Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-Улаанбаатар хотын худалдааны танхимаас гишүүн байгууллагууддаа хандаж уриалга гаргасан. Банкны хувьцаа эзэмшигч болсноор өөрсдийн өмнө тулгардаг санхүүжилтийн нийтлэг хүндрэл, бэрхшээлээ шийдэх, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд илүү оролцоотой байх амбиц гэж үүнийг ойлгож болох уу?

-Саяхан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Үүгээр банкууд хувьцаат, нээлттэй компани болох ёстой. Ингээд хувьцааныхаа тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр зарах шаардлага үүссэн. Энэ нь нэг талаасаа санхүүгийн зах зээл дээр банкууд монополь байсныг задалж өгч байгаа. Нөгөө талаасаа санхүүгийн зах зээлд иргэд болон аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай. Ерөнхийдөө банкууд зээл олгохгүй байна, зээлийн хүү өндөр байна, эсвэл тавигдах шаардлага нь хэтэрхий чанга гэх мэтээр асуудлууд байнга яригддаг. Өөрөөр хэлбэл бизнест ямар ч ээлгүй санхүүжилтүүд зөвхөн банкнаас л хамааралтай байгаа учраас, ийм санхүүжилтүүд гараад байгаа үйл явцыг засахад Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэг болно гэж бид үзэж байна. 


-Бизнесүүдэд хэр ээлтэй байж чадах бол?

-Бизнест ээлтэй санхүүжилтүүдийг хэн бий болгож чадах вэ гэхээр хувьцаа эзэмшигчид маань өөрсдөө банкныхаа үйл ажиллагаанд хяналт тавиад, банкандаа шаардлага тавьснаар бизнест ээлтэй хөнгөлөлттэй зээлүүд гарах боломж бий болох юм уу гэж бид харж байгаа. Тийм учраас банкнуудын хувьцаа арилжих энэ үед манай Улаанбаатар хотын танхимын гишүүд нэгдээд хамтарч нэг банкны хувьцааг аваад танхимаар дамжуулан тухайн банканд хяналт тавих боломж нэмэгдэнэ. 

Мөн манай бизнес эрхлэгч, иргэд, жижиг хувьцаа эзэмшигчдийн дуу хоолой компанийн удирдлагад хүрдэггүй гээд байдаг. Тэгэхээр бид танхим дээрээ нэгдэж байгаад хамтарч банканд хяналтаа тавих юм бол жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх хамгаалагдана гэсэн үг. Тийм ч учраас бид Улаанбаатарын танхим дээр хамтарч байгаад банкны хувьцаа арилжих үйл явцад нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох уриалга гаргасан юм.


-Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн санхүүгийн төв болгох боломжтой гэж салбарынхан үздэг. Та бүхний дэвшүүлж байгаа уриалга үүнийг ойртуулахад түлхэц болох юм байна гэж ойлгосон. Ингэж харж болох уу?

-Манай танхимын алсын хараа гэвэл бүс нутгийн хэмжээнд лидер манлайлагч болох зорилготой. Ингэхийн тулд бид өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгийнхаа эдийн засаг, хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд идэвхтэй ажиллах ёстой. Бидний хувьд НИТХ, НЗДТГ-тай ярьж хэлэлцээд нэг зүг рүү харж байгаа зүйл нь  Улаанбаатар хот маань зөвхөн Монгол Улс гэлтгүй Зүүн хойд Азийн санхүүгийн томоохон төв болох боломж бидэнд байна.

Тухайлбал, зөвхөн Монгол Улс дотроо үйл ажиллагаа явуулж байгаа нийт бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Дээр нь манай улсын эдийн засгийн эргэлтийн ихэнх нь Улаанбаатар төвлөрдөг. Цаашлаад бүс нутгаар нь харьцуулаад үзэхээр манай хот бусад улсын хөрөнгө оруулалтыг татах давуу тал ихтэй. Тухайлбал, хууль эрх зүйн орчин болон ардчилсан тогтолцооны талаасаа ч авч үзсэн боломжтой.


-Хамгийн гол шалгуур юу байх бол?

-Санхүүгийн томоохон төв болохын тулд юун түрүүнд санхүүгийн зах зээл эрүүл, нээлттэй, шилэн байх ёстой. Ийм болгох анхны нэг алхам банкны зах зээлийг нээлттэй болгож байгаа явдал. Тэгэхээр нэг талаасаа өөрийнхөө гишүүн аж ахуй нэгжүүдийг дэмжсэн, тэдэнд зориулсан ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг банкнуудаас гаргуулдаг болгох зорилготой уриалга гаргаж хотын танхим дээр нэгдэхийг бизнес эрхлэгчдэдээ бид уриалж байгаа. 

Нөгөө талаасаа энэ тогтолцоогоор дамжуулан санхүүгийн төв болох, санхүүгийн нээлттэй зах зээлийг бий болгож үүгээр дамжуулан Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар гаднаас оруулж ирэх хөрөнгө оруулалтуудыг татахад өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготой.


-Ковидоос болоод Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг олон бизнес эрсдэлд өртлөө. Гишүүн байгууллагуудад ямар хүндрэл тулгарав?

-Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлээд хөл хорио тогтоосон. Үүнээс хойш нөхцөл байдлын дөрвөн удаагийн судалгаа хийсэн. Судалгаа болгон өөр өөр зорилготой. Тухайлбал, хөл хорионд ороод бизнес нь хаагдсан эсвэл бичил аж ахуйн нэгжүүдэд ямар хүндрэл байна вэ гээд олон талаас нь судалж үзлээ. 

Бүх судалгаанаас харахад  “Ковид-19”-ын хөл хорионоос болоод бизнесийн бүх салбарт хүндрэл учирсан. Гэхдээ томоохон, дунд зэргийн аж ахуйн нэгжүүд эсвэл бүр хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст учирч байгаа хүндрэл бэрхшээл сорилтууд хоорондоо харилцан адилгүй. 

Томоохон аж ахуйн нэгжүүд харьцангуй тогтчихсон бизнесийн соёлтой, санхүүгийн хөрвөх чадвартай, эрсдэл даах чадвар өндөр учраас ажлын байраа хадгалаад, бизнесээ үргэлжлүүлээд явж байна.

Гэтэл хамгийн их эрсдэлд өртсөн хэсэг нь бичил, жижиг аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд судалгаа хийж үзэхэд бүс нутгаараа мөн ялгаатай. Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн. Учир нь хүн амын нягтаршил ихтэй, худалдан авах чадвар зогссон, хөл хорионд олон удаа ороод эдийн засгийн эргэлт зогсчихсон. Тэгэхээр аж ахуй нэгжүүдийн хэмжээнээс хамаараад үүрсэн эрсдэл, алдагдал ялгаатай байна. Ерөнхийдөө Улаанбаатар хот хамгийн их эрсдэл үүрсэн.


-Аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүй болчихлоо гэж байгаа энэ үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн талаар ярьж эхэллээ. Энэ мөнгө ажлын байраа хадгалахад чиглэнэ гэсэн. Та бүхэн 10 их наяд төгрөгийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газраас “Ковид-19” халдварын улмаас хөл хорионы арга хэмжээ авч эхлэх үеэс л бид аж ахуй нэгжүүддээ санхүүжилт олгох, ажлын байраа хадгалж үлдэхэд нь зориулж тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл тусламж олгох, хөрөнгө оруулалт хийх саналыг байнга тавьж ирсэн. Тэгэхээр 10 их наядын хөтөлбөрийн хувьд бидний тавьж байсан саналтай нийцэж байгаа. Мэдээж хэнд олгогдох, яаж олгогдох, эх үүсвэр нь хаанаас байх вэ гээд маш олон асуудал тодорхой биш, ойлгомжгүй, эрсдэлтэй харагдсан. 

Эрсдэл өндөр байгаа ч гэсэн бид үүнийг хийхээс өөр арга байхгүй. Худалдан авалт зогсонги болчихсон. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд орлогогүй, ажлын байраа хадгалж үлдэх боломжгүй нөхцөл байдалд ороод байна. 

Харин хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бид анхаарах хэрэгтэй. Одоогоор эх үүсвэр нь тодорхой биш байна. Яаж ийгээд эх үүсвэр нь тодорхой боллоо гэхэд хэрхэн хэрэгжүүлж, хэнд өгөх вэ. Стратегийн ач холбогдолтой гээд нэг заалт орчихсон байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрүүд гээд нэг заалт байна. 


-Хуучин шалгуураар зээл өгнө гэвэл цар тахлын улмаас хүнд цохилтод орсон ААН-үүдэд боломж бараг гарахгүй л болов уу?

-Яг өнөөдрийн байдлаар жижиг дунд үйлдвэрүүд бүгд банкны зээлтэй, зээл нь хүндэрсэн, хугацаа хэтэрсэн, гэрээгээ шинээр байгуулаад дахин санхүүжилт хийгээд явж байгаа. Тэгэхээр өнөөдөр зээлтэй аж ахуйн нэгжүүдэд нэмж хуучны банкны шалгуураар нэмж зээл өгнө гэвэл худлаа. Үүнтэй санал нийлнэ. Хэн ч тэр шалгуурыг давахгүй. Тийм учраас тавигдах шалгуураа өөрчилж илүү хөнгөвчлөх хэрэгтэй. Өмнө нь зээлтэй байсан нь хамаагүй. Өнөөдөр ажлын байраа хадгалж үлдэх нь л чухал болчихлоо. 


