Д.Жаргалсайхан: Тэтгэврийн реформ хийхийн өмнө эхлээд тогтолцоондоо оношлогоо хийх хэрэгтэй


Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай тэтгэврийн тогтолцоо сэдвээр ярилцлаа. 


-Бид тэтгэврийн реформ, шинэчлэл гэж нэлээн ярьж байна.Өнөөгийн тэтгэврийн тогтолцоог яагаад өөрчлөх ёстой вэ?

-Ер нь аливаа хувьсал өөрчлөлт гэдэг эхлээд хүний оюун санаанд бий болдог. Өөрчлөлт хувьсгал гэдэг тэрхүү хуучин ойлголтыг л өөрчлөх тухай асуудал гэж би хардаг. Ардчилсан хувьсгалаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Нийгмийн тогтолцоо  өөрчлөгдсөн учраас тухайн нийгмийн гишүүдийн оюун санааг бүрдүүлдэг олон суурь ойлголтууд ч дагаад өөрчлөгддөг. Манайд 1990 оны хувьсгалаас хойш дээрх  өөрчлөлтүүд удаан бас нөгөө талаараа их “өвдөлттэй” явагдаж байна.  

Манай нийгэм олон талын оролцогчид  бас тэдгээрийн бүрдүүлсэн хүний эрхийн,  төрийн, боловсролын, эрүүл мэндийн, батлан хамгаалахын, санхүүгийн, мэдээллийн  гээд маш олон тогтолцоонуудаас бүрддэг. 

Энэ тогтолцоо болгоноор нь аваад үзвэл зарим нь нэлээн урагшилж, олон улсад ч үнэлэгдэхээр хэмжээнд хүрчихлээ. Жишээ хэвлэл мэдээллийн, санхүүгийн, хүний үзэл бодол,  эрх чөлөөг дээдэлдэг улс төрийн тогтолцоо гэхэд өмнөхтэйгээ харьцуулахад эрс өөрчлөгдсөн нь яах аргагүй үнэн.


Гэтэл зарим нэг тогтолцоо яг л хуучин нийгмийн ойлголтууд дээрээ суурилсан хэвээрээ байна.  Бидний нөгөө социализмын гэж нэрлэдэг үеийнхээсээ бараг өөрчлөгдөөгүй тогтолцоонуудын нэг нь яах аргагүй тэтгэврийн тогтолцоо. Энэ тогтолцооны үзэл баримтлалын загвар, хэв шинж, түүнийг бүрдүүлэгч суурь ойлголтуудыг бид  өнөөг хүртэл өөрчлөөгүй. Хүмүүс тэтгэврийн үр шимийг зохих ёсоор нь хүртэж чадахгүй байна гэж гомдоллож, бухимддаг нь голлон үүнтэй холбоотой. 


-Хуучирсан тогтолцоо өнөөгийн нийгмийн олон асуудлыг үүсгэж байгаа байх нь ээ?

-Үнэндээ хүмүүсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаагаар зогсохгүй эцэст нь энэ тогтолцоо маань  сүйрэл нүүрлэсэн тогтолцоо болчихлоо шүү дээ. 

Ийм хэцүү байдалд орчихсон тогтолцоогоо эв санааны нэгдлийн зарчим гэдэг ойлголтоор зөвтгөдөг, хаацайлдаг. Аль ч төрлийн даатгалын үйлчилгээ нь бүгдээрээ эв санааны нэгдлийн зарчим дээр суурилж үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг юуны өмнө энд дурдах нь зүйтэй. Хэнбугайг ч тойрдоггүй амьдралын зовлон бэрхшээлийг хамтдаа даван туулах гэдэг санаа юм. 


-Асуудал нь юундаа байна гэж та хардаг вэ?

-Хүн бүр санг бүрдүүлэхэд шударгаар хувь нэмэр оруулах, дундын санг үүсгэх, хувь нэмэр оруулсан аль ч гишүүнд зовлон бэрхшээл тохиосон үед дундын сангаас харилцан тохирсон хэмжээгээр авч хэрэглэдэг ийм цогц үйл ажиллагааны  зонхилох хэв шинжийг эв санааны нэгдэл гээд байгаа хэрэг.

