Буяндэлгэрийн Мөнхчимэг
04 сарын 09, 2026
Биологийн улсын 36 дугаар олимпиадын нээлт болж, нийт олимпиадад оролцогчид, шалгалтын комисс тангаргаа өргөснөөр албан ёсоор эхэллээ.
Нээлтийн ёслолын үеэр хэлсэн Монголын биологийн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал Б.Ариунцэцэг "Энэ жилийн олимпиад “Цөлжилтийн эсрэг биологийн шийдэл” уриатайгаар зохион байгуулагдаж байна. Монгол Улс НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулахтай холбоотойгоор бид байгальд ээлтэй, хариуцлагатай сонголт хийхийг зорилоо.
Үүний хүрээнд олимпиадын онолын бүх шалгалтыг улсын хэмжээнд анх удаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр бид 80 хайрцаг буюу 400 орчим боодол бичгийн цаас хэмнэж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулж чадсан.
Нэгдүгээр шатнаас гуравдугаар шат хүртэл нийт 4800 орчим суралцагч оролцож, нийтдээ 5600 орчим удаагийн онолын шалгалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа." хэмээн онцлон дурдав.

Биологийн олимпиадын улсын шат 9, 12 дугаар ангийн сурагчид болон багш нарын ангилалаар зохиогддог. Энэ жил аймаг бүрээс хоёр, нийслэлээс 30 сурагч өрсөлдөх бол багш нарын төрөлд аймаг бүрээс нэг, нийслэлээс 24 багш оролцож байна.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Монголын биологийн олимпиадын хорооны ТУЗ-ийн дарга, Нэкст группын нөөцийн удирдлагын захирал: Ч.Эрдэнэзаяа: Суурь шинжлэх ухааны олимпиадуудыг илүү хараат бус, өргөн оролцоотой зохион байгуулах зорилгоор олимпиадын хороод байгуулагдсан. Өмнө нь ихэвчлэн их, дээд сургуулиудын харьяанд олимпиадууд зохион байгуулдаг байсан бол одоо хими, физик, математик, биологийн олимпиадуудыг тус бүрийн ТББ-аар дамжуулан зохион байгуулдаг болсон. Ингэснээр зөвхөн нэг сургуулийн хүрээний арга хэмжээ мэт харагдахгүй, эрдэмтэн судлаачид, багш нар, хувийн хэвшлийн төлөөлөл хамтран оролцдог бүтэц бүрдсэн.

Манай Биологийн олимпиадын хороо хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн жил 35 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулж, оролцогчдын тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг цахимжуулах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилгын хүрээнд энэ жилийн олимпиад 100 хувь цахим хэлбэрт шилжиж, оролцогчдын хүрээ ч илүү өргөжөөд байна.
Ер нь биологи бол суурь шинжлэх ухаан. Хүн өөрөө биологийн амьтан атлаа биологийн шинжлэх ухааныг төдийлөн сонирхохгүй, ойлгохгүй байх тохиолдол түгээмэл. Гэтэл өнөөдөр эрүүл амьдрал, зөв хооллолт, хүний эрүүл мэндийн талаар хүн бүр ярьж байгаа ч мэргэжлийн мэдлэгтэй боловсон хүчин харьцангуй дутмаг байна. Тиймээс сурагч байхаас нь биологийн шинжлэх ухаанд сонирхолтой болгож, зөв чиглэлд хөтлөхөд бидний оролцоо чухал гэж үзэж байгаа юм.
А.Гүрбадам: Биологийн олимпиадад оролцож байгаа багш нар бол Монгол Улсын боловсролын салбарын нэрийн хуудас
Монгол улсын ардын багш, гавьяат багш, биологийн ухааны доктор, профессор А. Гүрбадам "Биологийн шинжлэх ухаан эрүүл мэнд, анагаах ухаан, байгаль хамгаалал, хүнсний аюулгүй байдал зэрэг олон салбарын суурь. Ирээдүйн шинжлэх ухаан, технологийн хөгжил биологигүйгээр төсөөлөх боломжгүй. Тиймээс олимпиадад оролцож байгаа багш, сурагчид та бүхний хүчин чармайлт, мэдлэг нь монголын биологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Тэр дундаа Биологийн олимпиадад оролцож байгаа багш нар бол Монгол Улсын боловсролын салбарын нэрийн хуудас гэж би итгэл төгс хэлнэ." гэж онцлоод олимпиадад ороцлогчдод амжилт хүслээ.

Биологийн улсын 36 дугаар олимпиадыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий газар, Монголын Биологийн олимпиадын хороо ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. МУИС, АШУҮИС, Монос группийн Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа юм.Түүнчлэн Ойн газар, WWF Монгол, Монложистик групп, ТН майнинг компаниуд ивээн тэтгэгчээр оролцож, байгаль орчны шийдлийг эрэлхийлэх ирээдүйн эрдэмтдийг дэмжиж байна.
“Монложистик Холдинг” компанийн төлөөлж, дэд захирал И.Цогбаяр: Манай Монложистик групп байгууллагын таван үнэт зүйлийн нэг нь “бусдыг хүчирхэгжүүлэх манлайлал” гэж үздэг. Энэ хүрээнд бид нийгмийн сайн сайханд чиглэсэн, ялангуяа залуу үеийг дэмжих үйл ажиллагаанд анхаарч ажилладаг.

Энэ удаагийн улсын биологийн олимпиад “Цөлжилтийн эсрэг биологийн шийдэл” уриатайгаар зохиогдож байна. Сүүлийн үед Монгол Улсад төдийгүй дэлхий даяар цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал ноцтой түвшинд хүрч байна. Байгаль орчны нөхөн сэргээлт, экосистемийн тэнцвэрийг хадгалах зэрэг асуудалд биологийн шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс бид биологийн салбарыг сонгон, энэхүү олимпиадын үйл ажиллагааг ивээн тэтгэж байна.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.