Нийгмийг эрх мэдлээр биш хэмжүүрээр хөтөлнө

“Нийгмийн нийтлэг эрх ашиг түүнийг хэмжих” нь сэдвээр цуврал ярилцлагаа үргэлжүүлж байна. 

Ярилцлагын маань зочин бол “ТУС солюшн" компанийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ийн Гүйцэтгэх захирал, философич Ё.Энхбаяр юм.


-Ярилцлагаа нийгэм гэж юу вэ гэсэн асуултаар эхлэх үү? Үүнд тохирсон тодорхойлолт бий юу?

Д.Ж: Нийгэм гэдэг тодорхойлолтыг мэдэхгүйгээр  нийгмийн эрх ашгийн талаар ярилцах нь утгагүй. Маш олон янзын тодорхойлолт байдаг юм билээ. Мэдээж дэлхийн 7 тэрбум хүн хүлээн зөвшөөрсөн ойлголтыг олоход бэрх. Гэсэн хэдий ч  монголчууд бид нийгэм гэдэг ойлголтоо нэгтгэх шаардлагатай болчихоод байна. Яагаад гэвэл бид нэг нийгэмд амьдарч байна, нийгмээ засаж сайжруулахыг хүсч байна. Тиймээс тэр хүсээд буй нийгмийнхээ тухай ойлголтыг нэг мөр болгох  цаг нь ирсэн. Үүнийг хийхгүйгээр манай нийгэм өөрийнхөө бий болгосон асуудлуудын намгаас сугарч гарах боломжгүй.

Нийгэм оршин тогтнож байгаа суурь шалтгаан нь нэгдсэн зорилго. Тэр зорилгоо хэрэгжүүлээд байвал нийгэм өөрөө оршин тогтноно. Тэгэхээр нийгэм гэж тодорхой нэгдмэл зорилготой, зорилгоо хэрэгжүүлж үр шимийг нь хүртдэг хүмүүсийн харилцан хоорондоо уялдаатай үүргүүдээс бүтэж буй, нэгдмэл цогц үйл ажиллагаа юм. Үндсэн хуульд гэхэд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гээд тодорхойлоод заачихсан. Хүн болгон энэ зорилгыг хэрэгжүүлэхэд үүрэг хүлээж оролцоно. 

Ё.Э: Нийгэм бол хүмүүс хоорондын харилцааны хэлбэр.  Нийгмийн гишүүдийн  гэрээ зөвшилцлөөр бий болдог гэж хэлж болно.  Тухайлбал, хүмүүс хооллож ундлах, хувцаслах хэрэгцээ буюу эдийн засгийн хэрэгцээгээ харилцан хангах замаар  хамтардаг. Хоёрдугаарт оюун санааны хувьд хамтрах, нийгмээ хэрхэн зөв зохион байгуулах вэ, иргэн нь ямар үүрэгтэй байх вэ, төр нь ямар үүрэгтэй байх вэ гэсэн асуултаас улс төрийн харилцаа үүснэ.

Эцэстээ хамтрахын тулд л нийгэм байгаа. Гол нь нийгэмд хүн бүрт хамаарагддаг нийтлэг эрх ашигтай байх нь чухал. Хэрэв тус тусдаа өөр өөрийн эрх ашигаа хөөгөөд явбал нийгэм утга учраа  алдана. 


-Эндээс гэрээний тухай асуудал гарч ирэх нь. Үүнийг тодотговол?

Д.Ж: Зарим хүмүүс үүн дээр төөрөгддөг юм билээ. Миний хувьд гэрээг тохиролцоо гэдэг өнцөгөөс нь олж харвал илүү ойлгомжтой санагддаг. Хамгийн энгийнээр бол хоёр гурваараа эсвэл 20-30-уулаа, магадгүй 2-3 саяуулаа ерөөсөө хэд ч бай бид бие биенээ хүндэтгэж, дэм дэмэндээ  амьдрана гэсэн  тохиролцоо юм. Энэ тохиролцоог  бид цаасан дээр буулгаад баталгаажуулчихаараа гэрээ гэж нэрлэдэг. Анхдагч нь тохиролцоо байгаа биз.



-Нийгэм оршин тогтнохын гол үндэс нь юу юм бэ?

