Манай сайтын энэ удаагийн зочин бол “Эко бьюте халгай” ХХК, “Tahe Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Т.Оюунжаргал юм.Монголын оддын үсчин хэмээгддэг түүнтэй "Үлгэр дуустал хайрална" номынх нь талаар ярилцлаа.


Тохуурхаж өгсөн ч брэнд болгосон Даагий нэрэндээ хайртай

Даагий гэдэг нэр тэр үеийн дадлагажигч, дагалдан гэсэн үгийн товчлол. Тиймээ, Оюунжаргал гэдэг нэр яаж яваад Даагий болсон юм бэ? гэж асуухад би өмнө нь ингэж хариулдаг байсан юм. Гэхдээ би одоо би “эдгэсэн”, үнэнээ яагаад хэлж болохгүй гэж. Өмнө нь эмзэглэдэг байсан ч өнөөдөр хуваалцахдаа би ичихгүй.

“Ажил хайж яваад орсон газар маань маш сайхан хүлээн авч, олон зүйлийг сургасан. Тэр дунд юу ч хий гэсэн гараад ирдэгт тохуурхаж Далдага гэж дууддаг хүмүүс байсан нь үнэн билээ. Гэхдээ би хэзээ ч тэр нэрнээсээ, тухайн үеийн нөхцөл байдлаасаа  ичээгүй юм шүү. Надад ажилтай байх л хамгийн чухал тул юу гэж дуудах нь хамаагүй байсан.  Ажиллаж эхлээд 7 хоногийн дараа “Энэ ажиллачих юм шиг байна, эмэгтэй ч юм, хөдөлгөөнтэй юм. Далдагаа болиод Даагий гэж дуудъя” гэсэн. Ингэж Даагий гэдэг нэр надад үлдсэн түүхтэй. Намайг хүлээн авч, ажилд авсан тэр газартаа үргэлж талархаж явдаг юм шүү. Одоо ч хүндэтгэлтэй ханддаг.

Тохуурхаж өгсөн тэр нэрийг өнөөдөр Даагий брэнд болтол нь авч яваадаа баярладаг. Би энэ нэрэндээ үнэхээр хайртай. Намайг Оюунжаргал гэхээр өөр хүн дуудаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. (инээв)

Бичлэг үзэх:

Би амьдралынхаа гол дүр нь

Би үсчин хүн тул олон хүнтэй танилцдаг, заримтай нь амьдралын найзууд болжээ.

Нэлээд олон жилийн өмнө Х.Болор-Эрдэнэ зохиолч “Чи өөрийнхөө амьдралаар ном бичвэл ямар вэ” гэж надад хэлсэн юм. Тухайн үед миний ой тойнд өөрийнхөө амьдралаар ном бичнэ гэсэн төсөөлөл огтхон ч буугаагүй. “Ном бичвэл бусад хүн намайг юу гэж бодох вэ” гэхээс санаа зовсон, өнөө л зангаараа. Дараа нь Ц.Оюунгэрэл эгч ч бас “Ном бичээч. Үнэхээр сайхан ном болно” гэж хэлсэн. Гайхаж эргэлзээд л өнгөрсөн тэр зүйл ном болтлоо арав гаруй жилийг туулжээ.

Харин өнөөдөр би гар дээрээ “Үлгэр дуустал хайрлана” номоо бариад сууж байна.  Номын нээлтээ хийж тайзнаа зогсох тэр мөчид намайг зорин ирээд, хүндэлж хайрласан харцаар ширтэх хайртай хүмүүс, найз нөхдийгөө хараад зүүдэлж байгаа юм шиг л санагдсан. Амьдрал ийм баян билээ.


Энэ номыг би биш, алдарт зохиолч Х.Болор-Эрдэнэ маань бичиж, би гол баатар буюу өөрийнхөө амьдралын түүхийг зоригтойгоор гаргасан юм. Маш гайхалтай бичиж, хүнд хүргэж чадсан зохиолчдоо талархал илэрхийлэе.

Эрэлзэж тээнэгэлзсэн ч номоо бичүүлэх шалтгаан нь би 2 жилийн өмнө Болормаа гэж мундаг көүч эмэгтэйтэй танилцаж хувь хүний, сэтгэл зүйн сургалтад сууснаар өөрийгөө олж, таньж, мэдрэх аялалд гарсантай холбоотой. 

Олон жилийн турш  дурсамжид минь бат гэгч шигдэж орхисон зүрх сэтгэлийн аниагүй шарх, дутуугийн мэдрэмжүүдтэйгээ ингэж нэг эвлэрсэн.  Ганц би биш бусад хүн ч гэсэн над шиг сэтгэл зүйн хувьд шигдсэн гүн намаг, цээжний хөндүүрээсээ салж болох юм байна гэж ойлгосон тул зориг гаргаж, номоо бичүүлэх шийдвэр гаргасан. 

