Монгол хүн сансарт нисээд ямар үйл хэрэг бүтээсэн бэ, ямар судалгаа шинжилгээ хийв, үнэ цэн, гавьяа нь юунд орших вэ? Үүнд хариулж чадах хүмүүсийн нэг нь тухайн үед БНМАУ-ын ШУА-ийн ФТХ-гийн сансар судлалын секторын судлаачаар ажиллаж, сансрын хоолыг хийж байсан академич Д.Рэгдэл юм. Монгол хүн сансарт ниссэн 40 жилийн ойд зориулсан “Тэмүүлэл” ярилцлагадаа түүнийг урилаа. 

                   

- Хүн төрөлхтний сансарт тэмүүлээд байгаа учир шалтгааны тайлбараас ярилцлагаа эхлэх үү? 

- Учир шалтгаан нь хүн төрөлхтний мөн чанарт байх шиг байна. Монголчууд ч гэсэн эрт үеэс од эрхсийн учрыг олж, од гарагийн хөдөлгөөнтэй зохицон амьдарч ирсэн ард түмэн. Угаасаа хүн төрөлхтөн дээшээ тэмүүлж ирсэн. Одоо технологийн бодит шийдлүүд нь бий болж, дэлхий орчмын тойрог замаасаа гараад нарны системийн гарагийн түрүүч дээр очоод буугаад эхэллээ. 

Хэтийн зорилго бол дэлхий дээр хүн амьдрах нөхцөл жил ирэх тусам муудаж байгаа учраас дараагийн амьдарч болох орчин нөхцлийг судлах ажил одоо хийгдэж байна. 

Дэлхийтэй нөхцөл байдал хамгийн дөхүү нарны системийн гараг нь Ангараг. Ангараг дээр техникээ хүргэж, хөрс шорооноос нь дээжээ авч судлах ажил хийж байна.

АНУ-д Ангараг гараг дээр буух баг бэлэн болж, тэд удахгүй нисэж хүрэх тухай мэдээлж байна. Эцсийн эцэст тэр гараг дээр хүн амьдарч болох эсэхийг шийдэхийн төлөө л тэмүүлж байна.


- Монголчууд сансрын технологийн талбарт үйлдвэрлэгч, бүтээгч байх тухай ярихаар зарим нь модон жорлонгоосоо салаагүй байж гэж шүүмжилж, шоолох нь холгүй байна. Энэ тухай ярих цаг болоогүй юм уу, аль эсвэл...?

- Хэрхэн яаж дүгнэх, ямар байдлаар хандах нь хувь хүний асуудал. Гэхдээ аливаа асуудлыг эерэг талаас нь харахыг хичээх нь хамгийн зөв. Биднийг 40 гаруй жилийн өмнө Монголдоо сансар судлалыг эхлүүлж байхад И-мэйл хүлээж авах тухай ойлголт байгаагүй. 

Гэтэл 40 жилийн дараа И-мэйл хүлээж авах, И-мэйлээ шалгах нь өглөө босоод цай уудагтай адил, түүнээс ч олон давтамжтай хэрэглээ боллоо. Тэгэхээр энэ технологийн хурд гэдэг бол хүний сэтгэлгээнээс хамаагүй түрүүлээд явчихдаг юм байна.

Би компьютерийн эрин үе эхлэхээс өмнө хамгийн хүчтэй юм бол хүний сэтгэлгээ гэж боддог байсан. Одоо бол технологийн хөгжлөөс хоцорчихсон гэдэгтэй эвлэрэхээс өөр арга байхгүй.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ эрэн үе 2025 он гэхэд оргилдоо хүрээд дараагийн технологийн хувьсгал руу шилжинэ гэж эрдэмтэд тооцож байна. Энэ хувьсгалын технологийн хурд хүмүүсийн оюун сэтгэлгээнээс хурдан яваад байна. Яагаад гэхээр технологийн энэ өргөн талбар дээр олон газар, олон баг технологи хөгжүүлдэг. Тэд тус тусдаа хийж байгаа боловч нэгэн цэг дээр ирж нийлэхээрээ технологийн тэсрэлт болж байгаа юм. Үүний хүн төрөлхтөнд үзүүлж байгаа нөлөө нь асар их. Тийм учраас бид технологийн хөгжлийн араас л явж байна.