Д.Ж: Оршин тогтнож байгаагийн гол суурь шалтгаан нь тохиролцоо хийж байгаа хүмүүсийн суурь хэрэгцээ юм. Хүнд амьдрахын тулд маш олон хэрэгцээгээ хангах шаардлагатай. Мэдээж хүн ганцаараа энэ бүхнийг хийх боломжгүй. Заримыг нь хийж чаддаг байхад чадахгүй зүйл олон. Чухам ийм нөхцөл байдлын улмаас хүмүүс бие биенийхээ чаддаггүй зүйлээ нөхөж сэтгэл ханамжтай амьдрах хэрэгцээ шаардлага нь хүмүүс нийгэм гэдэг зохион байгуулалтанд орж амьдрах суурь шалтгаан болдог.

Ё.Э:Хүний бие биетэйгээ хамтарч амьдрах хэрэгцээ нь төрөлхийн, байгалаас заяагдмал юм. Аристотель “Хүн бол нийгмийн амьтан” гэсэн байдаг. Ганцхан хүн ч биш  нийгмийн маягийн зохион байгуулалтаар хамтарч амьдардаг амьтад бий. Тухайлбал, шоргоолжны үүрийг анзаараарай. 

Би байхын тулд та, та байхын тулд би байх хэрэгтэй. Нийгэмд харилцан бие бие биетэйгээ хамтарч амьдарч байж амьдрал өрнөнө. Хүй нэгдлийн үед гэхэд ганцаараа биш олуулаа нэгдэн нийлж байж араатан амьтныг агнах нь зайлшгүй хэрэгцээ шаардлага байж. Ийм хэрэгцээ нь яваандаа нийгэм оршин тогтнохын үндэс болсон.


-Нийгэм гэдэг өөрөө гишүүдийнхээ хэрэгцээ шаардлагаар үүссэн байх нь. Тэгвэл тийм хэрэгцээ шаардлагыг нарийвчилан тайлбарлаж болох уу?

Д.Ж: Макс Нееф гэж хүн хүний суурь хэрэгцээг их цэгцтэй тодорхойлсон байдаг. Тэр юу хийснээр хүний суурь хэрэгцээ хангагдаж байна гэж үзэх, юутай болсоноор нь хэрэгцээ хангагдаж байна вэ гэдгийг, хэрэгцээ хангагдсан байхын тулд  ямар орчин хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлж, цэгцэлжөгсөн. Түүний онолыг судлаачид сонирхож үзүүштэй. Энэ бол бидний урьд нь /социализмын үед/ хэрэглэдэг байсан Маслоугийн онолтой харьцуулахад хамаагүй сайжирсан, ойлгомжтой, хэрэглэхэд дөхөмтэй ангилал юм билээ. Энэхүү  ангилалаар хүнд  үндсэн суурь хэрэгцээ гэж бий. Энэ нь амьд байх, амьдрахын тулд байх зайлшгүй байх 9 суурь хэрэгцээг хэлж байгаа хэрэг. Жишээ нь хүн өлсвөл юм идэх, цангавал уух, даарвал орон сууц хэрэгтэй. Анх би олж үзэхэд гайхал төрүүлсэн нэг онцлог нь тэдгээр 9 хэрэгцээний ердөө хоёр нь материаллаг,7 нь оюуны хэрэгцээ байгаа юм. Оюуны хэрэгцээ нь бусадтай ойр дотно байх, сурч мэдэх, юм бүтээх, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдрэх. 

Хүн ганцаардаж байна гэдэг нь бусадтай харилцаанд орохгүй байгааг илэрхийлж байгаа юм. 

Ганцаардсан хүн өөрийн доторх зүйлээ гаргаж чаддаггүй, илэрхийлж чаддаггүй, түүнээсээ болоод бэтгэрч ч болно. Энэ оюуны хэрэгцээгээ хангахын тулд бид бусадтайгаа хамтарч, зохицож амьдрахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ бол хүний цаад уг мөн чанараас үүдэн гарч байгаа хэрэгцээ юм. Эдгээр ангилалд аль алинд нь хамаарахгүй олон бусад хэрэгцээнүүд байдаг бөгөөд тэдгээрийг дагалдах хэрэгцээ гэдэг ангилалд оруулж байгаа юм. Макс Неефийн энэ матриц  манай нийгэмд гарч буй асуудлыг цэгцлэхэд нэмэртэй юм байна гэж бид үзээд албан ёсоор судалгаандаа хэрэглээд явж байна. 

