“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Дамбадаржаа дэд төвтэй танилцлаа.

Дамбадаржаа дэд төв нь дээрх төслийн II шатны төсөл бөгөөд нийт 62 га газар нутгийг хамардаг, нийслэлийн хойд бүсийн хүн ам үйлчилдэг, худалдаа соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дэд төв байхаар төлөвлөжээ.

Олон улсын судлаачдын дүгнэлтээр Улаанбаатар хотын хөрсний бохирдол гүний усаа бохирдуулах хэмжээнд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авахыг зөвлөдөг.

Дамбадаржаа дэд төвийн хамгийн эхэнд хэрэгжих төсөл болох ундны цэвэр усны 11.4 км шугам ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажлаа эхлүүлжээ. Цэвэр усны шугам ашиглалтад орсноор Дамбадаржаа дэд төвийн 62 га нутаг дэвсгэрт байх айл өрх, албан байгууллагууд эрүүл аюулгүй цэвэр усаар хангагдах боломжтой болно.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс