан учраас бурхан гэсгээж сар болгон цусыг нь садруулдаг гэсэн эртний тайлбар бий. Үүнийг жендэр судлалын шинжлэх ухаан судлаад Gender stereotypes хүйсийн хэвшмэл ойлголт гэсэн ухагдахуун болсон. Монголчуудад гэхэд шүтээнт уул овоонд эмэгтэй хүн гишгэж болохгүй, эмэгтэй хүн галаас дээш гардаггүй, эрэгтэй хүнд л цайны дээжээ өгөх ёстой гэсэн янз бүрийн хэвшмэл ойлголт байсан. Үүнд авах, хаях ч зүйл бий. 

Энэ мэт хэвшмэл ойлголтуудыг өөрчилнө гэдэг өөрөө шинжлэх ухааны асар том ялалт байхгүй юу. 


-Гадагшаа ажиллаж буй залуусын гэр бүл салалтаар дуусдаг гэсэн судалгаатай танилцаж байсан. Үүн дээр улс орон жендэрийн бодлого баримтлах ёстой юу?

-Үүн дээр баримтлах бодлого хэрэгтэй байгаа. Гадаад ажиллахаар явсан залуусын гэр бүлийн 30 гаруй хувь нь салж байна. Үүнийг эрдэмтэд судлаад гаргаад ирчихлээ. Харамсалтай тоо. Иймээс зарим орнуудад тодорхой гэрээгээр явуулж гэр бүлийн хамтын амьдралыг дэмждэг. Тодорхой хугацаанд гэр бүлтэй нь уулзуулдаг зарчим бий.

Уг нь манай улс жендэрийн хууль баталсан Азийн анхны орнуудын нэг. Жендэрийн бие даасан үндэсний хороотой, бүх яамдад салбар зөвлөлтэй, аймгуудад салбар хороотойгоор ажиллаж байна. Энэ бол асар том амжилт. Харин 2012 онд Ерөний сайд толгойлж байсан Жендэрийн үндэсний хороог татан буулгаж яам руу өгсөн. Ашгүй 2016 онд улс төрийн эрх авсан улс төрийн хүчин Жендэрийн үндэсний хороог байгууллаа. Саяхан хурлаа хийсэн олон өөдрөг ажлыг хийнэ гэдэгт итгэж байна. 21 дүгээр зуунд жендерийн асуудал, эрэгтэй эмэгтэй хүний тэгш эрхийг хангаж, тэдний зовлон бэрхшээл асуудлыг төрийн бодлогоор анхаарч тооцох нь хөгжлийн арга зүй юм. 

Бодоод үз л дээ. Мал хувьчлалаар 140 мянган хүүхэд сургууль завсардсан байдаг. Тэдний 80 хувь нь эрэгтэй хүүхэд. Энэ эр юм хэдэн малын захад явж байг,хүний хүн болох юм охиноо л их сургуульд явуулая гэцгээсэн. Гэтэл өнөөдөр их дээд сургуульд 70 хувь нь эмэгтэйчүүд сурч байна. Монголын эмч нарын 70 гаруй хувь нь, багш нарын 80 гаруй эмэгтэйчүүд.  Энэ бол өнөө л жендэрийн хэвшмэл ойлголтын балаг. 


-Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Жендэрийн хуулиар үүнийг аливаа салбар байгууллагын аль нэгэн хүйсийн тэнцвэрийг 40-өөс доошгүй байх гэж заасан байдаг. Бусад орнуудад эрэгтэй эмч бэлдэхийн тулд элсэлтийн оноог нь эрэгтэй хүнд зориудаар доогуур тогтоосон жишиг ч бий. Тэгэж байж тухайн салбар дахь хүйс нь тэнцвэрждэг. Өнөөдөр гэхэд сумын эмчээр эмэгтэйчүүд голдуу ажиллаж байна. Орон нутагтаа ажиллаж байгаад л сумынхаа түргэний жолоочтой сууж байгаа нь ч цөөнгүй. Яагаад хуулиар хүйсийг тэнцвэржүүлэх бодлого явуулна гэсний цаана хүний амьдралын олон асуудал багтсанд бий. Энэ жилийн хувьд Жендерийн хороо нэлээн идэвхтэй оролцож, стратеги баталж байгаад олзуурхаж байна.


-Бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо их хэрнээ яг шийдвэр гаргахад дутагдалтай хэвээрээ?

-Нэг үеийг бодвол эмэгтэйчүүдийн оролцоог ойлгодог болсон нь сайн хэрэг.  УИХ-д нэр дэвшихэд 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэж хуульчилсан. Гэвч аймаг, нийслэл, дүүрэгт чадалтай, чадвартай, сэтгэлтэй олон зуун эмэгтэйчүүд намаасаа нэр дэвших эрхээ авч чаддаггүй. Эрхээ авсан ч эмэгтэйчүүдийг хооронд нь үзэлцүүлээд унагаадаг. Гэтэл дэлхийн маш олон олонд суудал хадгалах квот гэж бий. Тэгэж байж хүний хөгжил дэмжсэн, нийгмийн баримжаа сайтай бодлоготой төр улсыг бий болгодог. Квотоор оруулж ирэхийн тулд бодлогоор эмэгтэйчүүдээ дэмждэг жишиг ч бий. Манайд эмэгтэй нэр дэвшигчдэд тал муутай ханддаг хандлага хэвээрээ л байна. Энэ бол жендерийн боловсрол тааруу байгаагийн нэг жишээ. Эмэгтэй хүний дорд үздэг уламжлалт сэтгэлгээ арилахгүй л яваа хэрэг. Иймэрхүү зүйл яриад зарим хүний дургүйг хүргэчихдэг хүн дээ. 


-Яагаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцох ёстойг зарим хүмүүс төдийлэн ойлгодоггүй шүү дээ. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Эрэгтэй эмэгтэй хүнийг байгаль хоёр өөрөөр бүтээсэн. Эрчүүд алс хэтийг илүү сайн хардаг, өрсөлдөж маргалдахыг илүүд үздэг. Харин эмэгтэйчүүд харилцааг эрхэмлэсэн, тэгш зохистой байхыг эрхэмлэсэн, өнөөдрийн нөхцөл байдал дээр дүгнэлтийг зөв гаргаж чаддаг. Иймээс энэ хоёр байгалийн хүйсийн онцлог нь байгууллага хамт олны шийдвэр гарахад, тухайн улсын хөгжлийн бодлого тодорхойлоход ч гэсэн чухал үүрэгтэй. Гэр бүлийн хүрээнд хүртэл эхнэр нөхөр хоёр ярилцаж, санаа оноогоо хуваалцаж байж зөв шийдвэр гардагтай л ижил. 


-Нүүдэлчдийн амьдрал эмэгтэйчүүдэд хэр ээлтэй байсан бол?

-Богтлох ёс мөн эмэгтэй хүний ажилд эр хүн тусалвал хийморь сүлд нь доройтно гэдэг хэвшмэл ойлголтууд байсан. Ерөнхийдөө бол нүүдэлчний соёл монгол эмэгтэйчүүдэд хүн төрөлхтний түүхэн дэх тэр хатуу бэрхийг амсуулаагүй. Эрчүүд нь аян дайн хийгээд явсан хойно хүүхнүүд нь төрөө ч барьж, үр хүүхдээ ч өсгөж, эдийн засгаа ч барьж байж. Гэтэл  Арабын орнуудыг хар л даа, мухар сүсэгт бүсгүйчүүд нь нухлагдаж байна. Энэтхэгт айлд бэр болж очихын тулд инж өгдөг, инж нь хадмын талын санаанд хүрээгүйгээс болж нөхөр нь эхнэрээ хүчирхийлэх, цаашлаад бүр амийг нь хороох явдал ч их гардаг. Орчин цагийн манай улсад ч эхнэртээ тусласан эрчүүдийг авгайгаа толгой дээрээ гаргачихсан гэдэг ойлголт алдраагүй. Гэрээ цэвэрлэдэг, эхнэртээ тусладаг эрчүүдийн тоо хэр их өссөн бол. Нэмэгдсэн л байх гэдэгт итгэж байна.

Сонирхуулж хэлэхэд Латин америкийн орнуудад эрэгтэй хүнээр гэрийн ажил хийлгэх хууль хүртэл баталсан. Сонсоход инээдтэй юм шиг боловч адилхан ажил хийж ирчихээд нэг нь буйдан дээрээ хэвтэж зурагт үзэн нөгөө нь хоолоо хийх ёстой гэж. Эмэгтэй хүний хөдөлмөр хамгийн үнэлгээгүй, эхнэр маань ийм ажил амжуулчихаж, баярлалаа гэдэг нөхөр хэр олон бол? Хүүхдүүд гэр бүлийн энэ байдлыг харж өсөөд хүйсийн талаарх хэвшмэл буруу ойлголттой болж өсдөг.

-Гэрийн ажлыг хамтдаа хийнэ гэдгийг ачаа дарамт гэж ойлгодог эрчүүдэд та юу зөвлөх вэ?

-Эхнэртээ тусалдаг боловсролтой залуус байгаа. Гэхдээ олон биш. Ер нь эмэгтэй хүн л гэрийн ажил хийнэ гэсэн ойлголт хаана ч байхгүй. Яагаад тодорхой хэмжээгээр эхнэртээ тусалж болохгүй гэж. Нэгэндээ тусална, дэмжинэ гэдэг гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, зовлон жаргалаа ойлголцох арга юм шүү дээ. Сүүлийн үед гэр бүлийн харилцаанд цоо шинэ зүйл орсон нь гэр бүлийн зөвлөгөөн юм. Энэ бол гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлаа эхнэр нөхөр хүүхэдтэйгэй хамтарч шийдэх арга. 

Манайд эрчүүд л шийдвэр гаргах ёстой гэсэн уламжлалт ойлголт яваад байна. Гэтэл бидэнд хамтын шийдвэр гаргаж ирсэн эртний ухаан бий. Жишээ татахад Манжийн түшмэл Монголд таван жил сууж нүүдэлчдийн соёл яагаад хүчирхэг байдгийг судалжээ. Ингээд нүүдэлчид хаан ухаан, хатан ухааныг хоёуланг нь төрийн хэрэгт оролцуулдаг юм байна, хэрэв хүү нь ээжийгээ сонсохыг, нөхөр нь гэргийтэйгээ зөвлөлдөхийг болиулсан цагт нүүдэлчдийн төрийг хүчгүйдүүлж болно гэж хэлсэн гэдэг. 

Эр хүн л шийдвэр гаргах ёстой, гэрийн ажил хийвэл хийморь сүлд доройтно, эхнэрээ захирч байх ёстой гэсэн эр хүний тухай хуучирсан ойлголтуудаа халах цаг болсон. Эмэгтэйчүүд бид ч гэсэн хөвгүүд, эр нөхрөө халамжлан дэмжихдээ гэр бүлийн асуудалд оролцуулж би биш бид гэсэн үзлийг төлөвшүүлэх нь чухал. Хөвгүүдээ нээлттэй, зовлон жаргалаа хуваалцдаг хүн болгож хүмүүжүүлэхийг эрхэмлээрэй.