Д.Жаргалсайхан: Үндсэн хуулийг ойлгоогүй байж шударга ёс ярих нь утгагүй хэрэг

Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай ярилцлаа. Бид энэ удаа тогтолцоо хэмээх ойлголтыг онцолсон юм.


-Нийгмийн тогтолцооны тулгуур ойлголт гэхээр хол сэдэв санагдах байх. Яагаад энэ ойлголт чухал вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлэе?

-Энэ сэдвийг эхлүүлэхээс өмнө өөрөөс чинь хэдэн асуулт асууя. Энэ хорвоо дэлхий дээр Монгол гэдэг нэртэй нийгэм хэд байгаа бол?


-Мэдээж нэг л байгаа...

-Тийм ээ, хорвоо ертөнцөд Монгол гэдэг нийгэм нэг л байгаа. Үүн дээр хүмүүс маргахгүй. Тэгвэл энэ нэг л байгаа Монгол гэдэг нийгэм иргэдийн оюун санаанд хэдэн янзаар төсөөлөгддөг бол?


-Хүн болгон өөрийнхөөрөө төсөөлдөг учраас бараг гурван сая янзаар төсөөлөгдөж байгаа болов уу?

-Хорвоо дээр нэг л байгаа зүйлийг бид нар яагаад гурван сая янзаар төсөөлдөг юм бол?


-Хүн бүрийн өсөж төрсөн орчин, боловсрол, мэдлэг гээд олон зүйлээс шалтгаалж өөр өөрөөр ойлгодог байх...

-Тийм шүү. Энэ бол суурь шалтгаан л даа. Ээж аав нь, багш нь янз бүрээр тайлбарласан, хүн бүр өөр өөр эх үүсвэрээс мэдээлэл авдаг зэрэг олон шалтгаанаас хамаарч төсөөлөл нь өөр байгаа нь зүй есны үзэгдэл. 

Дотор нь амьдардаг, хорвоо ертөнцөд цор ганц зүйлийг гурван сая янзаар ойлгоод, хөгжүүлэх гээд байгаад асуудал оршиж байгаа юм. Тиймээс өөрөөс чинь энэ хэдэн асуултыг асуусан юм.

Эндээс л нийгмийн тулгамдсан асуудлуудыг олон янзаар ойлгож, маргаж мэтгэцгээж эхэлдэг шиг байгаа юм.

Бид хорвоо дээр нэг л байгаа Монгол Улс, Монголын нийгэм гэдэг ойлголтын талаар нэгдсэн ойлголттой болж байж л хөгжүүлж,  аз жаргалтай амьдарна биз дээ?  

Дээр нь бид чинь бүгдээрээ Монгол гэдэг улсын иргэд. Нөгөө тоонот гэрт толгой холбож, тогоотой шөлөнд хошуу холбоцгоосон хүмүүс. Гэр гэдэг ойлголт бол бидний оюун санаанд ижил төстэй зонхилох хэв шинжүүдээрээ буудаг. Тооно, унь, хана гээд. 


-Тэгвэл яагаад бид дотор нь амьдарч байгаа гэрийнхээ өөрөөр хэлбэл нийгмийнхээ талаар нэгдсэн ойлголттой болж чадахгүй байна вэ? 

-Учир  шалтгаан нь бидний сэтгэлгээнд л байгаа юм.

Бид ямагт бэлэн шийдэл, загвар хайдаг, өөрсдийн загвар, шийдлийг хөгжүүлэх тал дээр идэвхи чармайлт султай ард түмэн.

Тийм болохоороо нэг бол Америк, Сингапур, Герман загвар гээд нийгмийн маш олон загваруудыг шүтэцгээн, судлах дуртай.  

Үнэндээ тэдгээр шүтэж сүйд болдог нийгмийн аль ч загвар нь бидний сэтгэлгээ, амьжиргааны хэв шинжүүд, хүрээлэн байгаа орчны онцлогт бүрэн тохирч нийцдэггүй. 

Нийцдэг нийгмийн загварыг та бид л өөрсдөө судалж хөгжүүлэх учиртай. Өөр ямар нэг шидтэн,  супер удирдагч, шүтдэг бурхан багш, Аллах, Есүс нь ч үүнийг бидэнд хэлж сургаж чадахгүй, боломжгүй.


-Манай нийгэм урагшилж явна уу, ухарч явна уу гэдгийг юугаар нь дүгнэж болох вэ?

-Эхлээд,

✔хүний суурь хэрэгцээ гэж юуг хэлдэг вэ?

✔ямар хэв шинжийг бүрдүүлсэн нийгэм байх вэ?

✔Яавал хүн амьдарч ажиллахад тааламжтай орчин болж чадах вэ гэдэг асуултад өгөх хариултыг таньж мэдэх хэрэгтэй. Тэгэж байж хүн болгонд үр өгөөжөө өгдөг нийгэм ийм байх ёстой гэсэн загварыг хөгжүүлэх, бүтээх боломжтой болох байх. 

Загвар гаргахгүйгээр нийгэм маань буруу тийшээ явж байна эсвэл хоцрогдсон гэсэн дүгнэлтийг шууд хийх боломжгүй. 

Иргэн Цэрэндолгорын толгойд Монголын нийгмийг ийм болгочих юм сан гэсэн өөрийн гэсэн мөрөөдөл, төсөөлөл бий. Жаргалсайхан миний толгойд ч бас өөрийн гэсэн төсөөлөл хэдийн буучихсан. Дугаар хорооны иргэн Дулмаа, Дондогт ч бас өөрийн гэсэн бодол бий. Ингэж явсаар 3 сая гаруй төсөөлөл бий болчхож байгаа биз. 