Ё.Э: Нийгэм судлаачдын дунд маргаан өрнүүлсэн гол асуудал эндээс эхлэсэн. Социализмын үед нэгдүгээрт материаллаг хэрэгцээ дараа нь оюуны хэрэгцээ гэж ангилчихсан. Гэтэл зарим хэсэг нь хүнд идэж уух, өмсч зүүхээс ч чухал хэрэгцээ байдаг нь оюуны хэрэгцээ гэж үзсэн.  Одоо ч хуучин цагийн капитал шүтдэг ойлголт амь бөхтэй хэвээрээ. Үүнээс улбаатайгаар хүмүүс шинэ нийгэм рүү шилжихдээ “Материаллаг хэрэгцээ чухал. Энэ хэрэгцээгээ хангахын тулд хамтарч ажиллаж байна” гээд ойлгочихсон. Тийм учраас л хүмүүс оюуны хэрэгцээгээ хойш тавиад, материаллаг тал дээр нь илүүтэй төвлөрчихсөн тал бий. Гэтэл ардчилсан чөлөөт нийгэм гэдэг материаллаг хэрэгцээнээс илүү оюуны хэрэгцээг илүү шаарддаг юм байна. 


-Яг энэ тал дээр судалгаа бий юу?  Бид аль хэрэгцээг  нь орой дээрээ залчихаад байна вэ?

Д.Ж: Бид 1990 онд ардчилалыг тунхаглан бүгд л нэг зэрэг гараанаасаа гарсан. Үүний цаана ямар гэнэн бодол байсан бэ гэхээр капитлизм гэдэг мөнгөний төлөө амьдрал юм гэж ойлгочихсон явдал юм. Мөнгөтэй л бол бид кока кола ууж, марлборо татаж, Мерседес бенз унаад америк маягийн тансаг хауст сууж амьдын жаргалыг эдлэнэ  гэж төсөөлөөд бүгдээрээ л мөнгө, хөрөнгөний араас зүг чиггүй давхичихсан хэрэг. Өөрөөр хэлбэл,амьдралынхаа утга учрыг мөнгөөр хэмжсэн. Харин одоо бид давхиж давхиж байгаад бахардаад зогсч байна. Тэгэх ч ёстой юм. 

Эргээд харахад зарим нь хөрөнгөжиж, нэг хэсэг нь тааруухан л амьдарч байгаа. Тэгсэн хэрнээ бүгд аз жаргалгүй. Бүр бие биедээ туслах сайхан үйлдлийг хүртэл мөнгөтэй холбож тайлбарладаг. 

Ё.Энхбаяр багшийн хэлдэгээр хуучин нийгмээс уламжлагдан бидний тархинд амь бөхтэй байгаа тэр суурь ойлголтын хамгийн аюултай нь энэ юм. Гэтэл Макс Нееф дээрхи  9 хэрэгцээ бие биетэйгээ уягдчихсаныг тодорхойлчихсон. Өөрөөр хэлбэл, өлссөн хүн талхаа олж идэхийн тулд танин мэдэж, бусадтай хамтарч ажиллахаас аргагүй юм. Түүнээс биш мөнгөтэй болох тухай яриагүй. Сонирхолтой нь Макс Неефийн ангилалд шуналтай байх гэсэн хэрэгцээ байдаггүй. Гэтэл манай нийгэмд бие биенийхээ хийж буй зүйлийг “Энэ муу шуналаараа ингэж яваа юм. Би үүнээс дутдаг юм уу” гэж хавчдаг, барьцдаг сэтгэлгээний дутагдал яваад байна. “Али Баба”-гийн үүсгэн байгуулагч Жэк Ма эсвэл Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гейтсийн өнөөдөр хийж байгаа бүх зүйлийг материаллаг хэрэгцээ, шунахайн сэдлээр  тайлбарлаж яагаад ч болохгүй. Эдгээр эрхмүүд материаллаг хэрэгцээгээ хангачихсан төдийгүй өнөөгийн  нийгмийн маш олон хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх , сайжруулах чиглэлээр өдий төдий олон санаачилга гарган ажиллаж түүгээрээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байгааг харж болно. Өөрөөр хэлбэл, нийгэмд үнэ цэнийг бүтээж түүгээрээ бахархах , бусдаас ялгарах тийм хэрэгцээгээ хангаж байна гэсэн үг. 