- Монгол Улс ижил түвшний хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад технологи хөгжүүлэлт, хэрэглээний хувьд ямар түвшинд байгаа бол?

- Манай улс технологийн дэвшлийн хэрэглэгч орон. Сансар судлалын салбарт ч гэсэн хэрэглэгчийн түвшинд байна. Гэхдээ бид хэрэглэгч улс гэдгээсээ ичих шаардлагагүй. Учир нь чадварлаг хэрэглэгч бол массын тухай асуудал. Хрин зохион бүтээгч бол нэг болон хэсэг авьяастай хүмүүсийн тухай асуудал учраас муу зохион бүтээгч байснаас сайн хэрэглэгч байсан дээр гэж би боддог. 

Чадварлаг хэрэглэгч гэдэг бол сайн зохион бүтээгчид суурь болдог. 

Тэгэхээр бид чадварлаг хэрэглэгч байхын төлөө нэг хэсэг ажиллаж таарах байх. Өөр өөр улс оронд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын технологийг боловсруулж яваа залуучуудаас зарим нь Монголдоо нутагшуулах ажлыг хийж байна. Энэ хүмүүсийн ажиллаж байгаа технологийн шийдлүүд тал талд бойжиж байгаад нэг цэг дээр уулзахад манай улсад өндөр технологи бий болгох боломжтой. Цаг хугацааны хувьд баримжаалж хэлэхэд хэцүү. 

Технологийн хувьсгалуудыг харахад хүн төрөлхтөн мэдээгүй байхад нэг л өдөр тэсрэлт хийсэн байдаг. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын тэсрэлт тун удахгүй болно. Бид хамт тэсрэлт хийх эсэх нь хэлэхэд хэцүү. Манай залуучуудаас технологийн хөгжлийн эхний фронтод бий. Тийм учраас бидэнд бас боломж байгаа.

Сансрын технологи нь бүх шинжлэх ухааны суурь болж байгааг онцолдог. Манай улсад энэ салбар үүсэж хөгжөөд 40 гаруй жил болсон. Гэтэл өнөөдөр зөвхөн хэрэглэгч л харагдаад байна.

Манай Ж.Гүррагчаа баатрыг сансарт нисэх үед сансрын технологийн хэрэглээ маш бага байсан. Сансарт хамгийн сүүлийн үеийн технологио турших ажил хийгдэж байсан үе. Тодруулбал, эх дэлхийг зайнаас тандан судлах ажил хийгдэж байсан. Энэ туршилтаар дэлхийн тухай маш олон зүйлийг мэдэж авсан. Хоёр дахь нь дэлхийн татах хүчний орчинд хөгжүүлж болохгүй зарим технологийг сансрын жингүйдлийн орчинд судалж болох эсэхийг тухайн үеэс судалж эхэлсэн. Эндээс харахад бид хэрэглэгч гэхээсээ илүү хөгжүүлж байсан улс оронтой хамт явж байсан.


- Бид сансрын технологийг өргөн хэрэглэдэг улс.  Байнга энэ түвшиндөө байх уу аль эсвэл...

- Аливаа технологийн сайн хэрэглэгч байх нь давуу байдлыг бий болгодог.  Гэхдээ байнга ийм байх нь тийм сайн зүйл биш. Өөрөөр хэлбэл, сансрын технологийг хөгжүүлэх ажлыг хийх ёстой. Хамгийн түрүүнд өөрийн гэсэн хиймэл дагуулаа хөөргөх хэрэгтэй. Энэ бол өнөөдрийн эдийн засгийн чадамжтай харьцуулахад тийм үнэтэй, дааж давшгүй өртөгтэй ажил биш. Магадгүй тодорхой үүрэг чиглэлтэй хиймэл дагуул хөөргөхөд 20 орчим сая ам.доллар шаардах байх. Үр дүнд нь өөрсдийнхөө хэрэгцээг хангах хэмжээний хиймэл дагуултай болох боломжтой. 