Дугаар хорооны иргэн Дулмаагийн төсөөллөөр бүтсэн нийгэмд дугаар хорооны иргэн Жаргалсайхан би аз жаргалтай нийгэмд амьдарч чадах болов уу?

Онолын хувьд нэг дээвэр дор нэгэн цаг үед Дулмаа, Жаргалсайхан хоёр хоёулаа аз жаргалтай амьдрах боломжтой.

Гэхдээ энэ хоёр хоёулаа нийгмийнхээ талаар нэгдсэн ойлголттой болсон цагт шүү дээ.  Ийм учраас нийгмээрээ нэгдсэн ойлголт, загвартай болмоор байна. 

Нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нийгмийн загвар байхгүй бол нийгмээ засна, сайжруулна гэж амлах, цаашлаад энэ амлалтаа хэрэгжүүлэх боломжгүй нь эндээс илт харагдаж байна


-Улс төрчид энэ талаар хамгийн их ярьдаг. Нэг хэсэг Монголоо Азийн бар болгоно гээд нэлээд ярьсныг ч бид мэднэ. Тухайн үедээ нийгмээ гоё сайхан болно л гэж итгэсэн. Нийгэм ч солигдоод удаагүй байсан үе шүү дээ...?

-Нийгмээ шударга болгоё, Монголоо ялуулна гээд амлах нь мэдээж чихэнд чимэгтэй л сонсогдоно. Учир нь хүн бүр олон асуудалтай тулгараад түүнийгээ шийдэх хэрэгцээ шаардлага байгаа юм чинь. 

Нэг хэсэг Азийн бар улс болно гэж ярьцгаасан. Харамсалтай нь чухам тэр бар улс гэж мах их иддэг улс уу, халуун ой шугуйд амьдардаг улс юм уу, хурдтай, хүчтэй улсыг хэлдэг  юм уу?  Бүү мэд. Энэ мэт олон асуултад бодит хариулт олохгүйгээр бусдыг дуурайн хэлбэрдэж хошуурцгаасан.. Үр дүнд нь энэ үг хоосон яриа төдийхөн үлдэж.

Үүн дээр нэг жишээ татаж тайлбарлая.⇩⇩⇩

Амины байшин барих гэж байгаа нэгэн гэр бүлийг жишээ болгон авъя. Байшин барих гэж байгаа бол барьж эхлэхээсээ бүгдээрээ ярилцаж зураг дизайнаа гаргадаг биз дээ. Хэнд ямар өрөө гаргах, цонх нь хаана байхаас эхлээд өртөг зардал гээд цаашаа хөвөрнө. Энэ зураг дизайн бол баригдах байшингийн загвар юм.  Баригдсан хойноо ийм болно гэсэн төсөөлөл ч гэж болно.

Ийм загвараа гаргаагүй тохиолдолд ямар ч мундаг барилгын компани захиалаад, хэчнээн шилдэг мэргэжилтэн урьж, ямар ч үнэтэй барилгын материал, хамгийн чанартай тоосго, хүрз  жоотуутай байгаад байшинг барих боломжгүй. Гэтэл бид өнөөдөр нийгмээ хөгжүүлнэ гээд “барууны”, “зүүний” баахан аргатай, технологитой мөртлөө  үндсэн загваргүй сууцгааж байна. 

Энэ бол өнөөгийн нийгмийн асуудлын гол шалтгаан нь. Эдгээр асуудлаа шийдвэрлэе гэвэл ямар нийгэм бүтээх гээд байгаагаа загварт оруулахаас өөр арга бидэнд алга. Огт загваргүй байснаас буруу ч гэсэн нэг загвартай байх нь илүү. Учир нь тааруухан ч гэсэн загвартай бол дараа нь түүнийгээ сайжруулж чадна.

Нийтээрээ хүлээн зөвшөөрөхүйц загварыг хөгжүүлж  гаргасны дараа бид нэгдсэн зорилготой болчихож байгаа юм. Загвар гараагүй цагт бид гурван сая загвартай, загварууд нь нийлдэггүй, зөрчилдсөөр байна. Тийм зөрчилдөөний улмаас бид дотоод хамаг үнэ цэнэтэй нөөцөө шавхаж тамирдаж байгаа нь өнөөдөр илт байна. 


-Ийм  загварыг та бидний өмнөх ярьж байсан системийн сэтгэлгээний аргаар бүтээж болох уу?

-Бололгүй  яахав. Хийсвэр ойлголтуудын загварыг гаргах цорын ганц арга нь системийн сэтгэлгээний арга. Д.Бадарч багшийн бүтээсэн нэгэн гайхалтай ном бий. "Системийн сэтгэлгээ" гэдэг нэртэй ном. Тэр номонд системийн сэтгэлгээг их энгийнээр сайхан тайлбарласан байдаг. Энэ номыг уншвал системийн сэтгэлгээтэй хүн нь олон хүчин зүйлээс хамаарсан, харилцан үйлчлэлээр цогц болж буй, төвөгтэй үйл ажиллагааг  загварт оруулж чадна  гэдгийг ойлгоно. Тийм загварт оруулсан үйл ажиллагааг бид тогтолцоо гээд байгаа юм.


Монголчууд тус тусдаа өөр тийшээ хараад суучихвал бидний хэлдгээр шуудайд хийсэн үхрийн эвэр гэдэг л болно. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байна гэдэг нь хүн бүр амь амиа бодож байна гэсэн үг. Нэгдсэн зорилготой нэгдмэл загвараа гаргаагүй цагт бид бусдын урхинд орж, молиго үмхэж, тэмээний, ямааны, хүүхдийн, гэрлэлтийн мөнгөөр ирээдүйгээ арилжсаар, хууртсаар байх  болно. Халамжийн мөнгө өгвөл нийгмээ хөгжчихсөн мэт ойлгоод байна зарим нь. 


