Зөв хүн электорат эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ өнөөдөр зарлана.

Тус эвсэл "Ерөнхийлөгчөө захиалъя" санал асуулгын дүнд үндэслэн нэр бүхий 4 хүнд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал тавьжээ. Тэднээс эмч Б.Болдсайхан, Датакомын Д.Энхбат нар уг саналыг хүлээн авснаа өнөөдөр мэдэгдлээ. /Д.Энхбатын мэдэгдлийг ЭНД дарж уншина уу/

Энэ талаар эмч Б.Болдсайхан "“Зөв хүн Электорат”эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал ирсэн. Жирийн эмч, нам бус, иргэн хүний хувьд нэр төрийн санал байлаа, баярлалаа. Монгол Улс, сонгогч олны хүсэл зорилго, Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн хичээн зүтгэнэ" хэмээн нэр дэвшүүлэх саналыг зөвшөөрч буйгаа мэдэгдлээ.

Зөв хүн электорат эвсэл өнөө орой хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх саналыг нь хүлээн авсан хүмүүсээс хэнийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал хураалт явуулж, олонхын саналаар эцэслэн шийдэх аж.