Дан өөрийн хөрөнгөөр, өөрийн хүний нөөцөөр байг гэхэд санаа нийлсэн улс орны багтай хамтран хамтын хөрөнгө оруулалт, хүчээр хиймэл дагуулаа бүтээгээд хөөргөх боломжтой. Өөрийн гэсэн хиймэл дагуултай болсноор хамгийн наад зах нь бид мэдээллийг хамгийн хурдан, одоо цаг дээр авч чадна. Тухайлбал, нэг газар түймэр гарах гээд утаа уугиж байхад л мэдэх боломжтой. Хоёрт зардал багасна. Яг одоо цаг дээрх мэдээллийг сансрын хиймэл дагуулаас авахад төлбөртэй. Тэр төлбөрийн хэмжээ буурна гэсэн үг. Гуравт сансрын технологийн давуу талыг ашиглах салбар, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэнэ гээд үргэлжлүүлж болно.

МУИС-ийн эрдэмтдийн баг хааш хаашаа 10 см хэмжээтэй “Мазаалай” нэртэй жижиг хиймэл дагуул хөөргөж байсан. Хүний нөөц бэлтгэх, эрдэм шинжилгээний ажлын зориулалттай энэ хиймэл дагуулаас тодорхой мэдээлэл авч эрдэм шинжилгээний ажилд ашигласан. Үүргээ биелүүлсэн. Том хиймэл дагуулыг яаж хийх, арга технологид манай залуучууд суралцсаар байна.

Бидний дараагийн хийх ажил нь газар дээрх дэд бүтэц. Өөрөөр хэлбэл, сансрын хиймэл дагуулын мэдээллийг хүлээн авах, дамжуулах станцуудын сүлжээг барьж байгуулах ёстой.

Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг манай улсын хувьд дэд бүтцийн ажилд харин багагүй хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ түүнээс авах мэдээллээ боловсрол, шинжлэх ухааны болоод бодит эдийн засгийн салбартаа ашиглаж чадвал зардлаа хэд дахин нугалж олох боломжтой ийм л салбар.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” баримт бичигт сансрын технологийг хөгжүүлэх талаар маш тодорхой тусгасан. Тиймээс хугацаа хожиж бодит ажлаа эрт эхлүүлэх нь л чухал байна.


- Манай улс одоогоор бусад улс орнуудын хиймэл дагуулаас мэдээг үнэтэй, үнэгүйгээр ашиглаж байна. Ер нь үнэ дагаж чанар гэдэг зарчим сансрын технологийн салбарт мэдээж мөрдөгдөж л байгаа байх даа.

- Таны хэлж байгаа зүйл үнэн. Цаг хугацааны хувьд хоцрогдсон мэдээлэл аваад шийдэл гаргах нь төдийлөн оновчтой бус. Тиймээс бодит цагийн мэдээллийг бол үнэ төлбөртэй л авч ашиглана гэсэн үг. Манай үүрэн холбооны оператор компаниуд бүгд өөр өөр компанийн хиймэл дагуулаас мэдээлэл авдаг байх. Үнэ нь харилцан адилгүй. 

Хэрвээ манай улс өөрийн гэсэн нэг юм уу, хоёр хиймэл дагуултай байлаа гэхэд хамгийн наад зах нь бидний гар утасны төлбөр багасна, датанд зарцуулж байгаа өртөг ч буурна. Тийм учраас бодит цагийн мэдээллийг арай хямд авч ашиглахын тулд өөрийн гэсэн хиймэл дагуултай байх нь чухал. 

Баримжаалан тоймловол, бид өөрийн гэсэн хиймэл дагуултай болсон нөхцөлд гар утсаар ярихдаа нэг минутад 70 биш 35 төгрөг, 1 G датаг 1500 төгрөг биш түүнээс хямд үнээр авч хэрэглэнэ гэсэн үг.  