-Уг нь тогтолцоо, систем  гэдэг үгийг бид нэлээд хэрэглэдэг. Хуульд агуулгыг нь тодорхойлсон байдаг юм уу?

-Миний анзаарснаар манайхан сүүлийн үед тогтолцоо гэж нэлээн ярих болжээ. Харамсалтай нь гадныхнаас нэр томьёог нь шууд хуулж  доторх мөн чанарыг нь таньж мэдэхгүйгээр хэрэглэх гэж оролдоод байх юм. Энэ ойлголтын мөн чанарыг таньж мэдэхийн тулд энэ ойлголтынхоо хэв шинжүүдийг нарийвчлан задлах замаар гүн рүү нь орж судлах хэрэгтэй  байна. 


Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж хуулиудыг бид шүүж үзсэн. Манай хүчин төгөлдөр 623 хуулиас 200 гаруй хуульд 587 удаа тогтолцоо буюу систем гэдэг ойлголтыг ашигласан байгаагаас үзэхэд уг ойлголт нь манай нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг нь харагдаж байна. 


1.

Нийт хүчинтэй хуулийн тоо

623

2.

Систем гэдэг ойлголтыг агуулсан хуулийн тоо

108

3.

Тогтолцоо гэдэг ойлголтыг агуулсан хуулийн тоо


143

4

Систем болон тогтолцоо гэсэн ойлголтыг хоёуланг нь тусгасан хуулийн тоо

48

5.

Систем болон тогтолцоо гэсэн ойлголтыг тусгаагүй хуулийн тоо

420

6.

Нийт хуульд систем гэдэг ойлголтыг тусгасан тоо

587

7.

Нийт хуульд тогтолцоо гэдэг ойлголтыг тусгасан тоо

431

8.

Боловсролын хуульд тогтолцоо гэдэг ойлголтыг тусгасан тоо

7

Хууль гэдэг нь тодорхой зорилгыг албадан хэрэгжүүлж үр дүнд хүрдэг хэрэгсэл бөгөөд түүнд  тогтолцоо, систем гэдэг ойлголтыг өргөн ашигласан байгаагаас харахад эдгээр ойлголтуудаа сайтар цэгцэлж чадвал хуулийн хэрэгжилтэнд ихээхэн эерэг үр нөлөөтэй гэж үзэж байна. 


-Судлаачид тогтолцоо гэдэг үгийг чухам юу гэж тодорхойлсон байдаг вэ?

-Хуульдаа ингэж хэдэн зуугаар нь хийчихсэн энэ үгийнхээ утгыг, хэв шинжүүдийг  бид мэдэхгүй байна. Систем, тогтолцоо гэдэг ойлголтууд нь хүн төрөлхтний бий болгосон агуу бүтээлийн нэг. 

АНУ, Хятад улсыг аваад үзвэл тогтолцоо мөн. Монгол Улсын улс, түүний батлан хамгаалах салбар ч тус тусдаа тогтолцоо мөн. Аль нэг байгууллага, тэр бүү хэл гэр бүл мөн л тогтолцоо юм.  Энэ олон тогтолцоонууд бие биетэйгээ холбоо хамаарал, шүтэлцээтэй байх ёстой.

Монгол хэлний журамласан толь бичигт “Тогтолцоо гэж учир зүйгээр шүтэлцсэн, бүтэц хамаарлын цогц” гэж тодорхойлсон байсан. Үүнийг би нэлээн оновчтой тодорхойлолт гэж үзэж байгаа. Шүтэлцээ гэж ямар нэгэн жам ёсны, байгалийн хуулийн дагуу явагдаж харилцан үйлчлэл  юм. Нөгөө талаар цогц гэдэг ойлголт нь  нэгдмэл зорилго гэдэг өөр нэг ойлголтоос урган гардаг ойлголт юм. Учир шалтгаануудаар  хоорондоо шүтэлцээтэй олон харилцан үйлчлэлүүд зорилго руу чиглэхгүй бол цогц болж чадахгүй гэсэн үг л дээ. 


-Хуулинд хэрэглэсэн  энэ мэт  ойлголтуудыг бусад улс орнууд хэрхэн цэгцэлсэн  байдаг вэ?

-Би энэ талаар нарийвчилж сайн мэдэхгүй. Гэхдээ миний олж мэдсэн нэгэн сонирхолтой жишээг хуваалцъя. Манай Үндсэн хуулийн агуулга нь  манай нийгмийн  зорилгын агуулгыг илэрхийлсэн томьёоллоос эхэлдэг дээ.  

Гэтэл Сингапурын Үндсэн хууль нь  хамгийн эхлээд энэ хуульд орсон ийм үгийг ийм  утгаар хэрэглэгдэнэ гээд томьёолохоос эхэлсэн  байдаг юм билээ. Тулгуур ойлголтуудаа маш тодорхой тусгачихсан, үүний дараа хуулийн заалтууд эхэлдэг. Үндсэндээ манай нийгмийн тогтолцооны үндсэн тогтвортой хэв шинжүүдийг нь бүрдүүлдэг арга нь нэгдсэн тулгуур ойлголтууд байдаг гэсэн үг.  

Бид тогтвортой хэв шинжийг бүрдүүлэх аргыг хэрэглэхгүй бол Үндсэн хуулийнхаа үзэл санааг өөр өөрийнхөөрөө янз бүрээр тайлбарлаад , хэрэлдээд, маргалдаад байна. 