-Үүнийг хэрхэн шийдэх вэ, бодит гаргалгаа байна уу?

-Төр засаг бидэнтэй, хувийн хэвшлүүдтэй ярилцах ёстой. Төрд ажилладаг хүмүүс өөрсдийн өнцгөөс хараад л нэг юм хийчихдэг. Гэтэл тэр нь амьдралд буух нь бага байдаг шүү дээ. Нөгөө талаасаа аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт босгох боломжийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Яг өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр дандаа том компаниуд хувьцаа гаргаж байна. Хувьцааны ард түүнийг баталгаажуулж байх хөрөнгө байх ёстой учраас тэгэхээс ч өөр арга байхгүй. Гэтэл өнөөдөр тийм боломжгүй компаниуд хөрөнгийн зах зээл дээр орж чадаагүй байгаа. 


-Мөн л тэгш бус хуваарилалт болох нь. Арай өөр хувилбар бий юу?

Магадгүй өөр нэг хувилбар нь Зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргуулж зарим боломжтой компаниудын бонд, өрийн бичгийг хөрөнгийн зах зээл дээр гаргаж болно. Тэгсэн тохиолдолд эх үүсвэр тодорхойгүй байгаа хөрөнгөөс биш тодорхой бусад активууд хөрөнгийн зах зээлд орж ирэх боломжтой болно. Энэ мэтчилэн олон хувилбар байж болно. Энэ бүхнийг хийхэд эрсдэл байгааг ойлгож байна. Гэхдээ эрсдэл гээд хойш суугаад байж болохгүй.


-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын чуулган гээд танайх нийслэлтэй хамтарч хийж байсан. Ковидоос болоод өнжсөн гэж сонссон. Нийслэлтэй хамтрахын ач холбогдлыг дурдахгүй юу?

-Бид зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Улаанбаатар хотын Худалдааны Танхим 2015 онд байгуулагдсан. Бидний гол зорилго өөрсдийн гишүүн байгууллага болон бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад оршдог. Өөрөөр хэлбэл төр засагтай харилцах, төрийн байгууллагын зүгээс бизнес эрхлэхэд учруулж байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэхэд оролцох, зөв зүйтэй ажлууд дээр дэмжлэг үзүүлэх ажлыг хийх зорилготой. Нөгөө талаас гишүүн байгууллагууддаа бизнесийн тал дээр хөгжиж дараагийн шатанд гарахад дэмжлэг үзүүлэх зорилготой. 

Тэгэхээр энэ хоёр зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд Улаанбаатарын хөрөнгө оруулалтын чуулган зэрэг томоохон арга хэмжээг хотын захиргаа, НЗДТГ-тай хамтарч зохион байгуулж ирсэн. Үүний гол зорилго нь хотоос зарлаж байгаа, нийслэлд хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй болгох, бизнес эрхлэгчдэд дамжуулах юм. 

Өмнө нь бүх мэдээлэл хаалттай байсныг нээлттэй болгож, төслүүдийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор чуулгануудыг хийж байсан. Дээр нь Улаанбаатар хоттой хамтарч ажилладаг гадаадын улс, орнууд бий. Тэдний худалдааг дэмжих байгууллагуудтай хамтарч бизнес эрхлэгчдээ гадаад орны зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж байна. Манай гишүүн байгууллагууд одоогоор ихэвчлэн томоохон аж ахуй нэгжүүд байдаг. 

Тэгэхээр томоохон аж ахуй нэгжүүд компаниудтай хамтран тэдний нийгмийн хариуцлагын  хүрээнд жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг хийж байна. Тухайлбал, Сонгино хайрхан дүүргийн ЖДҮ-ийн газартай хамтарч бичил бизнес эрхлэгчдийг өөрийн томоохон аж ахуй нэгжүүдтэй холбож өгөх, тэдний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд томоохон аж ахуй нэгжүүдийн шаардлагыг хангадаг болоход нь дэмжлэг үзүүлэх хөгжүүлэх сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж эхэлж байгаа. Бид зөвхөн өөрийн гишүүн томоохон аж ахуйн нэгжүүд гэхгүй гишүүн биш ч гэсэн Улаанбаатар хотын нийт аж ахуй нэгжүүдийг дэмжих, хөгжүүлэх ажлуудыг хийгээд явж байна.