- Таны хувьд 1970-аад оны сүүлээр бүрдсэн сансар судлалын анхны багт судлаачаар ажиллаж байсан. Бүр тодруулбал, сансарт хэрэглэх монгол хоол хүнсийг гаргаж авсан судлаачийн нэг нь та. Энэ үүх түүхээс хуваалцаач?

- Намайг энэ чиглэлийн судалгаа хийж байхад сансар гэдэг үг дөнгөж хэрэглээнд нэвтэрч байлаа. Хүн анх сансарт нисэхэд огторгуйн нисгэгч гэж ярьдаг байсан. Тухайн үед капиталист, социалист гэсэн хоёр үзэл санааны доор дэлхийн хөгжил урагшилж байлаа. Сансрын уудмыг улс орнууд энх тайвны зорилгоор ашиглах санаачлагыг ЗХУ гаргаж  “Интеркосмос” гэдэг байгууллагыг байгуулж, өөрийн системийн улсуудаа нэгтгэсэн. Ингээд 1970 оноос энэ байгууллагаар дамжуулан социалист системийн улс орнуудын иргэдийг сансарт нисгэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн хэрэг. Монгол Улс энэ хөтөлбөрт оролцож байгаад 1981 онд сансарт хүнээ нисгэсэн. Миний хувьд тухайн үед сансар судлалын багт орж ажилласан нь аз түшсэн л хэрэг. 

Тэр үед манай улс “Интеркосмос” үндэсний зөвлөлөө байгуулаад бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. Үндсэндээ энэ ажил, нэгдүгээрт дэлхий дахинд социалист системийн улс орнууд сансарт хүнээ нисгэж байна хэмээн сурталчлах, хоёрдугаарт тухайн улс орон бүрт сансар судлалын эрдэм шинжилгээний байгууллага байгуулж хөгжүүлэх гэсэн хоёр үндсэн зорилготой байсан.

Ингээд МАХН-ын төв хорооноос эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөр боловсруулах даалгаврыг Шинжлэх ухааны академид өгч, тэр үеийн ШУА-ын Физик, техникийн хүрээлэн дээр сансар судлалын тасаг байгуулсан. Манай тасаг найман хүнтэй. Ихэнхи нь 30 хүрээгүй залуучууд байлаа. Бид “Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөр”ийг боловсруулан гаргаж батлуулж чадсан. Ингэхдээ 30 гаруй эрдэм шинжилгээ туршилтын ажил төлөвлөснөөс 20-ийг нь 

Монгол залуучууд санаачлан боловсруулж, судлан турших ажлыг гүйцэтгэсэн юм. Социалист системийн бусад оронтой харьцуулахад энэ бол бахдам сайхан амжилт байсан. Яагаад гэвэл бусад оронд сансрын хөтөлбөрөө боловсруулахдаа 30 хувийг өөрсдөө, 70 хувийг Зөвлөлтийн эрдэмтдийн боловсруулан туршсан ажилд тулгуурлан хийсэн байсан. Харин манай улсын хувьд 70 хувийг нь өөрсдөө хийсэн. Эндээс нүүдэлчдийн соёл сэтгэлгээ суурин иргэншилтэй улс орнуудаас арай өөр, зарим талаараа илүү байж дээ гэж би одоо боддог.

Манай улсаас боловсруулсан 30 гаруй эрдэм шинжилгээний туршилт бүгд сансарт амжилттай туршигдсанд нөлөөлсөн хоёр гол хүчин зүйл бий. Нэг нь манай баг чин сэтгэлээсээ хичээж ажилласных, нөгөөх нь манай сансрын нисгэгч долоо хоног сансарт байх хугацаандаа бусад олон ажлын хажуугаар өөрийн орны туршилтуудыг амжилттай хийсэн явдал гэж би боддог. Мөн хувь хүний зохион байгуулалт чадвартай холбоотой.

Санаачлагч ШУА-ын ООГХ, “Васт” пост продакшн, “Амгалан дэлхий” ТББ.