-Бид тэгэхээр нэгдсэн ойлголт, загваргүй. Таны бодлоор өнөөдрийн нийгэм маань юуны хүчээр урагшилж яваа юм бэ?

-Бид Үндсэн хуулийнхаа хүчээр бид урагшлаад л байна. Өнөөдөр манай нийгэмд нэгдсэн ойлголтыг бий болгох, төрийн болон бусад бүтцүүдийг нийгмийн хяналтад байлгахад Үндсэн хуулийн гүйцэтгэж байгаа үүрэг маш их юм.

Цаашид бид энэ хуулийн үзэл баримтлалыг илүү гүн судалж, нэг мөр ойлгодог болох шийдлүүдийг хэрэглэж өөрсдийнхөө нийгмийнхээ талаар нэгдсэн ойлголттой болох цаг нь иржээ. Ингэхгүй бол өөрсдийнхөө мулгуу, харанхуйн бурууг Үндсэн хуульд тохоод өөрсдийнхөө ахархан эрх ашигт нийцүүлэн өөрчилсөөр түүнийг дагаж нийгэм маань самууруулсаар байх нь.  


-Таны ахалсан судалгааны баг 2018 онд Үндсэн хуулийн үзэл баримтлал дээр системийн шинжилгээ хийж байсан. Судалгааны дүнгээс хуваалцахгүй юу? 

-Системийн сэтгэлгээний талаар манай нийгэмд  практик шийдлийг ойлгуулж өгсөн хүн бол яах ч арга байхгүй  доктор, профессор Д.Бадарч багш шүү дээ. Дээр дурьдсан “Системийн сэтгэлгээ” гэж номыг уншвал бид олон зүйлийг ойлгоно. Болдогсон бол ЕБС-ийн хөтөлбөрт энэ номын агуулгаас оруулахсан. 

Хүн болгонд системийн сэтгэлгээний аргыг эзэмшүүлмээр санагдах юм.  

Хүмүүс систем гэхээр учир зүйн олдохгүй, араа шүдтэй эд анги шиг төсөөлөөд байгаад учир байна. Энэ бол ердөө л цэгцтэй сэтгэлгээний хэв маяг юм шүү дээ. 

Хүн аливаа зүйлийг хийхийн өмнө заавал боддог. Тэр бодох процесс заавал цэгцтэй байх ёстой. Тэгвэл цэгцтэй сэтгэлгээ буюу системийн аргыг эзэмшээгүй хүн нь дараах “мэдэхгүйнүүд”-ийн аль нэгтэй заавал учирна. Энэ алдарт дөрвөн мэдэхгүйнүүдээс та бидний өмнө тулгарч  бүх асуудал үүсдэг. 

  • Өөрт нь мэддэггүй зүйл байдаг гэдгийг мэддэггүй, ухамсарладаггүй  

  • Чухам юуг мэддэггүй, юуг мэддэгээ мэддэггүй  

  • Мэддэггүй зүйлээ  танин мэдэх аргаа мэддэггүй 

  • Танин мэдсэн зүйлээ үнэ цэнэтэй шийдэл болгох аргаа мэддэггүй 

Өнөөдөр нийгэм маш их бухимдалтай байна. Ийм их бухимдлыг үүсгэж байгаа шалтгаан нь бид өөрсдөө  нийгмээ таньж мэдээгүй, шийдэл хөгжүүлэх аргаа мэдэхгүй гээд олон мэдэхгүй бий.


-Гадны орнуудад ч бас ийм асуудал тулгарч, туулсан байж таарна. Системийн сэтгэлгээ шийдэл байж чадах уу?

-Энэ хорвоо дэлхий дээр бид л ганцаараа  асуудалтай байгаа юм биш л дээ. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө туршид олон олон  асуудалтай тулгарч ирсэн. Ялангуяа, нийгмийн хүрээнд. Нийгмийн хүрээний асуудлуудыг шийдвэрлэх олон арга замуудыг хөгжүүлж бий болгосон. Тийм аргуудын ноён оргил нь Үндсэн хууль гэдэг ойлголт юм. 

Бид Үндсэн хууль гэдэг ойлголтын мөн чанарыг нь төдийлөн таньж мэдэхгүй байна. 

Энгийнээр хэлбэл, Үндсэн хууль гэдэг нь нийгмийн гишүүдийн хоорондын тохиролцоо юм. Зарим судлаачид үндсэн хуулийг нийгмийн гэрээ ч гэж үздэг. Гэрээ гэдэг нь тохиролцоог албан ёсоор бичгийн хэлбэрт оруулсныг  л хэлж байгаа юм. Тэгэхээр тохиролцоо гэх нь илүү дүйх үг  болов уу.

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг цогцоор нь боловсруулж  суурийг нь тавьсан хүн бол алдарт хуульч Б.Чимэд агсан мөн гэж үздэг юм билээ. Тэрбээр “Үндсэн хууль бол алган дээр багтаасан Монгол Улс юм” гэж хэлсэн байдаг.

Энэ бол Та Үндсэн хуулиа л сайн таньж мэдчих юм бол  улс, нийгмээ бүтнээр нь  ойлгосонтой ижил гэдгийг хэлсэн хэрэг. Манайханд хуулиа судла гэхээр “Би хуульч биш , судлаач биш” гэж өөрөөсөө холдуулдаг, Үндсэн хуулийг өөрт нь ямар ч хамаагүй зүйл ойлгож байдаг нь сүүлийн үед жаахан өөрчлөгдөж байна. 