Түүнээс биш хөдөлмөрлөж байгаа нэг хэсэг нь дундын санг үүсгэдэг түүнээс нь хөдөлмөрлөсөн, хөдөлмөрлөөгүй ялгаагүй, санг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан ,оруулаагүй ялгаагүй  бүгдээрээ хувааж хүртдэг зарчмыг эв санааны нэгдлийн зарчим гэж нэрлэж боломгүй.

Нийгэмд зовлон бэрхшээлтэй нүүр тулсан, бусдын дэм тус хэрэгтэй  олон иргэд байгаа нь нууц биш. Тэдэнд тусгайлан зориулсан нийгмийн халамж үзүүлдэг олон хөтөлбөр, аргууд байгаа. Тэдгээр хөтөлбөрүүдийг татварын мөнгөөр санхүүжүүлдэг нь олон улсад тогтчихсон практик юм билээ. 


-Таны бодлоор тэтгэврийн тогтолцооны нийгэмд гүйцэтгэх хамгийн чухал үүрэг?

-Уг нь оновчтой бүрдүүлж, төлөвшсөн тэтгэврийн тогтолцооны нийгэмд гүйцэтгэх үүрэг үлэмж их. Тухайн улс орны иргэдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтолцоог бүхэлд нь эрүүлжүүлэх, иргэдийн хуримтлалыг эдийн засгийн  бүтэн эргэлтэд оруулахад шийдвэрлэх  үүрэг гүйцэтгэдэг юм билээ. Цаашлаад үл хөдлөх хөрөнгө, ипотекийн зээл зэрэг өнөөгийн нийгмийн асуудлыг шийдэх шийдлийн нэг гарц нь болж чадна. 

Тэтгэврийн тогтолцоо нь үйлдвэрлэлийн, нийгмийн дэд бүтцүүдийг бий болгоход шаардлагатай санхүүгийн урт хугацааны их хэмжээний эх үүсвэрийг бүрдүүлдэг юм билээ л дээ.


-Тэтгэврийн тогтолцооны загварыг гаргахын тулд танай судлаачид ямар арга ашигласан бэ?
-Өмнө хэлсэнчлэн өнөөдрийн тэтгэврийн тогтолцоо өнөө л хуучин нийгмийн үеийнхээрээ, ямар ч шинэчлэлт хийгдээгүй учраас нийгмийн бусад тогтолцоонуудтайгаа уялдаж чаддаггүй. Тэр хэрээрээ нийгмийн гишүүдийн хяналтад хамрагддаггүй, хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөгддөггүй төдийгүй нийгмийн бусад тогтолцоо, үйл ажиллагааны хөгжилд чөдөр тушаа болчихсон нь илт боллоо. 

Ийм доголдлуудыг бас, түүнийг үүсгэж байгаа суурь шалтгаануудыг олж тогтоохоор  бид нарийвчлан судалж  дүгнэх судалгааг гүйцэтгэлээ. 

Гадны улс орнуудын туршлагаас ч үзэхэд ийм судалгааг маш их нөөц, цаг хугацаа зарцуулж хийдэг юм билээ. 

Манай багийн судлаачид маань  залуу, дундаж нас нь 30 гаруйхан. Гэсэн хэдий боловч тэд бол цэгцтэй сэтгэлгээтэй бас  танин мэдэхийн хүсэл эрмэлзлэлээр жигүүрлэсэн залуучууд.  Өөрсдөд нь мэдэхгүй зүйлс их байдаг гэдгийг  мэддэг, тэр мэддэггүй зүйлүүдээ  танин мэдэхийг эрхэмлэдэг. Ийм л зан чанартай залуусыг судлаач гэдэг ангилалд хамааруулах нь гол шалгуур болж байгаа. 