- Хүүхэд залуучууд монгол хүн сансарт нисээд яг юу хийсэн бэ, ямар ач холбогдолтой байсан бэ гэж асуудаг. Танд энэ асуултыг тавьбал? 

- Тэгж асуух нь манай залуучуудын зөв. Тийм учраас яг юу хийсэн бэ гэдгийг үе үе давтан ярьж байх ёстой юм. Монгол хүн сансарт ниссэн нь яах аргагүй мөнхөд дурсагдах түүхэн үйл явдал. Энэ үйл явдлыг зүгээр нэг Монгол хүн ниссэн гэдэг байдлаар мэдээлээд байх нь бас өрөөсгөл. Жил бүр Ж.Гүррагчаа баатар сансарт долоо хонохдоо яг юу хийсэн талаарх мэдээллийг хүргэж, хүүхэд залуучууддаа ойлгуулах нь чухал.

Чухал гэснээс нь ярихад, “Туйлшрал” гэдэг туршилт бий. Нар, дэлхий хоёрын харилцан үйлчлэлд нарнаас ирж байгаа гэрэл яаж туйлширч байна вэ гэдгийг техник технологид ашиглах зорилготой хийсэн.

Гэрлийн туйлшралыг хэмжих багажийг монголчууд өөрсдөө зохион бүтээсэн. Ж.Гүррагчаа баатар сансарт ажиллахдаа тэр багажийг суурилуулж, гэрлийн туйлшралын өгөгдлийг тэмдэглэж ирсэн байдаг. Туйлшралыг хэмжих төхөөрөмж гаргаснаар Монгол улс сансарт багаж техникээ туршсан 10 дахь улс болсон.

Манай ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Чадраа агсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг анх удаа сансраас хэмжих туршилтыг хийлгэсэн байдаг. Гудамжны гэрлүүдийг эгц дээш харуулан байрлуулж байгаад энэ туршилтыг хийсэн. 1981 онд Улаанбаатарын агаар өнөөдрийнхөөс хавьгүй цэвэр байсан нь ойлгомжтой. Гэхдээ тодорхой хэмжээний бохирдол байна гэдгийг олж тогтоосон.

Дараагийн нэг сонирхолтой туршилт нь манай сансрын био анагаах ухааны салбарынхны хийсэн “Чацаргана” гэдэг туршилт. 

Энэ туршилтын хөтөлбөрт би ажилласан. Өөрөөр хэлбэл, Монголд ургуулж бойжуулсан чацарганын тос сансарт байгаа хүний биед гарах сөрөг өөрчлөлтүүдээс хамгаалах боломжийг туршсан ажил. Чацарганын тосоор баяжуулсан 5-6 хүнсний бүтээгдэхүүнийг Ж.Гүррагчаа баатар сансарт байх хугацаандаа хэрэглэсэн. Ингэж сансрын нисгэгчдийн хоолны цэсэнд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ оруулсан цөөн улсын нэг нь манай улс. Гэх зэргээр туршилт болгон өвөрмөц, сонин, бас үр дүнтэй болсон.


- Чацарганын тосоор баяжуулсан хүнс сансарт хүний биед гардаг сөрөг нөлөөллийг бууруулсан гэдэг. Үүнийг тодруулмаар байна. Чухам ямар нөлөөг яаж бууруулсан бэ?

Ж.Гүррагчаа баатар чацарганын тосоор баяжуулсан хоол хүнсээ, В.Жанибеков баатар өөрийн улсын сансрын нисэгчийн хоол хүнсээ хэрэглэсэн. Ингээд нисэгчийн сансарт авсан биологийн шингэнүүдийн дээжийг цуглуулж, дэлхийд буусны дараа нь  судалсан. 