Би ч гэсэн саяхныг хүртэл ийм л ойлголттой явснаа нуухгүй. Системийн сэтгэлгээг гүнзгий ойлгож судлахын хэрээр асуудлыг өөрөөр харж  судлаач залуустайгаа Үндсэн хуулийн үзэл баримтлалд системийн шинжилгээ хийх гэж оролдсон. Судалгааны ажлаас гарсан үр дүнд ч олзуурхсан. Тэр судалгаагаар манай Үндсэн хуулийн үзэл баримтлал буюу манай нийгмийн нэгдмэл  зорилго, уг зорилгыг хэрэгжүүлэх шийдлүүд нь системийн суурь хэв шинжийн дийлэнхийг хангадаг юм байна гэдгийг олж харсан.


- Эдгээр хэв шинжүүдийг нэг бүрчлэн дурдаж болох уу?

-Судалгааны үр дүнгээр манай Үндсэн хуулийн үзэл баримтлал нь  системийн суурь хэв шинжүүдийг 80-90 хувь хангаж байгаа нь харагдсан. 

Тухайлбал Үндсэн хуулиараа манай улс  нэгдмэл зорилготой байхыг тунхаглачихсан гэдгээрээ давуу талтай. Нэгдмэл зорилгогүй улс орнууд байдаг юм билээ. Тэгэхээр нийгэм маань сайн ч бай, муу ч бай нэгдмэл зорилготой юм байна. 


Хүмүүнлэг иргэний  ардчилсан нийгэм гэдэг ойлголтуудын  тайлал нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд агуулагдсан байдаг юм  байна.  

16 дугаар зүйлээр заасан 18 эрх, эрх чөлөөг манай иргэд баталгаатай эдэлж байгаа бол манай нийгмийг хүмүүнлэг ч гэж хэлж болно, ардчилсан ч нийгэм гэж хэлж болох юм билээ. Нөгөө талаас иргэдийнхээ энэхүү эрх, эрх чөлөөг  баталгаатай эдлүүлэхийн тулд иргэд нь ч, төр нь үүрэг хүлээх учиртай байдаг нь системийн онолоор нотлогдсон байдаг.  


Ийм  үзэл баримтлалыг  нь ч бас Үндсэн хуульд заачихсан байгаа юм. Иргэд нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан, төр нь 19 дүгээр зүйлд заасан үүргүүдийг хүлээхээр  тусгайлаад заагаад өгчихсөн.

Эдгээр заалтууд буюу 16, 17, 19 дүгээр  зүйлүүдээр тогтоосон зарчмууд бол  манай  нийгмийн тогтолцооны тулгуур зарчмууд юм билээ. Бид энэ гурван зүйл заалтыг бүрэн ойлгож, нэвт шувт захирагдах ёстой. Эрх гэж бид хангалттай ярьж байгаа ч аль болох үүрэг хүлээхээс зайлсхийх хандлагатай хүмүүс олон бий.  

Гэтэл Үндсэн хуулиараа ч тэр, системийн онолын үүднээс ч тэр тухайн зорилгыг хэрэгжүүлэхэд оролцогч талууд бүгдээрээ үүрэг хүлээхгүйгээр ямар ч сайхан эрх, эрх чөлөөг хичнээн тунхаглаад тэр нь бодит үр дүн болох боломжгүй гэдэг нь энэхүү судалгаагаар нотлогдсон.

Дээр дурдсан амины байшингийн жишээг дахин аваад үзье. Монголын нийгмийг  амины байшинтай зүйрлүүлэх юм  бол Үндсэн хуулийн 16,17,19 дүгээр заалтууд нь  уг байшингийн суурь,  даацын хана, тулгуур багануудын үүргийг гүйцэтгэдэг  гэсэн үг.  

Энэ судалгаагаар бид Үндсэн хуулийн үзэл баримтлалыг системийн загварт оруулан дүрслэх оролдлого хийсэн маань амжилттай болж ХЭТ-16 гэж нэрлэсэн загварыг гаргаж авсан. ХЭТ гэдэг нь хүний эрх төвтэй гэсэн үгнүүдийн эхний үсгүүдийг агуулсан товчлол, 16 гэдэг тоо нь манай Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг илэрхийлж байгаа юм. 


Мэдээж энэ загвар маань төгс төгөлдөр биш. Манай судлаач залуучуудын маань хөдөлмөрөөр бүтээсэн загвар. 2020 онд үндсэн хуулинд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор уг загварыг дахин нэг шинжилж шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх санаатай байгаа тул иргэн, байгууллагууд санаа, оноогоо бидэнтэй хуваалцаасай гэж хүсэж байна. Ташрамд дурдахад энэ судалгааны ажлын тайланг манай сангийн сайтад байршуулсан байгаа. 


Үндсэн хуулиа бид танин мэдэж байж үйл ажиллагаагаа түүнд захируулах учиртай. Иймд Үндсэн хуулийн талаар өөрийн гэсэн загваргүй бизнес эрхлэгчид, иргэд, төрийн байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагаандаа энэ загварыг ашиглаад үзээрэй хэмээн зөвлөмөөр байна. Тэгвэл бид нэг загвартай боллоо л гэсэн үг.


-Японд төрийн албан хаагч ёс зүйн алдаа гаргавал шууд хариуцлага хүлээдэг тогтолцоо тогтсон байдаг. Манай Үндсэн хуульд энэ асуудал хэрхэн туссан байдаг бол?