Энэ шалгуурт тэнцсэн, хүсэл эрмэлзэлтэй хүмүүс хэвшмэл ойлголтуудаа түргэн засаж залруулж чаддаг, шинэ шийдлүүдийг нээн хөгжүүлэх чадвартай байдаг юм. 


Бас ийм том цар хүрээтэй судалгааны ажлыг ийм залуу багтай хамтран гүйцэтгэхээр зориглож барьж авахад хүргэсэн гол хүчин зүйл бол  нийгмийн нэгж системийн инженерчлэлийн  аргачлал  юм. Энэ  системийн загварчлал нь уламжлалт судалгааны аргачлалтай харьцуулахад илүү нарийн төвөгтэй санагдаж магадгүй ч логикийн оюуны үйлдлүүд болон системийн сэтгэлгээний үйлдлүүдийг ашиглаж зорилтот үр дүнгийнхээ логикийн  загварыг урьдчилан хөгжүүлж гаргах  боломжийг олгодог  давуу талтай.


Ирээдүйд бий болгохоор зорьж байгаа үр дүнг бид хийсвэрлэн бодох аргаар гүйцэтгэдэг. Хийсвэрлэн бодох аргаар гаргасан үр дүнгийн загвар нь тухайн хүний сэтгэлгээний хэв маягаас үлэмж хамааралтай байдаг бөгөөд энэ нь  бодох сэтгэх үйл ажиллагааны хамгийн “барьцгүй” хэсэг нь юм.  

Судалгааны ажлын энэ хэсэг нь хамгийн их цаг хугацаа шаарддаг. Ийм төвөгтэй, цаг хугацаа их шаарддаг хэсгийг системийн загварыг ашиглаж гүйцэтгэснээр судалгааны ажлын чанарт ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр богино хугацаанд гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байгаа юм.  


-Манай улс тэтгэврийн тогтолцоогоороо олон улсад хэр хоцрогдсон бол?

-Тэтгэврийн тогтолцоо нь тун боломжийн гэж эрэмбэлэгддэг 20 гаруй улс орныг онцолж, туршлагыг нь судалж үзсэн. Таны асуултын хариу нь Монгол улсын тогтолцоог аль улстай харьцуулахаас л хамаарна.

Олон улсын хэмжээнд Монгол улсын тэтгэврийн тогтолцооны хөгжлийг нь  авч үзвэл манай улсаас хойгуур ч яваа улс бий, бас хол тасарчихсан улс ч бий. Бас ижил түвшинд яваа тогтолцоотой улс ч байна.



-Тэтгэврийн тогтолцоо тойрсон маш олон асуудал бий. Хамгийн том сул талыг нь дурдвал….?

-Манай судлаачид тэтгэврийн тогтолцоо тойрсон,  иргэдийн ахуй амьдралд нь  тулгардаг асуудлуудыг аль болох олон талаас нь харж олон эх үүсвэрүүдээс  шүүж тодорхойлсон. Жагсаахад бараг 30 гаруй асуудал гарч ирж байна лээ. 


-Хамгийн чухлаас нь дурдахгүй юу?

-Эдгээрээс хамгийн тулгамдсан гэж хэлж болох хэдийг дурдая. Тэтгэврийн насанд хүрсэн ахмадуудын тэтгэврийн орлого нь амьдралд нь хүрэлцээгүй, зарим нь амьжиргааны баталгаажих доод түвшинд дүйх тэтгэвэр авдаг юм байна. Үүнийг хамгийн тулгамдсан асуудал гэж хэлж болох байх.

Үнэндээ олон иргэн тэтгэврийн наснаас өмнө эсвэл тэтгэвэрт гараад удалгүй нас барах тохиолдол  олонтоо гардаг. Гэтэл тухайн хүний өчнөөн олон жил хуримтлуулсан мөнгө тухайн хүний гэр бүлийн хэнд нь ч өвлөгддөггүй.


