"SPS"  телевизийн продюсер Б.Батзаяатай ярилцлаа

-Таныг спорт тэр дундаа хөлбөмбөгөөр илүү сайн мэднэ. Харин энэ удаа Үндэсний бөх шууд дамжуулах талаар ярилцах гэж байгаа минь их содон байна. SPS телевиз анх удаа Баяр наадмыг шууд дамжуулахад ямар давуу тал байгаа вэ? 

-Бидний хувьд өнгөрсөн оны сүүлээс Үндэсний бөх шууд дамжуулах ажилд орж, яаж шинэлэг, дэвшилттэй зүйл хийх тал дээр түлхүү ажилласан. Үүний үр дүн д үндэсний бөхийг мэргэжлийн хэмжээнд судалсан, мэргэшсэн залуустай хамтарч багаа бүрдүүлсэн юм. Манай нэг судлаач гэхэд 2006 оноос Үндэсний бөхийн нэг ч барилдаан, нэг ч давааг алгасалгүй үзэж тэмдэглэл хөтөлсөн байгаа. Ихэнх барилдааны давсан бөхийн мэхийг тэмдэглэж байсан гээд бод доо. Манай баг өнгөрөгч 6 сарын хугацаанд 1921 оноос хойшхи бүх мэдээллийг цуглуулж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж 100,000 орчим мэдээллийн баазтай санг бүрдүүлээд байна.

Энэ жилийн наадмаар 120 гаруй статистик мэдээллийг өгөхөөр бэлдсэнээс 50 хувийг нь тухайн үед live байдлаар тэр дор нь бэлтгэж өгөх юм. Испани улсаас графикийн систем худалдан авч, сургалтанд хамрагдан өөрсдийн бэлтгэсэн статистиктайгаар эфирт өгөх бэлтгэл ажлаа хийж байна даа. Ер нь бол манай спортын салбарт яаж шинэ өнгө төрх, соёл оруулах вэ гэж их бодсоны үндсэн дээр статистик мэдээлэл цуглуулах, цуглуулсан статистикаа боловсруулж, үзэгчдэд хүргэх хамгийн чухал гэдэг дээр тогтсон юм. 

Монголын спортын салбарт нэгэн шинэ хуудас болж, цаашдын хөгжилд үлэмж нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Спортын статистик манайд нарийн хэмжээнд хөгжөөгүй учраас эхний мэдээллүүд цуглуулахад боловсон хүчин, мэдээлэл цуглуулах арга барил гээд олон асуудал гарч ирсэн. Телевизийн салбарт зөвхөн статистик байгаад нэмэргүй. Учир нь тухайн мэдээллийг үзэгчдэд яаж энгийн ойлгомжтой байдлаар хүргэх вэ гэдэг дизайн, нэг бөхийн 3-4 статистик мэдээлэл байхад алийг нь онцлох вэ гэдэг өөр нэгэн чухал асуудал гарч ирнэ. Эцэст нь бүх хүнд ойлгомжтой гоёмсог дизайнтай мэдээллийг телевизийн эфирт өгөхөд техникийн боломж чухал үүрэгтэй. Эфирт гаргах гэж маш үнэтэй тоног төхөөрөмж хэрэг болно гээд бодохоор эцсийн хэрэглэгч буюу үзэгчдэд очиж буй зурагтай статистикийн ард асар их хүний хөдөлмөр, мөнгө санхүү яригддаг. 

-Спортын статистикаар манайд мэргэшсэн хүний нөөц бий юу? 

