Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль нь 2006 онд батлагдсанаас хойш нийт 52 удаа нэмэлт, өөрчлөлт орж, хуулийн агуулга, зорилго нь алдагдаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, төсвийн сахилга батыг алдагдуулахад хүргээд байна гэдгийг өчигдөр болсон чуулганаар онцоллоо.

Мөн Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Сангийн яам тусгай сангуудад газар дээр нь санхүүгийн хяналт, шалгалт хийж, цөөнгүй зөрчил, дутагдал илрүүлснийг онцолсон юм. 

Шинэчилсэн найруулгын төсөл баталснаар Засгийн газрын тусгай сангуудын давхардал арилж, зарцуулалт нь оновчтой, үр ашигтай, ил тод болж,  хяналт хариуцлагын тогтолцоо сайжирч, төсвийн сахилга батыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. 

Монгол Улсын Засгийн газраас тусгай сангуудад хийсэн шалгалт, судалгааны үр дүнд зарим тусгай сангийн чиг үүрэг давхцалтай, эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан, түүнд тавих хяналтын чиг үүргийг хэрэгжүүлээгүй, сангийн хөрөнгийг үндэслэлгүй, 

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан төр, бизнестэй хутгалдан, сан нэрээр мөнгө хуваарилах бус зах зээлийн зарчмаар Төрийн банкаар дамжуулан боловсрол, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хуваарилах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг гэр хорооллын иргэдийг дэмжих сан байгуулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. 

Бизнесийн асуудалд төр оролцох шаардлагагүй гэдэгтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар санал нэг байгаагаа онцлоод улсын хэмжээнд Засгийн газрын 29 тусгай сан байгааг 21 болгохоор төсөлд тусгасан гэж байлаа. Тухайлбал, нэг байранд байсан Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгээд Үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулахаар төсөлд тусгасан гэв. Харин Боловсролын зээлийг Төрийн банкаар дамжуулахаар банкны шалгуур өндөр тул уг зээлийг авах боломж хязгаарлагдмал байдаг учир сангийн хүрээнд зохицуулахаар болсон гэдгийг Сангийн сайд хариултдаа тодотгов. 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.