Уг нь бол тухайн хүний тэтгэврийн орлого бол тэр хүний гэр бүлийн орлогын дийлэнхийг бүрдүүлж байдаг шүү дээ. Тэр хэрээрээ тухайн хүн нас барсан тохиолдолд гэр бүлийн орлого нь тасалдаж гэр бүлийн гишүүдийнх нь амьжиргаанд том цохилт болдог. Үүнээс сэргийлэх нэг арга зам бол тухайн нас барсан хүний үүсгэсэн хуримтлалыг ар гэрийнхэнд нь даатгалын гэрээнд заасан нөхцөлөөр ашиглуулах эсвэл өвлүүлэх хувилбар юм

-Тэтгэвэр өвлөгддөг болох тухай асуудал олон жил яригдаж байна. Гадны улс орнуудад энэ асуудлыг шийдвэрлэхдээ ямар арга хэлбэрийг ашиглаж байна вэ?

-Янз бүрийн зохицуулалтуудыг хэрэглэдэг юм билээ. 

Тэдгээр зохицуулалтуудаас манай нөхцөлд тохиромжтойг нь сонгон шаардлагатай тохиргоог хийж нутагшуулж болно гэж үзэж байгаа. 

Тэтгэврийн насанд хүртлээ 30-40 жил хөдөлмөрлөж байж төлсөн мөнгийг нь 

“нийтийн тогоон”-д оруулчихдаг,

төсвийн цоорхойг нөхөхөд ашигладаг, 

өөрийн сонголтоор тэтгэврийнхээ хэмжээг тохируулж болдоггүй гэх мэт  ярьвал олон асуудал байна.

Нөгөө нийтийн тогоо руу нь дуртай хулгайч, луйварчингууд орж дураараа туйлдаг байвал тэр тогоонд ямар ч өөрчлөлт хийгээд нэмэргүй л дээ.  

Эдгээр асуудал, хүндрэлийг нэг бүрчлэн сайн таниж мэдэж байж уг асуудал эсвэл хүндрэлийг үүсгэсэн шалтгаануудыг таньж  мэдэх учиртай.

Тийм шалтгаануудыг баттай тогтоож чадаагүй үед ямар нэг  шинэ шийдэл хөгжүүлэх, нэвтрүүлэх гэж оролдох нь өвчтөн хүнийг шинжилж оношлоогүй байж эм тариа, өөр бусад эмчилгээ санал болгож буйтай агаар нэг юм.  Тэгэхээр энэ олон шинжилгээ судалгааг сайн хийхээс өөр арга байхгүй.


-Тэтгэврийн тогтолцооны асуудал сүүлийн үеийн улс төрчдийн ярих дуртай сэдвийн нэг болсон. Тэтгэврийн зээлийг  тэглэлээ эсвэл нэмлээ гэсэн шийдвэрүүд  гарсан шүү дээ?

-Манай тэтгэврийн тогтолцоо яг ийм арга барилаар өнөө маргаашаа  аргацааж  ирлээ. Гэтэл тэтгэврийн сан нь шүүрэн шанага шиг болчихсон, тэтгэвэр авдаг болон ирээдүйд авах  иргэд нь  их бухимдалтай, монопольчилсан  албадлагын аргаар үйл ажиллагаа нь явагддаг болчихсон байна.  

Ийм тогтолцоогоо засаж янзлахгүй бол асуудлууд ар араасаа шил даран  үүсчихсэн, бас цаашид ч үүсэх болно гэдгийг  бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ чигээрээ яваад байвал нийгмийн тогтворгүй байдалд ч хүргэж мэднэ. 

Тэтгэврийн зээлийг тэглэх, тэтгэвэр нэмэх нь ирээдүйд тогтвортой ажилладаг,  тэтгэврийн чанартай үйлчилгээ үзүүлж чаддаг тогтолцоог  бий болгох арга огт биш. 