Ё.Э: Бид социализмын үе шиг материаллаг болон оюун санааны хэрэгцээг жагсааж дугаарлах, эрэмбэлэх хэрэггүй юм. Энэ бол буруу ойлголт. Альч  хэрэгцээ нь чухал бөгөөд тэдгээр хэрэгцээ нь харилцан бие биетэйгээ холбоотой, нэг нэгнийгээ бий болгож байдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх ёстой.


-Нийгэм өөрөө таниж мэдэх хэрэгцээгээ ойлгохгүй байна гэсэн үг үү. Нийгмийн хөгжлийг юугаар хэмжих вэ?

Д.Ж: Бид нийгэм эдийн засгийг хөгжүүлнэ гэж ярьдаг. Үүнийг ажил хэрэг болгохын тулд Засгийн газар зорилт гаргаад, шаардагдах төсвийг УИХ-аар баталдаг. Гэтэл тэр зорилт хэрэгжсэнээр бий болж байгаа үр дүнг юугаар хянаж хэмжих вэ гэдэг нь тодорхойгүй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн орлого, инфляцийн түвшин гэх мэтийн цөөхөн тоон үзүүлэлтийг ашиглаж байна. Гэтэл эдгээр үзүүлэлтүүдээр 7 буудалд амьдарч буй  иргэний хэрэгцээ хангагдаж байна уу, амьдрал нь өсч сайжирсан уу гэдгийг хэмжиж болох уу. Харамсалтай нь тийм боломж алга. Ийм хэмжүүргүйгээр хийгдэх аливаа дүгнэлт нь хэн нэг албан тушаалтны үзэмжийн дүгнэлт байх болно. Үүний жишээ гэвэл бэлхэн. Саяхан Ерөнхий сайд байсан 2 ч хүнийг Монгол улсад ашиггүй гэрээ байгуулсан, бусдад давуутай байдал олгосон байж болзошгүй гэдэг үндэслэлээр баривчилж саатууллаа. Тэгвэл тэдгээр эрхмүүдийг баривчилсан нь хэр үндэслэлтэй вэ гэдэг дүгнэлтийг хийхийн тулд шалгуур хэрэгтэй. 

Тэгэхээр бид төрийн явуулж байгаа үйл ажиллагааны эцсийн үр дүнг дээрхи 9 ангилал дах хэрэгцээ хэр хангагдаж байгаагаар хэмжих ёстой. Хуучин тогтолцооны үед улсын төсөвт хэдий чинээ орлого оруулсанаар нь улсын эрх ашгийг хэмжиж байсан. Гэтэл тэр тогтолцоо задарч унаад бид шинэ нийгэм рүү орсон. Гэтэл бид өнөө л хуучин нийгэмд хэрэглэж байсан хэмжүүрээрээ л яваад байна. 


-Бид энэ амь бөхтэй оршиж ирсэн ойлголтыг яаж өөрчлөх ёстой вэ?

Ё.Э: Нийгмийн нийтлэг эрх ашгийг хэмжихийн тулд ямар эрх ашигаас тогтож буйг үзүүлэлт тус бүрээр нь шалгуур гаргаж үзэх ёстой. Жишээ нь, дан ганц ДНБ өссөнөөр тухайн улсын иргэд ухамсартай болно гэж үү. Харин ч хамгийн баян чинээлэг орнуудад хүмүүсийн ухамсар доройтож, аз жаргалын индекс доогуур ордог шүү дээ. Баялаг бий болох тусам хүний аз жаргалын индекс унаж байдаг. Энэ мэтээр нийгмийн эрх ашиг бий болгож байгаа олон тулгуурт шалгуур бий болгох нь чухал.