-Нийтээрээ  дагаж мөрдөх тохиролцоог хүлээн зөвшөөрөх, дагаж мөрдөх  нь төвөгтэй, саадтай зүйл огтхон ч биш. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн дагуу иргэний  хүлээж буй үүрэг,  19 дүгээр зүйлийн дагуу  төрийн хүлээж байгаа үүргийг нь дотор нь цэгцтэй аргаар задлавал шинжилснээр   / дедукцийн аргаар / иргэн хүн бүр, төрийн албан хаагч болгоны ямар ч үйлдэл дээрээ дагаж мөрдөх хэв хэмжээнүүд тодорхой болдог юм байна. 

Ингэж тодорхой болгосны дараа эдгээр хэв хэмжээнүүдийг хууль дүрэм, журмууддаа тусган мөрдүүлэх боломж нээгдэж байгаа хэрэг. Нөгөө талаар хууль болон дүрэм журмаар тогтоосон хэв хэмжээнүүдэд захирагдаж ажиллах нь  төрийн албан хаагчдад өөрт нь ашигтай гэдгийг төрийн албан хаагчид маань бүгдээрээ ухамсарлах шаардлагатай. .

Үндсэн хуулиар тогтоосон үндсэн зарчмууд нь хүн төрөлхтний бий болгосон нийтлэг зарчмуудтай тун сайн нийцэж байгаа нь их олзуурхууштай. 

Тухайлбал, шударга, үнэнч, ёс зүйтэй байх гээд хэв хэмжээнүүд байна. Хүн хоорондын харилцааны ийм хэв хэмжээнүүд нь монгол хүнээс тийм ч хол хөндий ойлголтууд огт биш.  

Нийгэм төлөвшиж хараахан гүйцээгүй энэ үед манай зарим төрийн албан хаагчид өөрийнхөө нэр хүндийг золиосонд гаргаад албан тушаал,  мөнгө хөрөнгийг зорилго болгоод байна. Тийм хандлага нь өнөөдөртөө  болж байгаа мэт харагдавч эрт орой хэзээ нэгэн цагт үр дагавар нь заавал ирнэ шүү дээ. Үүнийг бидний монголчууд үйлийн үр гэдэг. 


-Сүүлийн үед иргэд нийгмийн сүлжээгээр нийгмийн болох бүтэхгүйг нэлээн шүүмжилж, дуу хоолойгоо нэгтгэдэг, үр дүнд ч хүрдэг болсон. Үүнийг та иргэдийн сэтгэлгээнд гарч буй  өөрчлөлт гэж хардаг уу?

-Өмнө нь “төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг би юугаа ярих вэ дээ” гэсэн хандлага давамгайлдаг байсан бол өнөөдөр тэр хандлага эрс өөрчлөгдөж байна. Саяхан хүчирхийлэл агуулсан түүх ярьсан хоёр дуучинд нийгмийн зүгээс үзүүлж байгаа хариу үйлдлүүд бол үүний нэг илрэл. Харилцдаг газрууд нь хүртэл гэрээгээ цуцалсан байсан. 

Нийгмийн нийтлэг үнэт зүйлсэд харш үйлдэл хийсэн хүмүүсийг байх ёстой байранд нь тавьж чадаж байна гэдэг манай нийгэм, иргэдийн сэтгэлгээ дархлаатай  байгаагийн шинж.

Энэ бол дэвшил, нааштай хандлага. Төрийн түшээд, олны танил хүмүүс ч үүнийгээ дагаад даруулгатай байх ёстойг ойлгож байна, хүссэн ч эс хүссэн ч ёс зүйн хариуцлага хүлээдэг болсон.  


-Хэт хуучинсаг сонсогдох байх л даа. Эрх үүрэг гэдэг харилцан уялдаатай ойлголтууд. Зарим үүргийг албадан хэрэгжүүлж боломжтой юу?

-Өөрийн чинь хэлснээр “албадан” гэдэг үг хуучин нийгмийг санагдуулдаг нь үнэн. Хуучин нийгэм маань айдас дээр суурилсан албадлагын аргыг өргөн хэрэглэдэг байсантай холбоотой үүссэн төсөөлөл байх. 

Логикоор авч үзвэл аль ч  ниигэмд албадлагын аргыг хэрэглэж нэгдмэл зорилгоо хэрэгжүүлэхээс өөр арга үнэндээ байхгүй гэж би боддог. 

Харин албадлагын агуулга хэлбэр нь айдас дээр биш, харин хүний итгэл үнэмшил дээр суурилсан албадлагын арга байх шаардлагатай. Ийм арга нь тухайн хүний эрх ашигт нийцсэн байвал тэр хүн итгэл үнэмшлээрээ дагаж мөрдөнө гэсэн үг. Нийгмийн харилцааг хуулиар зохицуулж байна. Бүх л албан байгууллага дээр гэхэд л заавал дагаж мөрдөх ёс зүйн дүрэм журам гэж байдаг шүү дээ. 

Эндээс харахад бид хууль, дүрэм, журмаар албадан гүйцэтгэх үйлдлүүд /үүргүүдийг тогтоох замаар зорилго руу чиглэсэн үйл ажиллагаагаа эмх цэгцэнд оруулж байгаа хэрэг. Нэг энгийн жишээ авья. Хөдөө явахаар нэг хэсэг нөхөд замд гарлаа гэж бодъё. 

Гэтэл замд дугуй хагарч эсвэл шаварт суужээ. Хамт явсан дөрвөн нөхрийн гурав нь машинаа шавраас гаргах гээд байдгаараа оролдож байхад нэг нь огт хөдлөхгүй, өөрийнхөө эрхийг л  яриад л  суугаад байвал нөгөө хамт явж байсан нөхдүүд нь дургүйцэж “Чи юу хийгээд байна аа, туслаач” гэж шаардлага тавьдаг  биз дээ.  