Ийм  шүүрэн шанага шиг болчихсон тэтгэврийн тогтолцоо руу хэчнээн их мөнгө хийсэн ч үр дүн гарахгүй. Аанай л хулгай, хуурамч луйврын замаар буруу гараар орно. Үйл лайг нь татвараа төлдөг, нийгмийн даатгалыг төлдөг ААН, иргэд л үүрнэ. 



-Судлаачийн хувьд тэтгэврийн тогтолцоог өөрчлөхийн тулд хийх ёстой хамгийн чухал ажлыг хэрхэн харж байна вэ?

-Тэтгэврийн реформ хийхийн өмнө эхлээд тогтолцоондоо оношлогоо хийх хэрэгтэй. Тогтолцоо гэдэг нь үйл ажиллагааг хэлээд байгаа юм шүү дээ. 

Хүний биеийн үйл ажиллагаа хаа нэг хэсэгтээ доголдож,  өвдвөл хүн эхлээд шинжилгээ өгдөг. Шинжилгээгээр оношлогоо хийхэд шаардлагатай өгөгдөл, мэдээлэл бий болдог. Үүний дараа  шинжилгээний  дүн дээр үндэслэж  эмч онош тогтоодог.  Оношийг тогтоохын тулд  эмч тухайн хүний шинжилгээний хариуг эрүүл хүний үзүүлэлттэй харьцуулж улмаар онош тавьдаг.

Шинжилж, оношлохгүйгээр шууд “Би эмчлээд өгье, надад итгэчих” гээд байвал та тэр эмчид итгэх үү? Тогтолцоогоо оношлохгүйгээр тэтгэврийн реформ хийнэ гэж яриад, уриалаад  байгаа нь үүнтэй л төстэй сонсогдож байна.

Шинэчлэл өөрчлөлт хийж болно оо. Болохоор барахгүй өөрчлөх ч хэрэгтэй. Цаг нь ч болсон. Судалгаатай, бэлтгэлтэй байж тэр хуулиа өөрчил, шинэ хуулиа гарга. 

Тэтгэвэр бол  иргэдийн амьдралд шууд нөлөөтэй, нийгмийн харилцаанд оролцогч маш олон оролцогчдын үйл ажиллагаанд янз бүрийн хэлбэрээр нөлөө үзүүлдэг үйлчилгээний нэгэн төрөл юм.  Зөвхөн хэдэн төгрөг авах, өгөх, хуримтлуулах асуудал биш тул маш нухацтай хандах ёстой.

  


-Тэтгэврийн шинэчлэлт гэсэн сэдвийг дагаад тэтгэврийн хуримтлал гэсэн ойлголт гараад ирсэн. Энэ хэр зөв шийдэл вэ?

-Зарим хүмүүс тэтгэврийн үйлчилгээг банкны хадгаламжтай адилтгаад байдаг. 

Банкны хадгаламж, тэтгэврийн даатгал хоёр нь хоёулаа хуримтлалын хэв шинжийг агуулдгаараа ижил төстэй. Хүн хуримтлалыг банкинд хүн янз бүрийн зориулалтаар үүсгэж болно. Хугацаа, хэмжээ нь ч ихээхэн хэлбэлздэг. 

Банкны хувьд зориулалт нь ямар байх нь асуудал биш. Харин ахиухан хэмжээний мөнгийг аль болох урт хугацаагаар, бага хүүтэйгээр хэрэглэгчдээсээ татан төвлөрүүлдэг. Харин тэтгэврийн үйлчилгээ нь тэс өөр зориулалттай, даатгалын үйлчилгээ юм.  

Аливаа хүн байгалийн жам ёсоор хөгширнө, өвчин зовлонд өртөнө. Ийм үед тухайн хүн болон түүний гэр бүлийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж өрхийн төсөв дундарна. Ингэж дундарсан төсвийг нөхөх зорилгоор хүн төрөлхтөн түүхэндээ бүтээж хэрэглэж байгаа аргыг тэтгэврийн үйлчилгээ гэдэг юм байна. 


