“Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээ энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ үеэр зохион байгуулагдсан TEDxUlaanbaatar "AGENTS OF CHANGE"-ийн илтгэгч, "Монполимет" группийн Гүйцэтгэх захирал С.Энхтуяагийн илтгэлийг хүргэе.


Дөчөөд жилийн тэртээ МУИС-ийн математикийн ангийн төгсөөд шууд Геологи уул уурхайн үйлдвэр шинжилгээний институтэд ажлын гараагаа эхэлж билээ. Үүнээс арваад жилийн дараа "Монполимет" уурхайн ажлын талбарт гарсан юм.

Тэр үе нийгэм зах зээлд шилжиж, Монгол Улсын уул уурхайн салбарт ч техник технологи, боловсон хүчний аль аль нь өөр шатанд гарсан нэгэн шинэ үеийг авчирсан. 

Энэ үеэс л нөхөн сэргээлтийн тухай эрчимтэй яригдах болсон. Хууль журам, зааврууд дөнгөж боловсруулагдаж компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн үе. Манай компани энэ үеэс хойш 20 жилийн турш тасралтгүй нөхөн сэргээлтэд голчлон анхаарчээ. Энэхүү арга туршлагаасаа та бүхэндээ хуваалцъя. 

Ашигласан газраа нөхөн сэргээхийн тулд эхлээд сайн төлөвлөлт хэрэгтэй

Уул уурхайн салбарынхан ихэнхдээ жилээр л ажлаа төлөвлөдөг. Гэтэл хийсэн ажлаа эргээд 2-3 жилийн дараа харахаар жижиг мэт боловч, тоохгүй өнгөрч боломгүй алдаа гарах үе ч  бий. Тийм учраас манай компанийн залуус нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг уурхай ордын хэмжээнд, том зургаар нь  төлөвлөх дээр санаа нийлсэн.

Манай ордын хувьд гол дагаад 10 км үргэлжилсэн газар нутагтай. Туул голын эргээ дагуулаад төгөл маягаар ойжуулалт хийж, харин дэнж талдаа бэлчээрийн олон наст ургамал тарьсан. 

Сайн төлөвлөгөөтэй байхын үр өгөөж нь нэгдүгээрт хий зардал гаргахгүй, хоёрдугаарт хэрэгжүүлсэн ажил илүү үр дүнтэй болдог. 

Нөхөн сэргээх талбайдаа мод, ургамал тарья гэж нэгэнт төлөвлөсөн бол үүний дараа ямар ургамлыг хаана тарих вэ гэдэг асуулт гарч ирнэ. 


Хөрөнгө мөнгө, сэтгэл зүтгэл гээд олон зүйл зарцуулж байж л мод ургадаг

Хэрэгжүүлсэн төсөл, төлөвлөгөө бүхэн амжилтай болоогүй. Сургамж үлдээсэн бүтэлгүйтэл ажлууд ч байгаа. Жишээ нь 2007 онд бид нэг ширхэг нь 1 ам.долларын үнэтэй саваа мод худалдан авсан юм. Түргэн ургадаг гэдгээрээ алдартай ч нэг ширхэг нь ч ургаагүй. Орчиндоо зохицоогүйгээс тэр л дээ. Түүний дараа улаан сухай модыг тарьж ургууллаа. 3,4 жил болсон ч давжаа хэвээрээ л байсан. Сухай модоо говьд судалгааны төвдөө тарьсан чинь маш хурдан ургасан, бүхэл бүтэн нэгэн шинэ төгөл бий болгосноороо бахархдаг. Тарих гэж байгаа ургамал, модны шинж чанар тухайн газар орондоо зохицсон байх эсэх нь ийм чухал гэдгийг эндээс харж болно.

Нөхөн сэргээлтийн ажил цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл зүтгэл гээд олон зүйл зарцуулж байж л үр дүнд хүрдэг ажил. Манай компанийн удирдлагуудын ихэнх нь эмэгтэйчүүд учраас нөхөн сэргээлтийн ажилд илүү их сэтгэл гаргаж ханддаг болов уу гэж би боддог.

Өнөөдөр манай компани олборлолт хийж байгаа 1021 га газрынхаа 85 хувьд техникийн нөхөн сэргээлт,  65 орчим хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн. 

12-14 төрлийн мод, 7-8 төрлийн үрээр ургамалжуулалт тарьжээ. Шинжилгээ судалгааны ажилд илүү ач холбогдол өгч орон нутгаар судалгаа хийж модны төрлийг олшруулахад анхаарч эхэлсэн. Жишээ нь Увс аймагт очиж судалгаа хийж, цаг уурын хүнд нөхцөлд ч ургадаг модыг Заамарын нөхцөлд дасгаж амжилттай ургууллаа. Судалгааны ажлаа өргөжүүлж ХААИС, МУИС, Дархан-Уул аймгийн сургуулиуд, эрдэмтэд, хувиараа мод тариалагч иргэдтэй хамтарч ажилладаг. 

                 

Инновацийн ид шид

Нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд олон инновацийг нэвтрүүлсээр байна. Тухайлбал модны ургалтад сайнаар нөлөөлдөг био бортог гаргасан. Ингэснээр модны үндсийг гэмтээхгүйгээр шилжүүлэн суулгах боломжтой болсон. Түүнчлэн хавар намар гэж хязгаарлалгүйгээр зуны цагт ч мод тарих боломж бүрдэж байгаа юм. 

Нөхөн сэргээлтдээ гаргасан өөр нэгэн дэвшил нь усалгааны систем. 

Өмнө тарьсан моддоо гараар, машинаар, мөс хучих зэрэг аргаар усалдаг байсан бол модны тоо нэмэгдэхийн хэрээр усалгааны систем хэрэгтэй болсон. Тиймээс манай компани Солонгосоос дуслын усалгааны систем оруулж ирсэн. Ингэснээр тарьсан 300 мянган модны 90 гаруй  хувь нь амжилттай ургадаг.

Хүүхдээ 6 нас хүртэл нь хүмүүжүүлээд сургуульд оруулдаг шиг мод 4,5 нас хүртлээ нарийн арчилгаа шаарддаг. Энэ бол байгалийн зохицол юм.

Нөхөн сэргээлтийг жил болгон хийвэл зардалд хэмнэлттэй. Хэдэн жил нөхөн сэргээлт хийхгүй байснаа гэнэтхэн нөхөн сэргээнэ гэж ярих нь утгагүй. Ийм алдаа уул уурхайн салбарыг муухай харагдуулдаг гэж хардаг.


Монголчуудын мод тарих туршлагыг ирж судалдаг болсон

Эхний жилүүдэд бид хүмүүсээс сурч, судалж гадагшаа явдаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд биднээс суралцахаар ирдэг болсонд олзуурхдаг. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд Этиоп улсын Засгийн газраас судлаачид ирж бидний нөхөн сэргээх ажлын үр дүнтэй танилцсан. 

Газар дээр танилцаад туршлага хуваалцсан жил бүр маш олон оюутан судлаачид туршлагатай танилцах боломжтой. 

Манай "Монполимет" групп өөрсдийнхөө олборлосон талбайг анх харсан шигээ унаган төрхөнд нь оруулахаас гадна байгалийн цогцолбор бүрдүүлсэн үйлдвэр сургалтын төв болгож хойч үедээ үлдээнэ гэсэн алсын хараатайгаар ажиллаж байна.