Үүнтэй нэгэн адилаар бусад нь хөдлөөд, хөдөлмөрлөөд байхад өөрсдөө юу ч хийхгүй, бусдыг баахан шүүмжилсэн, өөрийнхөө эрхийг ярьсан хүмүүс хөдөлмөрлөж байгаа хүмүүсээс илүү үр шим хүртээд байвал хөдөлмөрлөж байгаа хүмүүс нь дургүйцнэ биз дээ. 

Хуулиар, дүрмээр , журмаар тогтоосон үүргүүдийг зөрчих тохиолдлууд заавал гардаг. Энэ тохиолдолд юуны түрүүнд тухайн зөрчил гаргасан хүний мэдлэг боловсролыг  дээшлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байвал илүү оновчтой гэж бодогддог.

Үүрэг гэдэг бол энгийнээр тухайн ажлыг, үйл ажиллагааг албан заавал гүйцэтгэхэд хэрэглэдэг албадлагын арга юм. 

Үүрэг заавал хэрэгжиж байх ёстой, хэрэгжихгүй  бол нэгдмэл зорилгыг хэрэгжүүлж чадахгүй болж бусад оролцогч талуудын эрх ашиг хохирох тул тухайн нийгэм эсвэл байгууллага нь тэр зөрчил гарсан тухай бүр шуурхай оношлогоо хийж суурь шалтгааныг нь тогтоож байх учиртай. 

Ийм үүрэг хүлээх нь тухайн хүнд эсвэл  оролцогч талд бас их давуу тал олгодог юм билээ.  Үүнийг манайхан ойлгоод эхэлчихсэн байна лээ. 


Жишээ нь Үндсэн хуульд иргэн бүр татвар төлөх үүрэгтэй гээд биччихсэн байдаг. Тэр төлсөн татварын төрийн албан хаагч нар цалинжиж, халамж хэрэгтэй нэгэнд нь тусалдаг. Хэдэн тэрбум төгрөгөөр татвар төлж байгаа ААН, хүмүүс нь чимээгүйхэн ажил төрлөө амжуулаад явж байгааг дийлэнх иргэд маань мэдэж хүндэлж явдаг юм билээ. 

Гэтэл нэг ч удаа татвар төлж үзээгүй зарим хэсэг маань эх орон, газар шороо, ард түмэн, шударга ес мэтийн ойлголтуудаар өөрсдийгөө гоёчихсон, өргөмжилчхөөд түүнийхээ цаанаас бусдыг дарамталж байна. 

Ийм  хүмүүсийг шалгаад үзвэл татвар төлсөн хүн хэр олон байгаа бол? Шударга ёсыг дэнслэхэд хүртэл Үндсэн хууль хэрэгтэй байгаа биз. Тэгэхээр л хэнбугай ч байсан Үндсэн хуулийг ойлгоогүй байж шударга ёсыг ярих нь утгагүй хэрэг болж таараад байгаа юм.  


-Бид ер нь нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр гүйцэтгэж чадаж байгаа бол?

-Хүн бүр үүрэг хүлээж байж нэгдсэн зорилгоо хэрэгжүүлж чадна гэж системийн онолд үздэг. Тэгэхээр бид эх орондоо тайван амгалан ажиллаж, амьдарч чадах эсэх нь бид Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шууд хамаардаг гэсэн үг. Хүн бүр эрхээ ярихаас өмнө бусдын өмнө хүлээсэн үүргээ ярьдаг болчихвол ихээхэн том өөрчлөлтийг бид өөрсдийнхөө амьдралд бий болгож чадна. Эхний алхам бол манай нийгэм гэж юу болох талаар бидний ойлголтуудыг нэгтгэдэг, нэгдмэл  загварыг бий болгох хэрэгтэй байна.  

Иргэдийн хувьд сайн муу бүх зүйлийг төр рүү чихдэг уламжлалт сэтгэлгээний арга өөрчлөгдөж өөрсдөө асуудлаа шийдвэрлэх аргын  эрэл хайгуул хийдэг, өөрийгөө албадаж чаддаг болсон нь олзуурхууштай. Саяхан манай сангаас эрхлэн хийж байгаа боловсролын тогтолцооны загвар гаргах судалгаа хийхэд бүр ч ихээр анзаарлаа.

Үндсэн хуулийн хамгийн сүүлд “Мэдэгтүн, Сахигтун!” гэж хоёр алдартай үг бий. 

Сахихын тулд эхлээд мэдэх хэрэгтэй. Үндсэн хууль бидэнд юу хэлээд байгааг ойлгож таних хэрэгтэй. 

Мэдэхгүйгээр сахих гэж оролдоод ч хэрэггүй. 

Тиймээс уншиж судалж, хүн бүр мэдэх учиртай. Хүн бүр шүү. 

Айл бүр морин хуур, Нууц товчоогоо залах хэрэгтэй гэдэг. Зарим айлуудад бурхан багшийн сургаал, библи хүртэл байгаа. Үүний оронд эсвэл нэмээд айл бүр гэртээ Үндсэн хуулийг гэртээ авч тавиасай гэж хүсдэг. Гэхдээ бурхан шүтээн шиг дээр залаад мартах бус өдөр бүр эргүүлж хардаг, эрхээ ч үүргээ ч мэддэг баймаар байна. Эрхээ эхлэхдээ үүргээ заавал хэрэгжүүлэх ёстойг мэдэх учиртайг мартаж болохгүй. Бусдын эрх ашгийг, нэр хүндийг хамгаалах ёстой. Үндсэн хуулиар иргэн та бидэнд  ямар эрх болон үүрэг ногдуулсныг уншаад үзээрэй.