Эцсийн зорилго маань хүүхэд насандаа хэн нэгэнд хайрлагдаагүй мэдрэмж, хайнга нэгний хатуу үгс, буруу үйлдэл хүний амьдралд ямар хар ул мөрөө үлдээдэг болохыг л хэлэх байлаа. Энэ бүхнийг ойлгож, даван туулж, жинхэнэ өөртэйгээ учрахаар амьдралд та төсөөлшгүй ихээр талархах болно.


Ичиж, гологдсон өдрүүдийн цаана бэлэг хүлээж байдаг


Би айлын том охин. Ээж минь намайг 16-хан настайдаа төрүүлсэн. Намайг ойлгох битгий хэл өөрийнхөө ч учрыг олоогүй насанд нь би мэндэлсэн тул тэр хэрээрээ багагүй зүйлийг туулсан юм.

Бусдад гадуурхагдаж, гэр бүлийн хүчирхийллийг үзсэн, үүнийгээ ч нуухгүй.

Болормаа көүчтэй уулзсанаар өөрийнхөө хүүхэд насаар аялсан. Нүдээ анин бясалгал хийж 3 нас, 6 нас. 14 насандаа хамгийн их очсон. Тэр үед сэтгэл зүйн хувьд хамгийн хүчтэй гэмтсэн байсан юм билээ. Тэр үед ичих, гологдох, хэн ч биш гэдгээ мэдрэх мэдрэмжүүд маш хүчтэй суусныг ухаарсан.

Намайг гомдоосон хүмүүсээс уучлалт хүсэж, намайг орхисон аавыгаа, тэр үеийн гашуун бүхнийг уучилсан.

Өнөөдрийн намайг аз жаргалтай болгоход энэ сэтгэл зүйн чөлөөлөлт шууд нөлөөлсөн. Хэрвээ би тэр замыг туулаагүй байсан бол өнөөдрийн аз жаргалыг мэдрэхгүй байх байлаа гэдгээ ч илүү ихээр ойлгосон.

Амьдралд таагүй зүйл гарвал түүнтэйгээ эвлэрээд, хүлээж аваад уйлаад, буцааж явуулаад байх аргатай болоорой, “Дондогмаа” шиг цохисон ч босоод ирдэг байгаарай гэдгийг хүмүүст  хэлэхийг хүсдэг.  “Үлгэр дуустал хайрлана” гэдэг ном намайг бүтээсэн, эдгээсэн. 


Эмэгтэйчүүд үсээ засуулахаар биш сэтгэлээ тайтгаруулах гэж үсчинд очдог


Хүн сэтгэл зүйгээ мэддэггүй. Нэг мэдэхэд хохирогч болчихсон, нэг мэдэхэд гомдоллоод, хорвоогийн хамгийн азгүй хүн болчихсон, амиа хорлох талаар бодоод явж байдаг. Тийм эмэгтэйчүүдтэй олон ч удаа таарч, ярилцаж байлаа.

Үсээ янзлуулаад хамаг сайхан ерөөлийн үгээ хэлж уйлаад суудаг эмэгтэйтэй ч таарсан.

Таалагдаагүй юм болов уу гээд асуутал “Би хэзээ ч ийм мэдрэмж аваагүй, “Би ийм гоё эмэгтэй байсан юм уу” гээд толь руу хараад мэлмэртлээ уйлах эмэгтэйд “Үгүй ээ, та өөрөө ийм гоё эмэгтэй. Танд ийм гоё нүд, уруул, арьс заяасан” гэж хэлж байсан юм. Энэ бүхнийг эргээд харахаар би үсчнээс гадна сэтгэл зүйч болж хувираад байх шиг санагддаг.

20-иод жил үйлчлүүлсэн учраас олон танилтай. Дандаа тогтсон цагтаа ирдэг үйлчлүүлэгчид маань хэсэг алга болчихоор үгүйлдэг. Зарим руу залгадаг. Нэг удаа нас тогтсон эгч рүү залгатал гэрийнхэн нь бурхан болсныг дуулгаад зөндөө уйлж билээ. Би тэр хүний үсийг эцсийн удаа зассан байжээ.

Зарим нь бүр гурван үеэрээ ч ирж үйлчлүүлж байна. Намайг зорин ирж, үсээ засуулсан боловч надад зөндөөг ойлгуулж, ухааруулж ихийг өгсөн ийм хүмүүс амьдралд ямар олон гээч.