Х.Оргил
02 сарын 06, 2026
Боловсролын дэд сайд Д.Гантулга Зүүн бүс хариуцсан зөвлөх Л.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх О.Цэцэгбал нарын хамт Увс аймгийн Улаангом хотод ажиллаж байна. Эхний өдөр боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл зэрэг асуудлаар бодит мэдээлэл өгөв.
Тус аймгийн хувьд ерөнхий боловсролын 30 сургуульд 20 мянга гаруй хүүхэд суралцаж, 1918 багш ажилтан, СӨБ-ын 32 цэцэрлэгт 7015 хүүхэд суралцаж, 794 багш, ажилтан ажиллаж байна. Мөн мэргэжлийн боловсролын болон дээд боловсролын 2 байгууллагад 920 суралцагч, 127 багш, ажилтан ажиллаж Увс аймгийн ард иргэдэд боловсрол, үйлчилгээ үзүүлж буй.
Боловсролын шинэчлэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломж байна

/Боловсролын дэд сайд Д.Гантулга/
Увс аймагт ажиллах үеэр сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч зэрэг удирдах ажилтнуудтай уулзаж, цалин болон өдөр тутам тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа.
Мөн сургалтын чанарт шууд нөлөөлдөг асуудлын нэг бол яах аргагүй сургалтын орчин. Сургуулийн ширээ, сандлын стандарт, хүүхдийн эрүүл мэндэд нийцсэн орчны асуудлыг орон нутгийн удирдлагууд онцолж байна. Үүнийг яамны зүгээс боломжийн хэрээр шийдвэрлэхийг зорьж байгаа ч бодит нөхцөл байдал амаргүй.
Зөвхөн ширээ, сандлын асуудлыг төр дангаараа бүрэн шийдэхэд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Тиймээс боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг зөвхөн төрийн ачаалал болгох бус, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар шийдэх нь зайлшгүй гэж үзэж байна.
Энэ хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид байгууллагын борлуулалтын орлогын 1 хувьд ногдох татварыг чөлөөлөх боломжит шийдэл байгааг танилцуулсан. Ингэснээр хувийн хэвшил боловсролын орчинд бодитой хувь нэмэр оруулах, төрийн ачааллыг хуваалцах нөхцөл бүрдэнэ.
Бүх насаараа эрүүл амьдрах дадлыг бага ангиас л хэвшүүлдэг
/Боловсролын сайдын эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх О.Цэцэгбал/
Бага ангид нь насан туршийн амьдралын зөв дадал суулгах нь хамгийн чухал. Энэ насыг алдвал дараа нь хэчнээн хэлж хичээгээд ч үр дүн бага байдаг. Тиймээс эрүүл мэндийн боловсролыг бодлогоор нэгдүгээр ангиас эхлүүлэхээр болсон.
Судалгаанаас үзэхэд Монгол хүүхдүүдийн 80-90% нь шүдний цооролттой байна. Үүний ард дадлын асуудал хөндөгдөх учраас нэгдүгээр ангиас эхлэн шүд угаах дадлыг суулгаж, хоол хүнсний талаар ойлголт өгч эхлэх гэж байна.
Үүнийг илүү үр дүнтэй болгохын тулд НҮБ-ын Хүн амын сан болон манай баг хамтраад эцэг эхэд зориулсан гарын авлага, ном гаргахаар ажиллаж байна. Бид хөтөлбөрөө боловсруулахдаа анагаахын профессор, шүдний эмч, мэргэжилтэн, хоол тэжээл болон нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд зэрэг нарийн мэргэжлийн багтай ажилласан. Үүний үр дүнд сургуулийн орчин нөхцөл, байршлаас үл хамаараад үдийн цайны дараа хүүхдүүд шүдээ угааж болох арга зүйгээр хангах болно. Японд гэхэд хүүхэд бүр сургууль дээрээ шүдээ угаагаад хэвшчихсэн байдаг. Үр дүнд нь япончууд урт насалж байна. Бид өнөөдөр сууриа зөв тавивал, 2040 он гэхэд эдгээр хүүхдүүд өсөж томроод, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох эрүүл залуус болно.
Хүүхдээ хөгжүүлж чадаагүй улс хөгжих боломжгүй
/Боловсролын сайдын Зүүн бүс хариуцсан зөвлөх Л.Лхагвасүрэн/

Малчдын хүүхдийг сургуульд сургахын тулд сум, аймгийн төв рүү явуулснаар гэр бүл салж, хүүхэд бараг хагас өнчирч үлддэг бодит асуудал бий.
Иймээс хамгийн сайн сургууль гэдэг нь олон хүүхэдтэй том сургууль биш, харин гэрт ойрхон, цөөн хүүхэдтэй бага сургууль байх ёстой. Багийн бага сургууль нь хүүхдийг гэр бүл, ахуй орчноос нь салгахгүйгээр сургах боломж олгож, хүүхдүүдийн суралцах чадвар, хамтын уур амьсгалыг бодитоор сайжруулж байгааг бодит жишээ харуулж байна.
Хүүхдээ хөгжүүлж чадаагүй улс хөгжих боломжгүй. Тиймээс боловсролыг амьдралаас нь таслах биш, амьдралтай нь хамт авч явах шийдэл нь багийн бага сургууль юм шүү дээ.


Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.