-Өнөөдөр энэ тогтолцоог нэг сайн удирдагч л засаж өөрчилнө гэсэн яриа байдаг. Үүнийг та судлаачийн хувьд хэрхэн хардаг вэ?

Бид нийгмийнхээ манлайлагчийг төр гэж хараад байгаад учир байна. Ийм төсөөлөл нь бидний бэлэнчлэх сэтгэлгээнээс үүдэн бий болоод байгаа хэрэг. Ийм бэлэнчилэх сэтгэлгээ нь бидний оюун санаанд их хүчтэй нөлөөтэй хэвээр л байна. 

Уг нь бид урагшилъя, хөгжье гэвэл бид дарга хүнд биш зорилгод, зарчимд захирагдах ёстой юм билээ. Бид Үндсэн хуулиа сайн тань мэдээгүй учраас бидний нэгдмэл зорилго, түүнийг хэрэгжүүлснээр бий болох үр дүн, хэрэгжүүлэх арга замуудын талаар өөрийн гэсэн загвар, ойлголт байхгүй тул нэг сайн удирдагч гарч ирээд амьдралыг сайн сайхан болгочих юм шиг үлгэрийн юм яриад байгаа юм. 

Харин орчноо, хуулиа  таниад мэдчихсэн хүн бол өөрийнхөө мэдлэг, хүч чадлын нөөц боломжоо  мэднэ, нийгэмд яаж нөлөөлж чадахаа мэднэ гэсэн үг.

Мэдэхгүй болохоороо төрийн төлөө оготно гэж “Би дуугүй л байя” гэж өөрийгөө үүргээс чөлөөлчихдөг. Мэдлэгтэй, ухаантай хүний дуу хоолой мөн ч их хүчтэй байдаг. Тэр хүний хүч нь мэдлэгээсээ ундран гарч ирдэг. 

Иргэд нь мэдлэггүй, харанхуй байгаа тохиолдолд өнөө хэдэн түшмэлүүд дураараа дургих нь ойлгомжтой. 



-Та бид хоёрын ярилцлагад таньж мэдэх гэдэг нэлээд хэрэглэгдлээ. Таньж мэднэ гэдэг та хэрхэн тайлбарлах вэ?

-Хүн бол бусад мал адгуусны адил  мөн л амьд амьтан. Гэхдээ сэтгэдэг, танин мэддэг чадвараараа, тийм чадвараа ашиглаж  мэдлэгийг үйлдвэрлэж байдгаараа ялгаатай. 

Таньж мэднэ гэхээрээ бид Оксфорд, Кембрижийн сургууль юу гэж заадаг, Эйнштэйн эсвэл  ээж аав юу гэх бол гээд асууж лавлаад л , хэлсэн, заасныг нь цээжлээд тогтоогоод л  байдаг. 

Харамсалтай нь энэ бол эцсийн эцэст таньж мэдэж байгаа хэрэг биш. 

Ердөө танин мэдэхэд шаардлагатай л өгөгдөл, мэдээлэл л цуглуулж байгаа хэрэг. Таньж мэднэ гэдэг нь бидний бодох гэж нэрлэдэг , олон олон оюуны үйлдлүүдийг хийж гүйцэтгэсний үр дүнд мэдлэгийг  үүсгэж буй процесс юм. 

Өөрөөр хэлбэл, та бодох, сэтгэх үйлдлүүдийг өөрөө хийснээр таны оюун санаанд мэдлэг үүсдэг гэсэн үг. 

Түүнээс биш хэн нэгэн хүн эсвэл сургууль, курс  мэдлэгийг таны тархинд хийчихдэг юм биш. Хэдэн долоо хоногийн өмнө  фэйсбүүкээс нэг хөөрхөн бичлэг олж үзсэн юм. Тэр бичлэг дээр нэг мөлхөө үедээ байгаа хүүхэд орон дээрээсээ буухдаа бэртэж  гэмтчихгүйн тулд  орон дээр байсан дэрийг түлхэж унагаж байгаад түүгээрээ дамжин зөөлөн газардаж байгаа хэсэг гардаг. Үүнээс нэг дүгнэлтийг баттай хийж болно. 

Хүүхэд бодох, дүгнэх төрөлхийн заяагдмал чадвартай бөгөөд тухайн нөхцөл байдлаас хамаарч уг чадвараа ашиглан  мэдлэгийг үйлдвэрлэж байдаг аж. Харин бид мэдлэгийг нийгэм, эцэг эх нь өгдөг гэж боддог нь эндүүрэл. Үнэндээ тэр хүүхдийн толгой өөрөө мэдлэг үйлдвэрлэгч машин юм. Тэрхүү явц нь чанартай, цэгцтэй явж байна уу хэрхэн чанартай, цэгцтэй бодож сургах вэ гэдэг нь л бидний тархиа гашилгах асуудал. 

Бид юуны өмнө сэтгэлгээгээ цэгцэлж, танин мэдэх арга барилд суралцмаар байна. Цэгцтэй сэтгэх, танин мэдэх  арга барилд суралцах хамгийн сайн арга нь ямар нэгэн зорилго тавиад түүнийгээ тууштай хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм байна лээ. Тийм зам дардан биш, унана, өвдөнө, өвдгөө шалбална. Тодорхой зорилго руу чиглэсэн бодит үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх явцдаа алдаж унаж байж олж авсан мэдлэгийн үнэ цэнэ бол агуу. 

Алдаа бүтэлгүйтэлгүйгээр  зорилгодоо хүрдэг алтан жор гэж хаана ч байхгүй. 

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.