Ер нь сансрын жингүйдлийн нөхцөлд хүний биед тосны хүчлийн чөлөөт радикалууд хурдан үүсэж, хувирч өөрчлөгддөг. Энэ хооронд хүний биеийн эд эсийг гэмтээдэг нь тогтоогдсон. Тэгээд сансрын нисэгчдийн үзүүлэлтүүдийг хэмжихэд В.Жанибеков баатрынх 2-2.5 дахин нэмэгдсэн байсан. Ер нь сансрын нислэгийн үед ийм байдаг л даа. Харин Ж.Гүррагчаа баатрынх сансарт нисэх үед ямар байсан яг тэр хэмжээндээ байсан. Энэ нь түүний хэрэглэсэн чацарганын тос, чацарганын тосоор баяжуулсан хоол хүнстэй холбоотой байжээ гэсэн дүгнэлтэд хүргэсэн.

Үүний дараа хоёр дахь хүнээ сансарт нисгэхэд манай улсаас бэлтгэж нийлүүлсэн хоол хүнсийг албан ёсоор хэрэглэхээр тохиролцоод байсан. Нисэгч нь манай сансрын нисэгч М.Ганзориг бэлэн байсан. Даан ч нийгэм, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж энэ ажил зогссон. Манай сансрын нисгэгчдийн хоолны технологи хөгжүүлэлт ч зогссон.  


- Монгол цагаан идээг сансарт туршсан нь хэр амжилттай болсон бэ?

- Чацарганын тосоор баяжуулсан бүтээгдэхүүнүүд бүгд бяслаг, аарц гээд цагаан идээ байсан. Монгол цагаан идээг сансарт долоо хоног хадгалаад хэрэглэхэд ямар ч асуудал байгаагүй.

- Чөлөөт радикал гэдгийг тодруулаад тайлбарлавал?

- Ер нь бидний иддэг хоол хүнсэнд тослог бодис багагүй агуулагддаг. Хоногт хоол тэжээлээр авч байгаа илчлэгийнхээ 30 орчим хувийг амьтан, ургамлын гаралтай тослог бодисоос авч байхыг хүнсний шинжлэх ухаанд хэвийн хэмжээ гэж үздэг. Тэдгээр нь ходоод, нарийн гэдсэнд орж задраад хүний цусанд шингэдэг очдог. Энэ явцад цусанд тосны хүчлийн чөлөөт радикал гэж нэрлээд байгаа түр оршигч ионууд тосны хүчлээс үүсдэг юм. 

Эдгээр радикал нэмэгдэж, байх хэмжээнээсээ их байвал хөгшрөлт хурдан явагдана гэсэн үг. Сансарт олон хоног байгаа хүний биед тосны хүчлийн чөлөөт ратикал дэлхий дээр байх үеийнхээс илүү хурдтай үүсдэг нь нэгэнт тогтоогдсон зүйл. Үүнийг зохистой төвшинд байлгах нь сансрын биологийн шинжлэх ухааны зорилт .

Асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь чацарганы тосоор баяжуулсан хүнс байж болох юм гэдгийг тогтоосон нь монгол эрдэмтэд.

Санаачлагч ШУА-ын ООГХ, “Васт” пост продакшн, “Амгалан дэлхий” ТББ.

- Энгийн амьдралтай хүн хэрэглэвэл мөн хөгшрөлт нь удаан явагдана гэж ойлгож болох уу?

- Энэ хоёр талтай. Бидний биед байгаа чөлөөт ратикал биологийн нормдоо байвал түүнийг нэг их оролдох хэрэггүй. Харин хэт их тостой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн, стресс бухимдалтай байгаа үед чацарганын тосоор баяжуулсан хүнс хэрэглэхэд буруудах зүйлгүй.


- Чацарганы тосноос гадна сансрын хоол хүнс гэдэг нь энгийн хоол хүнснээс юугаараа ялгаатай байдаг вэ?

- Чацарганын тосоор баяжуулсан 6 төрлийн хоол хүнсийг бид сансарт туршсан. Энэ бол зөвхөн монголчуудын хийсэн ажил. 

