Б.Баясгалан
06 сарын 12, 2019
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 309.0 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд М.Такаока болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар өчигдөр (2019.06.11) гарын үсэг зурлаа.
Энэхүү хөтөлбөр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог чухал ач холбогдолтой хөтөлбөр юм.
Уг хөтөлбөрийн хамрах хүрээ өргөжиж 2016 оноос хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдах боломжтой болсон.
Энэ удаагийн байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 20 хүнийг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд магистр, докторт суралцуулна. Үүнээс 18 нь төрийн албан хаагч, 2 нь хувийн хэвшлээс хамрагдах юм.
Монгол Улс энэхүү хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж одоогоор 19 төсөл хэрэгжиж, 340 оюутан Японы их дээд сургуулиудад суралцаад байна. Ингэхдээ ихэвчлэн санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, боловсрол, ур чадвараа дээшлүүлэн, эх орондоо буцан ирж төрийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш орон бөгөөд Монгол Улсыг зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийн даван туулахад хамтран ажиллаж, 1990 оноос хойш нийт 329.0 гаруй тэрбум иений зээл, тусламжийг олгоод байна.
Эх сурвалж: Сангийн яам
м.такаока сангийн яам ч.хүрэлбаатар япон э.тамүра хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.