-Шууд байхгүй гэж хэлж болохгүй л дээ. Тухайн тэмцээний шүүгчид тодорхой хэмжээгээр хоёр багийн нийлбэр оноо гэх мэт статистикийн ажил хийж байдаг. Дээр нь манай тайлбарлагчид гадны сайтуудаас бүх төрлийн мэдээлэл авч түүнийгээ боловсруулдаг юм. Харин үндэсний спортод заавал цээж сайтай хүн байхгүй бол мэдээлэл цуглаалах, нэгтгэх боломж хомс. Телевизээр статистик мэдээлэл бараг л гардаггүй. Тавин жилийн өмнө дамжуулж эхэлснээс үндэсний бөхийн телевизийн салбарт дүрс, нэг тайлбарлагч гэдэг арга барилтай байсан нь бараг л өөрчлөгдөөгүй бөгөөд бидний хувьд дутуу зүйлс нь статистик юм байна гэдгийг олж харсан. Үзэгчид ойлгодог зүйлээ үздэг. Тийм учраас бид статистик мэдээлэл сайн оруулах тусам үзэгчдэд үндэсний бөх илүү ойлгомжтой болж, үзэгчдийн тоо өсөх юм. Хөлбөмбөгийг яагаад их хүн үздэг вэ гэхээр ойлгоход хамгийн амархан спорт. Сүмо бөхийг анх гаргаж эхлэхэд бүгд хошуурч үздэг байсан олон шалтгааны нэг нь статистик. Үзэхэд үнэхээр ойлгомжтой манай бөхчүүд хэзээ барилдах нь хүртэл ойлгомжтой байсан нь статистик мэдээлэлтэй холбоотой.

-Гадны спортын сигналыг нь аваад дуу оруулаад хүргэх нэг өөр хэрэг. Өөрсдөө шууд дамжуулалтыг хоёр өдрийн турш хийнэ гэдэг тэс өөр ажилдаа? 

-Тэгэлгүй яахав тэс өөр ажил. Гадны спортын тэмцээн уралдаанд бид хамгийн туршлагатай чадварлаг нь боловч дотоодын шууд дамжуулалт руу орвол өөр зүйлс ажиглагдана. Тухайлбал тавин жил шууд дамжуулсан Үндэсний телевиз, олон жил тогтмол шууд дамжуулж үндэсний бөхөөр мэргэшсэн ТВ9, Монгол HD телевизүүдийн хажууд бид цоо шинэ телевиз . Гэхдээ бидэнд наадам болон дотоодын шууд дамжуулалтанд олон жил ажилласан чадварлаг хамт олон бий. Манай ерөнхий инженер Н.Наранбаатар анх ТВ9 телевизээс гараагаа эхэлж 4 телевиз босголцож явсан туршлагатай. Чингис хаан гран при олон улсын тэмцээнийг гадны чадварлаг багтай хамтарч шууд дамжуулж явснаас гадна хамгийн сүүлд Sport box сувгийн захирлаар ажиллаж байсан. Ерөнхий найруулагч Ч.Дөлгөөн Sport box сувгийн ерөнхий найруулагчаар ажиллаж мөн л Чингис хаан гран пригээс эхлээд дотоод олон тэмцээнийг шууд дамжуулж байсан туршлагатай. Сүүлд Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг”, “ Next top model ” шоуны дүрсний найруулагчаар ажиллаж байлаа. Нэг ёсондоо шоуны аль хэсгийг зурагтаар гарахыг шийддэг байсан хүн гэхэд буруудахгүй. Үзэгчдийн сайн танил C1 телевизийн захирлаар олон жил ажилласан Б.Амаржаргал гэж мундаг туршлагатай продюсер бидэнтэй хамт ажиллаж буй. Телевиз талаас гадна, үндэсний бөх талаас мэргэшсэн О.Наранбаатар, Т.Түмэндэмбэрэл гээд бөх сонирхогчдын эчнээ танил залуус нэг баг болон ажиллаж байна. Тэгэхээр бид шинэ хүмүүс биш байгаа биз дээ (инээв ) 

- Үндэсний их баяр наадам 2 өдрийн контент. Цаашид танай телевиз ямар ажил төлөвлөж байна? 