Үүнээс гадна манай талаас сансрын нисгэгчдээрээ дамжуулан сансрын станц дээр ажиллаж байгаа Оросын хоёр нисгэгчийг монгол хоолоор дайлъя гэдэг санаачилга гаргасан. Ингээд ямар хоол байх тал дээр нилээд ярилцсан. Хөнгөн байх ёстой, бутрамтгай байж болохгүй гээд ярьж байхад ШУА-ын ерөнхийлөгч байсан Б.Ширэндэв гуай “Та нар монгол борцыг туршиж үзээч” гэсэн. Тэгээд бид борцыг гурван жил судалсан. Энэ хугацаанд аль нутгаас авах вэ, хэдэн настай, ямар малынх байх вэ гээд олон зүйлийг судалж туршсан. 

Ингээд Дундговь аймгийн Даланжаргалан сумын үхрийн аж ахуйгаас гурван настай үхрийн мах авч ирээд монгол аргаараа борцолж, тухайн борцны хамгийн шим тэжээлт бодисуудыг 60 градусын халуун усанд уусах хэмжээнд хүртэл боловсруулж авсан. Дээр нь ус хийгээд сэгсрээд уухад бэлэн борцны шөл болох технологиор савлаад явуулсан. Манай Ж.Гүррагчаа баатар хамтрагчаа болон сансрын станцад ажиллаж байсан хоёр хүнийг тэр шөлөөрөө дайлсан. Оросууд хэзээний шөлөнд дуртай ард түмэн ямар сайхныг нь гайхаж байсан гэдэг. Тэр үед энэ тухай Оросын хэвлэлүүдээр ч их сайхнаар бичиж байсан.


- Гурван жил ажиллаад, кофе шиг найруулаад уухад бэлэн бүтээгдэхүүн явуулсан гэж ойлголоо?

- Яг тэгж ойлгож болохгүй. Сансрын хоол хүнс гэдэг бол ил гаргаж найруулж уух боломжгүй. Ууталсан борцоо задлах аваас дээшээ цацраад явчихна. Тиймээс найруулж уух ус нь нэг талдаа борц нь нэг талдаа. Усыг нь шахаж оруулаад сэгсэрч байгаад уухад бэлэн болгож өгсөн. Тэгээд задлаад амнаасаа салгалгүй ууж дуусгах байдлаар хэрэглэнэ.

- Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлж экспортлох боломж байсан уу?

- Боломжтой. Тухайн үед энэ хүнсний судалгаа туршилт хийж байсан дөрвөн хүнээс гурав нь амьд сэрүүн байна. Олон түмэндээ “сансрын эмч” нэрээрээ алдаршсан Л.Лхагва академич, биохимич, доктор Д.Уртнасан маань бий. Бадагаа академич маань бурхан болсон.

Сүүлд Д.Уртнасан маань борцоор түргэн хоол хийе гээд хувийн хэвшлийн компанитай хамтраад ууттай түргэн хоол хийсэн. Гэхдээ яг сансрын хүнсний зориулалтаар боловсруулаагүй. Харин өнөөдөр бид тэгж боловсруулах боломжтой. Туршилт судалгааг хийсэн хүмүүс нь, техник технологи нь ч байна.

Гэхдээ борцоор хийсэн хоол хүнс үнэтэй гардаг. Хөдөөний монгол аргаар хатаасан борц, зах дээр зарагдаж байгаа цул махнаас 5-6 дахин үнэтэй. Дээр нь дахиад усанд уусах хэмжээнд боловсруулахад үнэ нь 2-3 дахин өснө. Тийм учраас технологийн дэвшил шаардлагатай.


- Сансарт хийсэн судалгаа туршилтын нэг ажил нь уул уурхайн салбартай холбоотой байсан гэсэн. Чухам ямар туршилт байсан юм бол?

- Металлургитай холбоотой туршилтыг Ж.Гүррагчаа баатар хийсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн орд, Оюутолгой орчмын газрыг тандан судалсан. 

Ингээд тухайн үед авсан Оюутолгойн зургийг одоо хэвлэлээс харахад онцгой содон байдаг. Тухайн үед зэсийн тийм их нөөцтэй орд байна гэдгийг тэр бүр мэдэхгүй байлаа. Харин өнөөдөр сансраас авсан тэр зургаа харахад яг аранзан зэс шиг харагддаг. 