Д.Ж: Тэр шалгуурыг гаргах нь өөрөө төвөгтэй процесс гэдгийг ОУБ-ууд ч хүлээн зөвшөөрсөн зүйл. Бид нэгэнт Үндсэн хуулийн үзэл баримтлалдаа иргэдийн эрхийг хангахыг  зорилго болгоод заачихсан улс шүү дээ. Иргэн болгоны 18 төрлийн эрхийг хэр хангагдаж байгааг хэмжих аргыг нь заавал олох шаардлагатай. Тэгээд тэр хэмжүүрээрээ  төр бидэнд хэрхэн үйлчилж байгааг  хэмжих юм. Тэгж байж л нийгмийн эрх ашгийг хэмжинэ. Материаллаг болон материаллаг бус үнэ цэнээ бий болгож, ахуй амьдралдаа ашиглах бүхий л боломжоо  судлах, бодох сэтгэх, хамтрах боломжийг нь л төр баталгаатай хангах  хэрэгтэй. Төрийн нэрийн өмнөөс хэн нэгэн энэ ажилд дундуур нь орж ирээд байх хэрэггүй. Яг үнэндээ Үндсэн хуулийн үзэл баримтлалд иргэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төр бүх талын баталгааг нь гаргаж өгөхөөр заасан байдаг шүү дээ. Энэ ойлголтыг нийгэм даяараа нэг болгохгүй бол утгаа алдаад байна. 

-Ийм хэмжүүрүүдийг бий болгох алхамуудыг хэзээ, яаж хийх вэ?

Ё.Э: 90-ээд онтой харьцуулбал Улаанбаатар өндөр байшин олонтой, зам дээрээ багталцахгүй их машинтай болжээ. Улаанбаатарт гэхэд сая гаруй хүн амьдарч байна. Харин материаллаг бус нүдэнд харагдахгүй зүйлийг яаж хэмжих вэ гэдэг нь асуудал. Тухайлбал, хүн чанарын асуудал. Үндсэн хуульд заасан хүмүүнлэг нийгэм гэдэг нь энэ асуудлыг хэлж байгаа юм. Гэтэл үүнийг байшингийн өндөр шиг хэмжих боломжгүй. Хэрэв хүн чанарыг хэмжиж үзвэл материаллаг хэрэгцээнээс ч илүү тухайн нийгмийг тодорхойлдог зүйл гэдгийг үгүйсгэхгүй. 

Д.Ж: Авууштай нь 2016 онд УИХ-аас “Тогтвортой хөгжил 2030 он” гэсэн бичиг баримт гаргасан. Үүнд Монголын нийгмийн хөгжлийг хэмжих 20 үзүүлэлтүүдийг баталж гаргасан юм билээ. Гэтэл жил бүрийн зорилтуудаа энэ 20 үзүүлэлтээрээ хэмжихгүй өнөө л ДНБ гэдэг хэмжүүрээ л яриад  байна. Үүнийг хэрэглэвэл нааштай өөрчлөлт гарна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэмжихдээ ядаж энэ 20 үзүүлэлтээрээ хэмжээд сурчих хэрэгтэй юм. Тэгэхгүй бол бүгд өөр өөрийнхөө хэмжүүрээр хэмжээд сайн муу гэж талцаад байгаа хэрэг. 

Магадгүй хэмжүүрүүд нь буруу байж болно. Тэгэхдээ хэрэглэж байж л бурууг нь мэднэ шүү дээ.  


-Нийгэм хөгжихийн тулд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Бусад улс орнуудын хөгжсөн түүх ямар байдаг бол?

Д.Ж: Манайхан хөгжил гэдгийг хангалттай ярьж байна. Тэгсэн хэрнээ хөгжил гэж чухам юу юм бэ гэдгийг ойлгоогүй байх шиг. Энэ талаар олон янзын тодорхойлолт уншиж байлаа. Гэхдээ бүгдийг нь нэгтгэсэн нийтлэг хэв шинж байна уу гэдгээр нь ангилах гэж үзэхээр болоогүй. Харин Д.Бадарч багшийн “Системийн сэтгэлгээ” гэдэг номонд тун ойлгомжтой тодорхойлолт өгсөн байсан. Д.Бадарч багш “Тухайн зорилгыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх өөрчлөлтүүд эерэг буцалтгүйгээр бий болохыг хөгжил гэж хэлнэ” гэж тодорхойлсон юм. Ямар нэгэн юмтай харьцуулж байж хөгжил гарах нь ээ дээ. 

