Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг  “Олон улсын Цөлжилттэй тэмцэх өдөр” болгон зарлаж, цөлжилтийн хор уршиг, цөлжилт үүсгэж буй шалтгаан нөхцөлүүдийн тухай ойлголтыг олон нийтэд хүргэх, цөлжилттэй тэмцэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээг зохион байгуулдаг билээ.


2018 оны Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруул” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Энэхүү уриа нь “Газрыг зохистой ашиглахаас гадна “Газарт ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх” замаар өөрчлөлтийг эхлүүлэхийг сануулж байгаа аж.


KT&G Нийгмийн халамжийн байгууллага  Монголын ойн аж ахуйн сургалтын төвд өчигдөр энэхүү өдрийг угтан “Ногоон Ази сүлжээ” ТББ санаачлан БОАЖЯ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран “Байгаль орчны форум”-йг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, KT&G Нийгмийн халамжийн байгууллага  Монголын ойн аж ахуйн сургалтын төвийн дарга Шин Ги Ху, ШУА-ын Газарзүй геологийн хүрээлэнгийн Цөлжилт судалгааны төвийн захирал Н.Мандах, тус хүрээлэнгийн судлаач Г.Батсайхан, Э.Дашням, Жимс жимсгэний холбооны тэргүү Д.Насанжаргал, Эмэгтэй тариаланчдын холбооны тэргүүн Ж. Бяцхандаа, ХЗДХЯ ШХА хамтарсан “Иргэдийн оролцоо 2” төслийн хариуцагч Д. Сүнжид, “Мика Монгол” ТББ-ын захирал Б.Цогзолмаа, “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын төслийн багийн ахлах менежер З.Төмөрсүх  нарын 50 гаруй хүн оролцсон юм.

Олон улсад тэмдэглэдэг энэ өдөр нь дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны эмзэг асуудалд хандуулж, ганд нэрвэгдсэн, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа улс, бүс нутагт Цөлжилтийг устгах НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхийг уриалдаг юм.  “Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ” гэж тодорхойлсон байдаг.

Хамгийн  сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улс  77,8 хувийн цөлжилттэй гэсэн дүн гарчээ


Дэлхийн дулаарлаас шалтгаалан 1940-2011 оны хооронд Монголын цаг уур 1.92 градусаар халуун болсон нь газрын хөрсөн дээр элсэн хучлага үүсэх, ингэснээр элсэн довцог тогтох, манхан болон үргэлжилсэн их элс хөдөлгөөнд орж нүүх үзэгдэл ихсэн, бэлчээрийг элсэн талбай болгон хувиргах болсон байна. Хамгийн  сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улс  77,8 хувийн цөлжилттэй гэсэн дүн гарсан ба 2007 оны тооллогоор 5128 гол, горхины 852, 9306 булаг шандын 2277, 3747 нуур, цөөрмийн 1181, 429 рашааны 60 нь ширгэсэн бол 2015 оны тооллогоор 328 гол, 1102 булаг, 495 нуур нэмж хатсан ажээ.
Ийнхүү гол мөрний түвшин буурч ил задгай ус ширгэж, ургамалд ногдох чийгийн хэмжээ багасан модлог, бутлаг ургамлууд үндсээрээ өгөршин ургаж төлжих чадваргүй болж, ой хөвчийн мод хөгшрөх хандлагатай, өвс ургамал ховордож ил задгай усгүйн улмаас ан амьтан дайжин нүүдэллэх, хорогдох, хүний амьдрах орчин хумигдах боллоо.

Монгол орны газарзүйн байршлын онцлог, дэлхийн дулаарал зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээрийн газрын талхагдлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлс, ой модны хууль бус ашиглалт, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, уул уурхайн ашиглалтын дараахи нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа зэрэг хүний сөрөг үйлдлүүд нь цөлжилтийн цар хүрээг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж байна.

Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх төрийн бодлого хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын бодит оролцоо, хувь нэмэр чухал шаардлагатай болохыг форумд оролцогчид онцолж байлаа.


Н.Мандах: Цөлжилтийг бууруулахад гадны хөрөнгө оруулагчид, донор байгууллагууд илүү анхаарч байна

/ШУА-ын Газарзүй геологийн хүрээлэнгийн Цөлжилт судалгааны төвийн захирал/
Байгаль орчны эрх зүй, тэр дотроо цөлжилт, газрын доройтлыг бууруулах эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдэг талаар танилцууллаа. Ер нь Монгол Улсын хэмжээнд энэ асуудалд гол хөрөнгө оруулагч нь гадны хөрөнгө оруулагчид, донор байгууллагууд байна. Цөлжилтийг бууруулах цогц шийдэл нь  монголчууд өөрсдөө энэ асуудалд анхаарлаа илүү ихээр хандуулж, засаж залруулж, эргээд ашгаа хүртээд явах бүрэн боломжтой .
Дараагийн нэг чухал асуудал нь газар гэдэг үндсэн обьект эрх зүйн хувьд болон бодлогын хувьд хэн барьж байх ёстой юм гэдэг асуудлыг яримаар байна. Энэ жил Цөлжилттэй тэмцэх өдрийн уриа нь “Газар бол баялаг, түүнийг хамгаалахад хөрөнгө оруул” гэсэн байна. Газар баялаг юм бол  түүнийг “Төрийн ямар байгууллага  яаж төлөвлөж, яаж хамгаалж байна вэ” гэдэг асуудал  яригдана. Зөвхөн Барилга хот  байгуулалтын яам дангаараа хариуцах ёсгүй.  
Хамгийн гол нь хүн болгоны үүрэг бол байгальтайгаа зөв зохистой харьцах юм. Мөн  иргэн  хүн  төрөөс нэхэх юмаа нэхдэг, төрдөө өгөх юмаа өгдөг байх ёстой. Төрт улс  байхын  нэг гол үзүүлэлт нь иргэн хүн иргэн шиг байх ёстой.  Гол нь олсон орлогоосоо нэг ширхэг мод тарьчихдаг байхад л цөлжилтийг бууруулахад иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг болох юм.


Шин Ги Ху: Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол , айл өрхийн нягтаршил үүссэн нь цөлжилттэй холбоотой

/Ногоон ази  сүлжээ ТББ –ын Монгол дахь төлөлөчгийн газрын дарга/
Бид Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан “Байгаль орчны форум”-ыг зохион байгууллаа.
Нэг хүн нэг мод тарья гэж үзвэл Монгол улсын нийт иргэний тоогоор 3 сая гаруй модыг нэг өдрийн дотор тарьчих чадал бидэнд бий. Хамгийн гол нь бидний нэгдмэл байдал чухал. Нэг санаагаар хийх юм бол шийдэгдэхэд амархан ажил. Ирээдүйн төлөө, цөлжилтийг бууруулахад нэгдэх  монгол иргэдийг бид хүлээж байгаа. Та бүхнийг бидэнтэй нэгдэж, хамтран ажиллаасай гэж маш ихээр хүсч байна.
Дашрамд дуулгахад,  50 гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид 38 сая 125 мянган төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая 640 мянган төгрөгөөр үнэлэгдэх агаар цэвэршүүлж, 45 сая 750 мянган төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулж, 38 сая 125 мянган төгрөгөөр үнэлэгдэх хөрсний эвдрэлээс хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна. Тэгвэл та бид багахан мөнгөөр ганцхан суулгац худалдаж авч тариад арчлахад 197 сая 640 мянга орчим төгрөгөөр үнэлэгдэх баялагийг байгаль дэлхийдээ бэлэглэх ажээ.