-Яг үнэндээ хүн бүхэн тэтгэврийн хуримтлал, тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гэж ярьж байгаа ч асуудал үүсэх вий гэсэн айдас байгаа. Зохицуулалт дээр анхаарах чухал зүйлийг нэрлэвэл?

-Тэтгэврийн үйлчилгээ нь төрөлжсөн гүнзгий мэдлэгтэй мэргэжлийн хүмүүсийн гүйцэтгэдэг тооцоо дээр үндэслэдэг, ихээхэн нарийн зохицуулалттай үйл ажиллагаа юм. Энэ тооцоо эсвэл зохицуулалт нь аль нэг хэсэгтээ буруу, зөрүү хийгдвэл гарах сөрөг үр дагавар нь айхтар байдаг гэдгийг энэ судалгаагаар ойлгож авлаа. “Зоос” банк, “Хадгаламж” банк, Хадгаламж зээлийн хоршооных шиг  асуудлууд үүсэж болзошгүй гэсэн үг.  Элдэв луйвар үүсэхгүй юмаа гэхэд л олон хүний амьдралд өндөр эрсдэлүүд үүсэх  аюултай. 

Тэтгэврийн үйлчилгээ бол сонирхсон хүн болгон нь  хийчихдэг зүйл биш, актуар хэмээх  маш нарийн судалгаа дээр гарч хийдэг  мэргэжлийн үйлчилгээ гэдгийн ухамсарламаар байна. 

Зөвхөн хуримтлалын үйлчилгээ гаргачхаад үүндээ тэтгэврийн данс гээд нэр өгчихвөл тэр хуримтлалын үйлчилгээ нь тэтгэврийн үйлчилгээ болоод хувирахгүй шүү дээ. 

Өнөөдөр тэтгэврийн тогтолцоонд хамрагдаж буй иргэдэд тулгарч байгаа хүндрэл, саад, бэрхшээл бүрийг нарийн судалж үзвэл цаашаа ямар чиглэлээр сайжруулалт хийж болох вэ, хийх хэрэгтэй вэ гэдэг нь харагдана.

Энэ салбарт байгаа бүтэлгүйтэл, алдаа дутагдал болгоныг л оношилж судлаад танин мэдчих юм бол үүнээс шийдэл нь гарч ирнэ. Судалгаа, шинжилгээ, оношлогоо хийхгүйгээр аль нэг улс орны туршлага, загварыг  дуурайгаад жишиг болгоод явчихвал дахиад л бүтэлгүйтнэ. Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн иргэн болгоны хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлнэ гэдэг худлаа болно л гэсэн үг. 

Иймээс судалгааны ажлын маань гол зорилго үүн рүү чиглээд байгаа юм. 



-Хууль эрх зүйн зохицуулалт байгаа шүү дээ. Хянах тогтолцоо нь ажиллаж чадаж байна уу?

-Манай судлаачид тэтгэврийн тогтолцооны харилцааг зохицуулдаг одоогийн хэрэгжиж буй хууль, эрх зүйн баримт бичгүүдэд шинжилгээ хийсэн. Энэ агуулгад хамаарах 290 мянган үгтэй  70 гаруй хууль эрх зүйн акт байдаг юм билээ. 

Энэ олон хууль, дүрэм журмуудыг гаднаас нь хараад тоог нь тоолохоор   манай улсын тэтгэврийн тогтолцоо төгс байгаа мэт  харагдана. Гэвч эдгээр хууль, дүрэм, журам бүрийг, бас тэдгээрийн хоорондын уялдаа холбоог нарийн шинжлээд үзэхээр тэдгээр дүрэм журмууд ихээхэн замбараагүй, хоорондын уялдаа нь алдагдсан, бөөн давхцалтай, чанар муутай тогтолцоо байгаа нь мэдэгдэж байна. 

Угтаа яг л цагийн механизмыг бүрдүүлдэг эд ангиуд шиг бие биетэйгээ уялдсан  байх учиртай. Тийм замбараагүй, хоорондоо уялдаа холбоогүй байдлыг бид шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг гэж хэлдэг.