Хэмжүүр байхгүй бол хөгжлийн тухай ойлголт гэж байхгүй. 

Ё.Э: Нийгмийн эсвэл төрийн зүгээс ийм байна гэж хэмжиж зааж өгөхөөс илүү өөрсдөө ухамсартай болох хэрэгтэй. Ингэснээр өөрсдөө хэмждэг, шүүдэг болно. Ардчилсан нийгэмд шилжихдээ бид эрхийг гол болгодог нийгэм гээд хадуурчихсан. Гэтэл эрх үүрэг 2 гэдэг зоосны хоёр тал юм. Бид эрх үүргийнхээ хоорондын харилцааг зөв тодорхойж чадахгүй байна. Иргэн болгон би ямар эрхтэй вэ гэж асуудагтайгаа адилхан үүргээ мэддэг байх нь чухал.

Харахад нийгэм маань хөгжсөн юм шиг харагдавч бидний харилцаа улам төвөгтэй болж байна. Нэгэндээ түрэмгий, бие биетэйгээ зохицож амьдрах чанар нь улам багассан. Гэтэл хүний нийгмийн хөгжлийг материаллаг эд зүйлээр биш хүний амар тайван нөхцлөөр нь авч үздэг. 

-Ер нь нийгмийн хөгжилд гишүүдийн хүлээх үүргийг хэрхэн тодорхойлох вэ?

Д.Ж: Хүн болгон тодорхой үүрэг хүлээж байж л нийгэм урагшилна. Үүнийг Үндсэн хуулинд сайн тусгасан байдаг. Үүргээ биелүүдээд явбал нийгэм хөгжинө гэж үзсэн хэрэг. 

Ё.Э:Энгийн жишээ гэхэд зарим жолооч нар шар гэрлээр дайраад орчихдог. Гэтэл тэр дүрэм гэдэг зүйл чинь дээр дурьдсан иргэдийн эрхүүдийг хамгаалахын тулд гарсан зүйл байдаг.  Логикоор нь бодвол тэр шар гэрлээр дайраад орж байгаа хүмүүс бол бусад иргэдийн эрхийг хөсөрдүүлж байгаа хэрэг болж таарч байна. Үүнээс болж замын түгжрэл үүсээд үүргээ биелүүлж эрхээ эдлээд явж байсан хүмүүс хохирдог. Ингээд хэн нэг хүний эрх бусад хүмүүсийн үүргээр баталгаажна, бие биенийхээ эрхийг хүндэтгэнэ гэсэн үндсэн тохиролцоо алдагдчихаад байгаа биз. 

Английн Ерөнхий сайд Черчилль 75 насныхаа ойгоор “Би 25 нас хүртлээ эрх чөлөө гэдгийг эрхэмлэж явлаа. Дараагийн 25 жил нь дэг журам гэдгийг эрхэмлэлээ. Сүүлийн 25 жил нь дэг журам бол эрх чөлөө гэдгийг би мэдэрлээ” гэж хэлсэн байдаг. Эрх үүрэг гэдэг бол зоосны хоёр тал гэдгийг хэлээд байгаа биз. 


-Зарим хүмүүс дэг журмыг диктатуртай хольж ойлгодог. Ялгаа нь?

Д.Ж: Энэ хоёрын зорилго нь ондоо. Диктатур тодорхой бүлэг эсвэл нэг хүний эрх ашгийг хангадаг, хамгаалахын тулд, баталгаажуулахын тулд хийж буй зүйл юм. Гэтэл дэг журам нийгмийн бүх гишүүдэд бүгдэд нь хамааралтай нийтлэг зүйл. Дэг журам байхгүйгээр эрх байхгүй. Харин харамсалтай нь энэ хоёрыг хольж ойлгодог зүйл анзаарагддаг. Жишээ нь Казахстан, Хойт Солонгосоос жишээ авдаг ч юм уу. 

Ё.Э: Улс төрийн дэглэм, нийгмийн дэг журам хоёр өөр зүйл. Бид ардчилсан нийгмийг сонгож явчихаад яахаараа тоталитар дэглэмээ санагалзана гэж. Энэ бол маш буруу ойлголт.


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.