Тэр үед сансраас авсан зургууд дээр юу хардаг байсан бэ гэхээр газрын хагарлууд. Шугаман хагарал, цагирган бүтэц гэж ангилдаг. Ийм хоёр бүтцийн огтлолцол дээр ашигт малтмалын орд байх магадлал тун өндөр гэдгийг тогтоосон байдаг. Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суваргын ордууд нь дээрх шугаман хагарал, цагирган бүтцийн огтлолцол дээр байгаа нь шинжлэх ухааны тэр таамгийг баталж байгаа юм. Манай геологичид ч гэсэн тухайн ашигт  малтмалын ордуудыг тогтоочихсон байсан.

Мөн жингүйдлийн нөхцөлд монокристалл бодис ургуулах туршилтыг хийсэн. Нарны энергийг ашиглан цахилгаан гаргадаг дэлгэцийг хүн бүхэн мэднэ. Энэ толины суурийг нь цахиур гэдэг химийн бодисын монокристалиар хийдэг. Ийм бодисыг жингүйдлийн орчинд хэрхэн бий болгох туршилтыг хийсэн. Газарт хийгдсэн туршилтаас давуу байдал бий гэдгийг тогтоосон.

- Манай улс сансарт туршсан шинжлэх ухааны 30-аад бүтээлийнхээ 70 хувийг өөрсдийн санаачлагаар хийснийг бодохоор сансар судлал, сансрын технологийн хувьд дээгүүрт явж байсан гэж дүгнэж болохоор байна. Цаашид бид юуг анхаарах вэ?

- Би бол сансрын технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүн эгнээнд явж байсан л гэж хэлнэ. Энд монгол хүний сэтгэлгээний онцлог их нөлөөлсөн гэж боддог. Тухайн үед сансрын туршилтын 70 хувийг монголчууд өөрсдөө хийгээд ЗХУ-ын туршлагатай багийн шалгалтыг даваад гарна гэдэг том амжилт. Энэ утгаараа тэргүүн эгнээнд явсан гэж одоо ч боддог юм. Тухайн үедээ энэ талаар бодож, дүгнээд байсан зүйл байхгүй.

- Энэ жил хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Энэ салбартай амьдрал ахуйгаа холбож явсан хүний хувьд танд хэлэх зүйл их байгаа байх.

Энэ бол маш том, түүхэн ой. Үеийн үед мартаж, бүдгэрүүлж болохгүй түүхэн үйл явдал гэдгийг хүн бүхэн санаж, мэдэж байх ёстой. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2000 онд “Орос-Монголын найрамдалт харилцаанд алтан үсгээр тэмдэглэх үйл явдал бол 1981 оны хамтарсан сансрын нислэг байсан” гэж хэлсэн байдаг.

Манай үеийнхэн монгол хүнээ сансарт нисгэлээ. Эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдээ сансарт туршлаа. Бодиттой оролцогч, идэвхтэй хэрэглэгч болоод явж байна. Бидний дараагийн үе Монголын сансрын технологийн салбарын дараагийн шатыг бий болгож хөгжүүлэх ёстой. Тийм учраас юуны өмнө залуучууддаа сансрын технологийн салбарын хөгжилд идэвх зүтгэлтэй оролцоорой гэж уриалъя. Энэ салбарыг дахин нэг шат дээшлүүлэхийн тулд өмнө нь юу хийсэн юм бэ гэдгийг судалж мэдэх ёстой. 

Өнгөрсөн үегүй өнөөдөр байхгүй. Өнөөдөргүй маргааш байхгүй. Тиймээс залуучуудыг хөгжүүлэх, залуучууд эх орноо хөгжүүлэх чухал платформ нь сансрын технологийн салбар. 

Тэгэхээр залуучууд мэдлэг боловсролоо дээшлүүлэхдээ, сонгон суралцахдаа, дараагийн түвшинд суралцахдаа үүнд их анхаараасай гэж хэлдэг.