Д.Галбадрах Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа

Х.Оргил
07 сарын 08, 2026

Дэ Нейчэ Консерванси байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах Төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.

Тэрбээр Монгол Улсад шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгааллыг хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр олон жил ажиллаж ирсэн юм.

Д.Галбадрах нь төр, донор байгууллага, олон улсын байгууллагууд болон бусад талуудтай хамтран ажиллаж, Монгол Улсад анхны тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Байгаль хамгааллын итгэлцлийн санг санаачлан байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Дэ Нейчэ Консерванси нь байгаль хамгааллын чиглэлээр дэлхийн 80 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бөгөөд Д.Галбадрах тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт 18 дахь жилдээ ажиллаж байна.

Тэрбээр мөн байгаль орчны 20 гаруй хууль тогтоомжийг боловсруулахад гар бие оролцсон, байгаль хамгааллын салбарын туршлагатай удирдагчдын нэг юм.

Түүний хувьд байгаль хамгааллыг хөгжлийн бусад салбартай уялдуулан хэрэгжүүлэх олон улсын туршлагыг Монгол Улсад нутагшуулах, байгаль хамгааллын хуулийн хэрэгжилтэд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах байнгын санхүүжилтийн механизмыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Холбоотой сэдвүүд

tnc байгалийн өв сан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.