- Энэ бол ердөө эхлэл юм. Бид үзэгчиддээ зориулаад маш олон сюрприз барих болно. Дотоодын тэмцээн уралдааны шууд дамжуулалтыг дэлхийн стандартад ойртуулахыг хүсч буй. Яг бид нартай адилхан түүхийг хэрэгжүүлсэн улс бол Япон юм. Тухайлбал 1950-иад онд сумо бөх хоцрогдсон, хөгжил нь зогссон, үзэгч багатай спорт байх үед NHK телевиз бүх маркетинг, бодлого, тэмцээний зохион байгуулалт, сурталчилгааг нь хийж өдий зэрэгт хүргэсэн байдаг. Манай телевизийн голлох хоёр контент болох Английн Премьер лиг, NBA нь телевизтэй байгуулсан гэрээний мөнгөн дүнгээс хамаарч А нглид гэхэд хамгийн сүүлд орсон баг ын шагналын сан 100 сая фунт стерлинг авч байгаа нь Хөлбөмбөгийн Дэлхийн аварга, Аваргуудын лигийн түрүү багаас хэд дахин илүү шагнал юм. NBA гэхэд телевизийн гэрээний орж ирэх мөнгөнөөс шалтгаалан цалингийн зайгаа 20 сая доллараар нэмж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр спортын салбар хөгжих амин сүнс нь телевиз гэдгийг хэлэх гэсэн юм. Ивээн тэтгэгч биш телевиз хамгийн том мөнгөн дүнтэй гэрээг байгуулж, гол хөрөнгө оруулагч нь болж байгаа юм. Бидний хувьд энэ боломжийг олж харсан учраас дотоодын шууд дамжуулалтыг илүү мэргэжлийн түвшинд хийхээр зориглон орж байна. Хөрөнгө оруулагчийн хувьд адилхан алсын хараатай байгаа нь том давуу тал болж буй. Спортын салбар контентэнд суурилснаар цаашдын орлого, брэндинг, далайц, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байна. 

-Тэгэхээр үндэсний бөхийн шинэчлэлд телевизийн үүрэг их байх нь ээ? 

- Дэлхийд хүссэн хүсээгүй ийм стандарт бий болчихсон учраас бид шинэ дугуй бүтээх биш олон жил туршаад батлагдсан үнэнээс суралцаад хэрэгжүүлж чадвал үндэсний спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж чадна. Үндэсний бөх монголын хамгийн их үзэгчтэй спорт буюу цаашдаа хөгжиж болох контент гэж харж байна. Монгол бөхчүүд маань full-time ажил хийгээд амьдралаа залгуулж явдаг мэргэжлийн спортын тамирчид шиг явж болно. Сумо бөхийг харахаар манайх яагаад сүмочид шиг бөхчүүддээ хангалттай цалин хангамж өгөөд, эргүүлээд спорт болон уламжлалын сайхан зүйлсээ стандарт болгоод хөгжүүлж болохгүй юу гэж боддог. Манайд бол боломж хангалттай бий. Бид нар шиг үндэсний тулааны спортын төрлөө ингэж он удаан жил хадгалж ирсэн ард түмэн олон байдаггүй. Одоо харин яаж спортын стандартад нийцүүлж хөгжүүлэх вэ гэдэг шатанд ирчихээд байна. Тэгэхгүй бол сонирхогчид буурч эхэлнэ. 

-Тэгэхээр өдөр нь үндэсний бөх, шөнө нь хөлбөмбөг гээд л яваад байгаа байх нь. Хөлбөмбөгийн асуулт асуухгүй байж чадахгүй нь. Үзэгчид ч хүсэж байгаа. Сүүлийн 4 багаас алийг нь түрүүлнэ гэж бодож байна? 

-Яах аргагүй сүүлийн нэг сар хэдхэн шөнийн нойртой явж байна. Гэхдээ ажилдаа дуртай болохоор ядрах нь гайгүй л байна даа. Миний хувьд Английн шигшээ багийн хөгжөөн дэмжигч. 1998 онд дэмжиж эхэлснээс хойш ийм өндөр амжилт үзүүлээгүй болохоор битүүхэндээ түрүүлчихээсэй гэж бодож байна. Гэхдээ Франц, Бельги, Хорват, Англи бүгд өөрсдийн гэсэн давуу талтай, онцлогтой багууд. Аль нь түрүүлэх магадлалтай учраас шууд тэр гэж хэлж чадахгүй нь. Ямарч байсан энэ удаагийн дэлхийн аварга томчуудад халтай, төсөөлөмгүй зүйлсээр дүүрэн сайхан тэмцээн болж байгаа гэдгийг хэлэх таатай байна. 

-Ярилцлагаа энэ хүргээд өндөрлөе. Үндэсний их баяр наадмаа шинэ өнгө төрхтэйгөөр монголчууддаа хүргэх их үйлст тань амжилт хүсье, спортын салбарт илүү олон сайхан зүйлс хийгээрэй. 

- Баярлалаа, та бүхэнд ч ажлын амжилт хүсье.