-Та бүхний ашиглаж буй системийн сэтгэлгээний аргаар энэ асуудлыг цэгцлэх боломж харагдаж байна уу?

-Тодорхой нэгдмэл зорилгыг хэрэгжүүлдэг, бүх оролцогч талуудыг түүндээ захируулдаг системийн загвар дээр суурилсан системийн инженерчлэлийн аргачлал  бол маш хүчтэй аргачлал. Энэ нь ч энэ удаагийн судалгааны явцад харагдлаа. 

Ямартай ч манай баг системийн загварыг ашиглаж Үндсэн хуулийн үзэл баримтлалд захирагдсан, иргэдийн өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээнд илүүтэй нийцсэн, зорилгоо баттай хэрэгжүүлэх  чадвартай тэтгэврийн үйлчилгээний тогтолцооны  загварыг гаргалаа. Гэхдээ бүрэн төгс загвар гаргачхаагүй гэдгээ манай багийн судлаачид сайн ухамсарлаж байгаа.  Сайн ч бай, муу ч бай ямар нэг ийм загвартай байх нь  огт загваргүй байхаас хавьгүй дээр гэж бодогдох юм. 

Жишээлбэл, та орон байртай болно  гэж зоривол эхлээд тэр бүтээхийг зорьж байгаа орон байрныхаа загварыг заавал оюун санаандаа боловсруулан гаргадаг, дараа нь түүнийхээ дагуу барьдаг, тэгээд засаж сайжруулдаг шүү дээ. Тийм загварыг гаргахгүйгээр орон байраа шууд бариад эхэлбэл адаглаад хавь орчны хүмүүс чинь гайхна биз дээ. Үүнтэй л адилхан, ямар ч нэгдмэл зорилго байхгүй, загвар байхгүй  нөхцөл байдалд манай тэтгэврийн тогтолцоо маань орчихсон байна. 

Судалгааны явцад мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө гарсан. Манай багийн гишүүд маань үнэхээр хичээсэн шүү. Бас хэд хэдэн удаа онлайнаар судалгааны ажлынхаа явц болон үр дүнг нь нээлттэй хэлэлцүүллээ. Иргэдээс олон санаанууд ирүүлснийг нь аль болох бүгдийг нь судалж судалгаандаа тусгахыг зорилоо.  


-Тэтгэврийн асуудлыг хувийн салбарт шилжүүлнэ гэхээр олон асуудал яригддаг. Гадны улс орнууд аль хэлбэрийг нь түлхүү ашиглаж байна вэ?


-Тэтгэвэр гэдэг чинь нэг төрлийн үйлчилгээ шүү дээ, татвар биш. Уг нь иргэн тэтгэврийн үйлчилгээгээ авахын тулд хэнээс үйлчилгээ авахаа сонгож болдог баймаар  байна шүү дээ. 

Сонголттой байна гэдэг чинь үйлчилгээний байгууллага, үйлчлүүлэгч гээд аль аль нь хөгжих боломж нээгдэнэ гэсэн үг. 

Үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд нь төрийн, хувийн гэж ялгарахгүйгээр бүгдээрээ хоорондоо шударгаар өрсөлддөг байх учиртай. Тэгэж байж сайн үйлчилгээ гарна. Тэгэхгүйгээр үйлчилэх естой байгууллага нь татварын байгууллага шиг үйлчлүүлэгчдэдээ хандаад  байна. Үүнийг л өөрчлөх гээд байгаа юм шүү дээ. 

Гадаад орнуудад олон янзын тогтолцоог ашиглаж байна. Хувийн хэвшил дагнасан, төрийн мэдлийн байгууллагын үйлчилгээ дагнасан, төр хувийн хэвшил хосолсон гээд янз бүр байна. Нөгөө талаар аль улс орон тэтгэврийнхээ үйл ажиллагаанд амжилт, бүтэлгүйтэл аль алинтай нь тулдаг л юм байна. 


Сэтгэгдэл бичих (9)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.